"Эновстайл” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувийн стилист О.Энэрэл.
Тэрээр дэлхийн 65 оронд 400 гаруй салбартай Английн Karen Millen, Лондон, Парис болон Нью-Йорк-д 130 бүтик дэлгүүртэй L.K.Bennett брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлж дэлхийн загварын чиг хандлагыг Монголын хэрэглэгчиддээ сурталчилах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг эрхэлдэг.
Хувь хүний cтиль, имижийг бүрдүүлэх чиглэлээр ганцаарчилсан болон танхимын сургалтыг 2014 оноос амжилттай явуулж ирсэн туршлагатай бүсгүй юм.
2007 онд Лондонгийн Regent их сургуулийн маркетинг менежментийн чиглэлээр сурахын зэрэгцээ сургуулийнхаа харьяа хувцас загварын сургалтад хамрагдаж, PERSONAL STYLIST болон FASHION MAGAZINE чиглэлээр давхар мэргэжил эзэмшсэн юм байна.
Түүний хувьд олон эмэгтэйчүүдэд өөрийнхөө хэв маяг, донжийг олоход нь тусалж, хамгийн сайн, сайхан зүйлсийг мэдрүүлж, өөртөө итгэлтэй, ямар ч нөхцөлд сайхан харагдаж, өөрийгөө цоо шинээр илэрхийлэхэд нь туслах юмсан гэж боддог. Тийм учраас хувь хүний cтиль, имижийг бүрдүүлэх чиглэлээр зөвлөгөө, сургалтыг амжилттай явуулж ирсэн.
Юуны түрүүнд өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн бүр өөр шүүдээ. Бид хэзээ ч хэн нэгэнтэй усны дусал мэт ижил байдаггүй. Та өөрөөрөө байж, өөрт байгаа онцгой шинжүүдээ хувцасаар дамжуулан тодруулж байж жинхэнэ хувь хүний хэв маяг гарч ирдэг. Зөвхөн үнэтэй хувцасаар дагнан хувцаслах бус харин өөрийнхөө хувь хүнийг тодотгосон хэв маягийг бүрдүүлж, итгэл төгс харагдах нь чухал гэнэ.
L.K.Bennett брендийн түүх
L.K.Bennett брэнд нь анх 1990 онд үүсгэн байгуулагдаж, 1996 онд Лондонгийн Кингст дэлгүүрээ нээж байжээ. Тэд Лондонгийн Шордич гудамд загваруудаа бүтээдэг ба хувцас бүрт өвөрмөц, содон онцлогийг тусган дахин давтагдашгүй хийцээрээ хэнийг ч дэгжин харагдуулж чаддаг.
Хаа ч үзэсгэлэнтэй гэх тодотголтой L.K.Bennett анх худалдаанд гарсан цагаасаа хойш Английн язгууртан гэр бүл болон олны танил эрхмүүдийн гангараа болсоор ирсэн юм. Тухайлбал, тэдний урласан хувцсыг 2004 онд Корнуэллийн гүнгийн авхай хуримандаа өмссөн байдаг. Мөн Кэмбриджийн гүнгийн авхай Кейт Мидделтон өдөр тутамдаа болон баяр ёслолд өөрийн онцгой хэв маягийг бүрдүүлж L.K.Bennett -ийг сонгон хэрэглэдэг.