Цонхтой цагаараа хаачдаг вэ гэж үү? Өлссөн оюутнууд нэгэн зүг рүү алхаад марш болцгооно. Энэ бол манай сургуулийн ард байрладаг Этүгэний гуанз. Холгүйхэн орших тэр гуанзанд ороход цагаан халаадтангууд угтан мэндчилнэ. Хэзээд пиг дүүрэн байх тэр гуанзанд оюутан бүрийн тавганд бондгор бондгор, томоос том, өндөг шиг хэлбэртэй пирошки байна. Энэ пирошкины амтанд орсон найзууд маань аль хэдийн захиалаад идэж байгаа харагдана. Би ч мөн нэгийг захиалангаа ярилцлагаа авчих санаатай удаан дугаарлаж зогссоны эцэст нүдэнд дулаахан худалдагч эгчтэй нүүр тулав. Тэр эгч өдөр бүр л зогсдог. Бодвол ээлжийн ажилтангүй биз. Энгийн мөртлөө их л элгэмсэг үйлчилнэ. Тэгсэн мөртлөө нэг их хичээгээгүй байгаагаараа л сайхан хүн. Даанч ярилцах цаг үгүй юм. Ард дугаарлах зөндөө хүн байхад надтай ярилцах цаг яаж гарах билээ. Харин задгай мөнгөгүй байгааг нь мэдээд бүхэл мөнгийг нь бутархай мөнгөөр сольж өгч туслах боломж гарлаа. Тэгээд л завтай болтол нь хүлээх зуураа судалгаа хийхээр шийдлээ. Гэвч суух ширээ ч олдохгүй л дээ. Гайхах зүйл юу байхав. Угаасаа зарим нь багтахгүй хоолоо боолгоод гарч байхад.
Би шаргал үстэй охины дэргэд нэг суудал гарахад зөвшөөрөл аваад дэргэд нь суув. Гэмгүй яриа өрнүүлэх зуураа хаанахын оюутан болохыг асуухад МУИС-ийн V-д сурдаг. Энд найзуудтайгаа ирэх дуртай. Манай гуанз хаагдчихсан тэгээд ойр хавьд байдаг газруудаас хамгийн боломжийн үнэтэй аятайхан газар даа гэв. (манай МУИС-ийн II гуанз ч бас хаагдсан гэдгийг бодож байлаа). Миний судалгаагаар тэр гуанзанд байсан 10 хүний 4 нь л тус сургуулийн оюутан байгаа юм.
Хүлээж тэсэлгүй би цэвэрлэгч эгчийн ажилд нь туслангаа хэдэн асуулт асуугаад авахаар шийдэв. Таваг хураалцах зуураа "Эгчээ та бүхний хийсэн хоол их амттай юмаа гэж олон хүн хэлж байсан байхдаа" гэхэд дуугүй л инээмсэглэн ажлаа хийнэ. Олон оюутнууд МУИС, МУБИС, ШУТИС, Хүмүүнлэгээс зорин зорин танайд ирдэг юм байна. Би тэдгээр оюутнуудын төлөөлөл болон та нарт талархсанаа илэрхийлье. Арын ажилчиндаа заавал дамжуулаарай гэхэд заавал дамжуулна аа гээд нүүр дүүрэн инээмсэглэж байгааг харах таатай байлаа. Тэд ардаа долуулаа ажилладаг гэнэ. Өглөө 7-н цагаас орой сургууль тарах хүртэл. Өдөрт хэдэн пирошки гаргадаг вэ гэж асуулаа. Тэд пирошкиныхоо тоог гаргах завгүй оюутнууддаа үйлчилдэг бололтой "өмнө нь ерөөсөө тоолж байгаагүй" гэнэ. Манай пирошки бага зэргийн кетчуптэй хольж идвэл амттай байдаг болоод ч тэр үү гучхан минут болоод л бүтэн кетчуп дууссан байдаг шүү. Ер нь барагцаалбал 30 минутад 40 пирошки зарагддаг гэж үзвэл өдөрт дунджаар 1000 шахам пирошки зарагддаг бололтой. Би дахин баярласнаа илэрхийлээд гарлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй амжилт хүсье гэх үдэлтийн үгийг сонсоод гарах зуураа бодлоо. Хүний сэтгэлээс гарсан зүйл хүний сэтгэлд хүрдэг гэдэг. Тэд хүмүүст үйлчилж байхдаа сэтгэл гэдэг амтлагчийг марталгүй хийсэн байлгүй.
Оюутан цагийн тэмдэглэлээс хүргэлээ.