"Хог" гэдэг гурван үсгээс бүрдсэн эд бидний хөл доор л хаягдах заяатай бус баялаг юм шүү гэдгийг харуулж чадсан сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгээр саатлаа.
Мэргэжлийн хяналтын газрын өрөөнд ороход өнгө өнгөөр алагласан хүүхдийн ер бусын ертөнцөд ороод ирчихсэн юм шиг санагдана. Онгоц, завь, байшин, хувцас, цэцэг, тоглоом гээд энд ер нь байхгүй юм гэж алга. Бүтээлүүдийг нь хоорондоо уялдаатай байхаар зохиомжлоод тавьчихвал Цэцэгхэн хотхон, чихрэн хот гэдэг шиг хүүхдийн хүсэл мөрөөдлийн хотхонд ороод ирчихсэн ч юм шиг. Бэлгийн нүдгүй хүн харвал угтаа бол хогоор дүүрсэн өрөө л байгаа юм л даа.
Энд цагийг л гэхэд урлахдаа ханын цаг, бугуйн цаг, элсэн цаг шиг зохиомжтой шүрэн цаг гээд олон төрлөөр бүтээсэн бол хөвгүүдийн дуртай 10 орчим чингэлэгтэй вагон, 200 кг-ийн даацтай завь, сэнс нь эргэх нисдэг тэрэг гээд нүд баясаж сэтгэл сэргэмээр бүтээлүүд эгнүүлэн өрсөн байлаа.
Цааш явж үзвэл Минион хотхон, барбины өрөө шиг бяцхан байшин, бөглөөгөөр л хийсэн байшин, зайрмагны ишээр хийсэн гэрлийн чийдэн гээд л хүүхдүүд энийг хийсэн юм уу гэж гайхмаар. Хүүхэд өөрийнхөө ертөнцдөө ийм чөлөөтэй сэтгэдэг аж. Бүтээл бүр онцгой бас үнэтэй байсан. Үнэндээ байр эзлүүлж онцгойг нь сонгох л хамгийн хэцүү ажил байсан байх. Гэвч жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэг. Нэгдүгээр байранд Монгени цогцолбор сургуулийн 5д ангийн сурагч Билгүүтэйн хийсэн галт тэрэг шалгарсан юм. Тэр бүтээлээ танилцуулахдаа
Галт тэргээ би дүү нартаа зориулж хийсэн. Би хоёр дүүтэй. Галт тэргээр минь тоглонгоо чингэлэг дотор хийсэн сампингаар тоо бодож, өнгө ялган хийх тоглоомоор тоглож болно. Тоглох явцдаа хүүхдийн сэтгэхүйг шаардана гэсэн үг л дээ. Миний галт тэрэг арав орчим чингэлэгтэй. Овор ихтэй болохоор нь дөрвийг нь л авчирсан нь энэ. Би галт тэргэндээ зориулаад гүүртэй болмоор байгаа. Галт тэргээ сургууль дээрээ, технологийн багшийнхаа өрөөнд тавих гэж байгаадаа баяртай байна. Бас үеийнхэн маань их бэлэнчлэх сэтгэлгээтэй болж гар утсаараа тоглож л өдрийг өнгөрөөдөг юм шиг санагддаг. Үеийнхэндээ ч бас бүтээл хийхийг уриалж байна гэв.
Хоёрдугаар байранд орсон хоёр бүтээл бол бас л сонирхолтой. Зайрмагны ишийг ашиглан гэрлийн чийдэн урласан байгаа юм. Үүнийгээ хийхдээ гурав дөрөв хоногт л ангиараа нийлж өдөр шөнөгүй сууж бүтээсэн нь их загварлаг бас амьдрал дээр ашиглахад ойр бүтээл болсон байв. Анги хамт олонд нь гэрэл гэгээ бэлэглэсэн бүтээл биз. Тэмцээний утга учир ч энд байж болох юм.
Хоёрдугаар байранд шалгарсан хоёр дахь бүтээл 48-р сургуулийн 9г ангийн сурагч Наранжаргалын Мод бүтээл. Тэрээр сургуулийн сурагчдын л хаягдал мөн дөө гэмээр дуусах дөхсөн харандаа, халцарсан хичээлийн хэрэгсэл юу л байна жижиг сажиг зүйлсийг нэгтгэсээр ойртоод харах тусам нарийн нандин зүйл нь тодрох бүтээл хийсэн байв.
Энд байр эзлээгүй миний дурдаагүй ч олон гайхалтай бүтээл байсан гэдгийг амлаж хэлэх байна. Бүтээл бүрийг дурдахыг хүсэвч цаг хүрэхгүйн дээр ийм зүйлийг бичихээс илүү харвал илүү бодитой мэдрэх нь лавтай гэж үзээд зургаас үзэхийг санал болгоё. Хогон хотхоноор зочлоод гарахдаа төрсөн сэтгэгдэл гэвэл "би ч бас хогчин болмоор байна".