Шинэхэн сэтгүүлч намайг сэрж, мэдрэг гэснийх байх урлагт дурлагчдын учирдаг газар УДБЭТ-т болох "Masterpiece Art and Classic concert"-ын урилга өгсөн юм.
Хоёр гуравхан удаа л балет, дуурь үзэж байсан надад дан хөгжмийн тоглолт үзсэн нь анхных бөгөөд хорвоотой танилцаж байгаа аятай сониучирхах зүйл олон байлаа.
Харваас боловсролтой байрын цэмцгэр үзэгчид улаан хивсэн дээр улаан дарс шимэнгээ уран зураг үзэж удахгүй эхлэх концертын талаар "Хөгжим бүжгийн сургуулийн 80 жилийн ойд зориулан тоглож буй юм байна. Багш, оюутан, сурагчид нийлсэн 400 уран бүтээлч жилийн өмнөөс бэлдсэн юм байх" хэмээн хөөрөлдөнө.
Үнэ өртгийг үл тоон, сонгодог бүтээлийг сонирхон ирдэг үзэгчидтэй болоод ч тэр үү үзэгчдийн танхимын үүдэнд нь зарагдах нүүрний иж бүрдэл тосыг 800 мянган төгрөгөөр санал болгож байх юм. Ивээн тэтгэгчдийн бүтээгдэхүүн бололтой.
Тоглолтын цаг болж танхим руу ороход эх орондоо бус өөр цаг үе, өөр оронд ирчихсэн, тэр нь яагаад ч юм дундад зууны үеийн Францад байна уу гэлтэй. Сонгодог хөгжим сонсож, соёлтой хүмүүсийн дунд ороод ирэхээр суудал дээрээ хүртэл цомцойж суумаар санагдах юм билээ. Хүмүүний тархи гэдэг хамгийн том, хамгийн үзүүштэй театр байдаг гэдэг. Нүдээ анин, сэтгэлдээ төсөөлөх төсөөлөл минь илүү бодитой зураглалтай болох шиг. Танхимд харанхуй байсан ч тэмдэглэлийн дэвтрээ хэд хэд тэмтрэхэд хүрэв. Өөрөө ч ойлгохгүй эрээчсэн байснаа (Хэрвээ би Пэлайн байсан бол гүн цэнхэр нүдээрээ удаан ширтэх байсан байх) маргааш нь хараад гайхахад хүрлээ.
"Бүх юм угтаа хов хоосон. Хоосон байгаа нь өөрөө хамгийн их утга учиртай" гэж хаана ч билээ уншиж байсан санаанд бууна. Хэний яг ямар бүтээл үзээд байгаагаа сайн ойлгоогүй байж магадгүй ч, юу мэдэрч байгааг минь бусад хүмүүс ч бас ойлгохгүй гэж бодоход инээд хүрэх шиг.
Угтаа тоглолтод Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович нарын Дэлхийн алдарт хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүдийг консерваторын залуу уран бүтээлчид толилуулсан юм билээ. Долоохон настай багачууд хүртэл байх энэ тоглолтод нөр их хөдөлмөр шингээж, удаан бэлдсэн нь ойлгомжтой.
Завсарлага болсон хэдий ч гаралгүй, мэдрэмжээ хадгалахыг хичээн суухдаа орчноо дахин дахин тойруулж харан суулаа.
Тайзан дээр энэхүү үдшийг UB Art gallery-н зургуудаараа онцгой болгож чадсан тус тоглолтын продюсер Шантел /Ж.Чаминчимэг/ гарч ирэн мэндчилэв. Тэрээр "Уран зураг, сонгодог хөгжим хоёр хослох нь жинхэнэ гоо зүйг мэдрүүлэх болно" Урлагт дурласан нэгэн азтай эрхэмд мандаж буй нарыг дүрсэлсэн уран зургийг бэлэглэхээр шийдсэнээ мэдэгдээд аравдугаар сарын 11-ний өдөр тоглогдсон тул тухайн сар өдрөөр буюу аравдугаар эгнээний 11-р суудалд суусан үзэгчийг тайзнаа урив. Тэрхүү азтан бол консерваторын дуулаачийн тэнхимийн эрхлэгч Ч.Чинзориг байсан бөгөөд азтан болсондоо итгэж ядан баярлаж байсан юм. Тэрээр азтан болохоосоо өмнө төгөлдөр хуурч С.Одгэрэл, Номингуа, Цацрал, Б.Ариунаа ба симфони найрал цөөхүүл хөгжимчдийн тоглолтын дундуур "Браво, Браво" гэж учиргүй бахдан орилж байсан эрхэм байсныг сүүлд саналаа.
Энэ үдэш биднийг баясгасан уран бүтээлчид болбоос В.Монте “Чардаш” ХБКоллежийн 7-р ангийн сурагч Э.Эмүжин, төгөлдөр хуурч Н.Ганчимэг, дуучин Болдцэрэн, А.Вивальди “Хийл хөгжимд зориулсан концерт” “Зун” Цөөхүүл симфони найрал хөгжим, гоцлооч Ц.Төгөлдөр, удирдаач МУУГЗ Ч.Чинбат, Ф.Шопен “Баллада” Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ, ДБЭТ-ын гоцлол дуучин н.Энхнаран, Д.Шостакович “Романс”, А.Хачатурян “Гаянэ” балетын “Сэлэмт бүжиг”, МУКонсерваторийн "Хийлийн чуулга" төгөлдөр хуурч Н.Ганчимэг, гоцлол дуучин Отгонболд, Батсуррь, Сүхтулга, ХБКоллежийн хүүдийн найрал дуу, СУКонсерваторийн оюутны найрал дуу. удирдаач Д.Нандинцэцэг, төгөлдөр хуурч Т. Булган, О. Лхагвасүрэн, цохиврын чуулга Л. Минкус. Дон Кихот балет Па де де-ийг гоцлол бүжигчин Анужин, Саруул, Эрдэнэболд, морин хийлч Д.Амармэнд нар хамт байсныг хожим хөтөлбөрөөс зорин зорин харж авсан билээ. Дараа ийм хөгжмийн тансаг концерт үзэх бол хөтөлбөртэй нь заавал урьдчилан танилцаад очих болно. "Master piece" тоглолт үнэхээр тансаг байлаа.