Жүжигчин Э.Тодгэрэлийг “ТАНИЛЦ”-уулах гэж байна. “Сити” дээд сургуулийг төгсөн, найруулагч Б.Жаргалсайханы “Бид гурвын болзоо”, А.Чингүний “Намайг хайрла”, Төрийн шагналт Н.Наранбаатарын “Нүдээ аниад төсөөл” кинонд тоглож олны танил болсон Э.Тодгэрэл УДЭТ-ын босгыг даваад хэдийнэ гурван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэрбээр энэ богинохон хугацаанд тус театрын тайзнаа Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийн Мамбрето, У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрийг чадварлаг бүтээгээд буй. Э.Тодгэрэл өнгөрсөн 2015 онд “Гэгээн Муза”, ОХУ-д зохион байгуулдаг “Алтан сэргэ” олон улсын театрын наадмын шилдэг жүжигчнээр шалгарсан юм.
- Э.Тодгэрэл 1990 оны дөрөвдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төржээ. Айлын ганц хүү. Дөрвөн эгчтэй. Тэрбээр “Гэр бүлээ гарын таван хуруугаар зүйрлэвэл би чигчий хуруу” гэсэн. Хэдийгээр айлын отгон бөгөөд ганц хүү ч гэлээ эрх байгаагүй гэнэ.
- Түүний ээж эдийн засагч, шүүгч мэргэжилтэй. Түүний нагац ах нь Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд кларнет тоглодог, уран зураач, уран барималч Ганболд гэж хүн байдаг аж. Тэрбээр хоёр настай жаахан хүүхэд байхдаа зурагтаар гарсан дууны хэмнэлийг дагуулан хөлөөрөө товшдог байжээ. Түүнийг нь анхаарсан нагац ах нь “Энэ хөгжмийн хүн болох нь. Сонсгол нь сайн байна. Урлагийн замаар явуул” гэж ээжид нь хэлсэн гэдэг.
- Цэцэрлэгт байхаасаа л “Солонго”, “Шувуухай”, “Одод болохын хүслэн”, “Жиргээ” зэрэг урлагийн уралдаанд оролцдог байжээ. Мөн Монголын хүүхдийн ордны дуулаачийн болон драмын дугуйланд суралцаж, “Эрдэм” алтан медаль, “Авьяас” алтан медаль хүртэж байв.
- Мюзикл буюу хөгжимт жүжгийн анги төгссөн болохоор тэрбээр сонгодог бүжиг, олон ардын бүжиг, монгол ардын бүжиг зэргийг судалдаг байжээ. Оюутан байх хугацаандаа дуу хоолойны дасгал, дуулах ур зүйн хичээл ч үздэг байж.
- Тэрбээр УДЭТ-ын босгыг 2013 онд алхаж, орсон даруйдаа Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарын санаачилгаар хэрэгжүүлсэн бэсрэг жүжгийн төслийн хүрээнд үзэгчдэд хүргэсэн Дарио Фогийн зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн бүтээл “Чөлөөт хос” жүжгийн Мамбрето хэмээх 40 эргэм насны залуугийн дүрд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тэрбээр эл дүрийнхээ талаар “Миний тоглосон дүр бодит амьдрал дээр надаас нэлээд хол. Жишээлбэл, гэр бүлийн амьдрал зохиосон атлаа нууц амрагийн асуудлыг хөхүүлэн дэмждэг, 20 гаруй настай хүүтэй, амьдрал нь боловсорчихсон хүний дүр л дээ. Би найруулагчаас “Насны зөрүү харагдах болов уу, надаас нэлээд хол юм” гэж асуухад найруулагч “Би энэ дүр дээр чамайг л тоглоно гэж харсан. Тиймээс айгаад хэрэггүй, чи чадна” гэсэн. Энэ хэдхэн үгэнд их урамшсан даа. Хүн гэдэг ер нь урмаар тэтгэгддэг амьтан шүү дээ” хэмээсэн юм.
- Түүнийг үзэгчдэд хамгийн их таниулсан дүр бол найруулагч Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдэд хүргэсэн У.Шекспирын “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио. Тэрбээр “Дэлхийн олон оронд тайз болон дэлгэцийн бүтээл болон амилсан энэхүү уран бүтээлд тоглох нь нэр төрийн хэрэг. Жаахан хүү байхдаа алдарт Леонардо Ди Каприогийн тоглосон “Ромео, Жульетта” уран сайхны киног үзэж байлаа. Меркуциогийн дүр нь аль хэдийнэ амилчихсан, Меркуцио ийм байх ёстой гэсэн загвар тогтсон гэж хэлж болно. Надад үүнийг эвдэх эрх байхгүй шүү дээ. Меркуцио бол чин шударга, үнэнч дайчин эрэлхэг зоригтой, биет юмаар зүйрлэвэл иртэй шөвөг, хутга, мэс, хурдан сум, ирвэс шиг хүн. Найруулагч маань “Ромео, Жульетта”-г тавих гэж байгаа, жүжгээ уншаарай гэлээ. Мэдээж би өөрийгөө хэзээ ч Ромеод тоглохгүй гэдгээ мэдэж байсан. Над шиг Ромео ч гэж юу байх вэ. Харин Тибальтад тоглох болов уу гэж бодож байв. Найруулагч дүр хуваарилж, хүмүүсийн нэрийг эхнээс нь дуудаж, тоглох дүрийг нь зарлалаа. Хамгийн сүүлд нь Меркуциод Э.Тодгэрэл гэсэн. Тэгэхэд л загатнасан газар маажсан мэт огшоод явчихсан” хэмээсэн юм.
- УДЭТ-т “Ромео, Жульетта жүжгийг 1968, 1996, 2015 онд шинэчлэн тавьсан байдаг. 1968 онд Меркуциод Ардын жүжигчин А.Очирбат, 1996 онд Меркуциод “X ТҮЦ” Н.Онон, Ш.Доржсүрэн нар тоглож байв. Тус жүжгийг тоглосны дараа үзэгчдээс “1996 онд эл жүжгийг тоглох үед хүмүүс Тибальтын дүрийг онцгойлдог байв. Харин энэ удаа Меркуцио тодорчээ” гэсэн урмын үгсийг түүнд илгээжээ.
- Тэрбээр “Хүмүүс намайг “Ширүүн дориун царайтай, харилцахад бэрх, их зантай ч мэт харагддаг” гэдэг. Тэгээд уулзаж ярилцсаныхаа дараа “Хөгжилтэй залуу байсан байна шүү дээ” гэдэг юм. Гаднах төрхөөс болдог ч юм уу, эсрэг дүрийн саналууд их ирдэг юм” хэмээв.
- Э.Тодгэрэл “Broadway” театрын мюзиклд тоглох нь миний хамгийн том мөрөөдөл. Уран бүтээлч хүн хүзүүгээ давсан зорилготой байж л түүнийхээ цаана дөнгөн данган гардаг гэдэг. Би мөрөөдөл биелдэг гэдэгт итгэдэг хүн шүү. Миний мөрөөдөл биелнэ гэдэгт би итгэлтэй байна” хэмээн мөрөөдлөө уудалсан удаатай. Түүнчлэн дэлхийн утга зохиолын ноён оргил “Гамлет”, “Лир ван”-д тоглох сон гэж мөрөөддөг аж.
- Тэрбээр 2015 онд “Гэгээн Муза” театрын наадмаас шилдэг залуу жүжигчин номинацад шалгарч, 2016 онд шилдэг эрэгтэй туслах дүрийн төрөлд өрсөлдсөн юм.
- Э.Тодгэрэл дуулах, жүжиглэхээс гадна шүлэг бичих сонирхолтой. Энэ тухайгаа “Ирээдүйд шүлгийн түүврээ хэвлүүлчихэж магадгүй л байх. Надад өврийн жижиг дэвтэр бий. Зохиосон 50 орчим шүлэгтэй” хэмээсэн юм.
- Тэрбээр гэр бүл төлөвлөлтийн талаар “Гэр бүл гэдэг хүний амьдралын салшгүй чухал хэсэг. Хүн бат, тогтвортой гэр бүлтэй байж гэмээнэ ажилдаа амжилт гаргана. Нийгэмд эзлэх байр суурь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг тэр бүх зүйлийн үндэс нь гэр бүл гэж би ойлгодог. Аз жаргалын үндэс нь гэр бүл. Би одоо л хамтын амьдрал эхлүүлэх гэж байна” хэмээв.
- Тэрбээр аливаа зүйлд чин сэтгэлээсээ, туйлбартай хандахыг зарчим болгодог.
- Э.Тодгэрэл цахим ертөнц, сошиал хуудсуудын талаар “Манайхан аливаад хэт их туйлшрах юм. Жаахан тэнэг үйлдэл хийснийх нь төлөө тэр мэдээллийг нь олонд түгээж, нийгэм даяараа хөхүүлэн дэмжээд, тэрийгээ сошиалын “од” болгож тэнгэрт гялалзуулаад л. Тэгтэл бор зүрхээрээ зүтгэж яваа театрын уран бүтээлийг түүнээс доогуур үнэлдэг. Хөдөлмөрлөж яваа залуусыг гаргаж ирэхгүй хэнд ч хэрэггүй зүйл ярьсан нэгнийг сурталчилж байгаад би эмзэглэдэг. Энэ зүйл дээр цензур тавьж, цэг тавих цаг болсон. Аав, ээж, анд найз, амраг хоёрын дунд амьд харилцаа байхаа болиод байна” хэмээсэн. Тэрбээр цахим хуудсыг зөвхөн шаардлагатай тохиолдолд, зөв мэдээлэл авах, түгээхэд л ашиглах нь зөв гэж үздэг. https://www.facebook.com/profile.php?id=100017984292925 фэйсбүүк хуудсаа идэвхтэй хөтөлдөг.
- Тэрбээр биеийн хүчний дасгалаас илүү хөдөлгөөнөөр биеэ уян хатан байлгах гэж хичээдэг.
- Э.Тодгэрэл мотоцикл унах дуртай. Мөн цанаар гулгах хообийтой. Бөмбөгтэй спортод сонирхолгүй мөртлөө эрсдэлтэй зүйлсэд их татагддаг аж.
- УДЭТ-т хамт шалгуулж, тэнцсэн жүжигчин Б.Шинэбаяр, Б.Золжаргал нарын “Драмын 3” хамтлаг байгуулаад амжсан. Тэд тун удахгүй анхны цомгоо гаргахаар төлөвлөжээ.