Шинэ жилийн дундаж үнэтэй бэлгэнд хэдий хэмжээний элсэн чихэр агуулагддагийг сонсоод та гайхах нь дамжиггүй. Бид хэзээ ч хүүхдэдээ хоёр стакан элсэн чихэр “Май үүнийг ид” гээд шууд өгөхгүй. Тэгвэл 8000-8500 төгрөгийн үнэ бүхий бэлгэн доторх амттануудын элсэн чихрийн агууламжийг тооцоод үзэхэд 412 грамм буюу ийм хэмжээний дүн гарч буйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн анхаарууллаа.
Тодруулбал, 750 мл олон жимстийн жүүсэнд 82 грамм, 130 грамм “Эм энд эм” шоколадтай үрлэнд 85, 274 грамм “Орио” хавчуургатай жигнэмэгт 112, 100 грамм “Харибо” резинэн чихэрт 91, 50 грамм “Киндер” шоколаданд 26, 35 грамм хөөсөн чихэрт 16 грамм элсэн чихэр агуулагддаг байна. Үүн дээр хүүхдүүдийн бэлгийн орцонд хамгийн элбэг байдаг бохь, иштэй чихэр зэргийг нэмбэл элсэн чихрийн агууламж бүр ч илүү нэмэгдэх нь.
Насанд хүрсэн хүний нэг өдрийн элсэн чихрийн хэрэглээ 25 грамм байх ёстой аж. Гэтэл бидний хүүхдүүддээ авч өгдөг наад захын бэлгэнд ийм их хэмжээний элсэн чихэр агуулагддаг гэхээр манайхан багачуудаа баярлуулах гээд харин ч эсрэгээрээ “хорлодог” гэлтэй. Тиймээс хүүхдүүддээ юу бэлэглэхээ бодож байж сонгох хэрэгтэйг эцэг, эхчүүдэд зөвлөхөд илүүдэхгүй болов уу.