“Адгийн муу өвгөн бид хоёрт өвчнөө эдгээгээд ир гэж Ю.Цэдэнбал дарга 1959 онд гурван мянган төгрөг цохож Сочи руу явуулж байсан юм. Төрийн өмнө манай хүний байгуулсан гавьяа гэж сүрхий юм байгаагүй. Өвгөн минь Рабфакийн анхдагч оюутнуудын нэг, Улсын багшийн дээд сургуулийн Сурганы тэнхимийг байгуулалцсан л хүн. Осолд орж нуруу, нугасаа хүнд бэртээж, ажил хийх аргагүй боллоо, эмчилгээний зардлын туслалцаа хүсч байна” гэсэн өргөдөл өгөхөд тэр нь шат дараалан явсаар буурал даргад хүрсэн юм билээ.
Эцэст нь улсын дэмжлэг гэж бидэнд тийм хэмжээний мөнгө өгч байлаа. Гэтэл одоо яаж байна. Хийсэн бүтээсэн нь төр, түмнийх болсон хэдэн сайхан уран бүтээлчид энэ төр, засаг эмчлүүл гэж мөнгө өгөхгүй байгаа юм биш үү. Ядаж хөгжмийн зохиолч Б.Шаравт туслахад яадаг юм. Төрийн ордондоо залж, Чингисийн одон зүүж өгөөд, энэ төрийн хамгийн хүндтэй хүн гэж өргөмжлөө биз дээ. Тэгсэн мөртлөө өвдөөд хэвтэхэд нь нүүр буруулдаг төр гэж байдаг юм уу. Ерөнхийлөгчийн Тамгын газарт очиж хэлэх үү. Ядаж л ”Монгол комент”-д хэлдэг юм бил үү” гэж 80 гарсан буурай Д.Цэрэндулам бухимдлаа барьж ядан хангинав. Загатнасан газар маажих шиг болов.
Өнгөрсөн хавраас эхлээд урлагийн хэд хэдэн алдартан хорт хавдраар өвдөж яахаа мэдэхгүй барьц алдахад гэр бүлийнхэн, найз нөхөд нь олон түмэнд хандаж дэмжлэг тусламж эрсэн. Хийсэн бүтээснийг нь хүртэж, таашааж, огшиж омогшин, эрч хүч, урам зориг авч байдаг олон нийт тал талаас нэгэн дуугаар босох мэт харьцангуй богино хугацаанд хуримтлал үүсгэж уран бүтээлчдийн мэс засал, түүний дараах эмчилгээний зардалд тус нэмэр болов.
Зардал өндөр, цугласан нь тийм ч их биш болохоор бусдыг нь өвчтөний гэр бүлийнхэн, ах дүү нар зохицуулсаар байгаа билээ. Зохицуулж гэдэг үгийн цаана зээл, өр буй.
УДБЭТ-ын удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү БНСУ-д өнгөрсөн сарын 22, 28-нд мэс засал хийлгэв. Гэргийтэй нь холбогдож биеийн байдлыг нь асуухад “Гайгүй болох байх гэж найдаж сууна” гэсэн юм. Мэс засал болон эмчилгээний зардлын талаар асуухад “Манай Дуурийн театр, урлагийн бусад байгууллагынхан, ах дүү нар, найз нөхдийн хандивласан мөнгө их нэмэр боллоо. Эмчилгээний зардлыг байр сууц болон барьцаалж болох бүхнээ тавьж, зээл авч шийдэж байна. Тэр яах вэ, амьд л байвал боллоо” гэв. Төрөөс, яамнаас ямар нэг дэмжлэг, анхаарал байгаа, эсэхийг асуухад “Байхгүй ээ” гэсэн юм.
Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын мэс засал, түүний дараах эмчилгээний зардалд төрөөс, яамнаас нэмэр хандив олгосон, эсэх талаарх мэдээлэл байхгүй байгаа. Эрүүл саруул байхад нь Төрийн ордонд Чингис хааны одон гардуулж дуулиан шуугиан болгож байсан шигээ өвдөөд хэвтэхэд түргэн шуурхай санаа тавьж, эргэж тойрч, зардал мөнгөнд нь нэмэр болсонгүй. Түүнд бизнесийн байгууллагынхан тусалсан.
“Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болоод байх үед нь тус болохгүй юм бол энэ уран бүтээлч монгол төрийн өндөр дээд Чингис хааны одонт байхын утга юу юм бэ. Хэрвээ хөрөнгө мөнгө шийдэж өгсөн бол энэ тухайгаа, нэрт хөгжмийн зохиолчийн эрүүл мэндийн талаар өдөр шөнөгүй асууж сураглаж байдаг олон нийтэд яагаад мэдээлдэггүй юм бэ.
Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, ардын богино дууны мастер, Гавьяат жүжигчин Ш.Даваахүү цусны хорт хавдраар арваад жил шаналж байна. Өнгөрсөн сарын эхээр яаралтай орох шинэ мэс засал, эмчилгээний зардалд нэмэрлэхээр уран бүтээлийн тоглолт хийсэн юм. Сэтгэлийн хат, өөдрөг үзлийн хүчээр өнөө болтол өөрийгөө авч яваа үлгэр жишээ хүн.
Үндэсний урлаг, өв соёлын чухал хэсэг болсон ардын богино дууг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн сургах чиглэлд өөрийгөө зориулж явдаг үндэстний бахархал болсон эмэгтэй. Дуучин Монголын нэрийн өмнөөс монгол хүн ардын богино дуугаа дуулахдаа л үзүүлж чадах цохилготой уран техникээ гайхуулж улаа эргэтэл явсан. Өвчтэй байгаа арваад жилд нь Монгол Улсын Гавьяат жүжигчин түүний амар мэндийг “Төр гуай” нэг удаа эрсэн үү. Санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлээгүй гэж ойр дотныхон нь хэлж байсан. Харин саяхан тоглолтоо хийхэд нь Үндэсний урлагийн их театр танхимын түрээсийн мөнгө аваагүй юм билээ. Тэвдэж явахад нь тэмээгээр тусалсанд талархана. Одоо Ш.Даваахүү гавьяат уран бүтээлч нөхдийнхөө дэмжлэгээр хийсэн тоглолтоос олсон багахан мөнгөө бариад чухал нэгэн эрхтнээ солиулахаар арлын орныг зориод байна.
Улсын филармонийн симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр хүндээр өвдөж хөдөлмөрийн чадвараа зуун хувь алдаад гурван жил болох гэж байна. Ачаалал, орчны таагүй нөхцөл байдлаас үүдэн ажлынхаа талбарт, өөрөөр хэлбэл оркестрынхоо өмнө унаж эмнэлэгт хүргэгдсэнээс хойш олон сар жил зовж байна. Монгол Улсын симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулж, энэ улсын иргэдийг сонгодог хөгжимтэй танилцуулсан Ардын жүжигчин Ц.Намсрайжавын хүү, гэр бүлээрээ хөгжмийн урлагт хүчин зүтгэдэг эрхэм хүндэт маэстрод “Эмчлүүлээрэй,хурдан эдгээрэй” гээд төрөөс хэзээ хэдэн төгрөгийн тэтгэмж, дэмжлэг үзүүлсэн бол. Энэ тухай мэдээлэл мөн алга.
Жинхэнэ уран бүтээл гэдэг хорвоод хүн болж ирсэн хэн бүхний хийдэг, бардаг ажил биш. Байгалийн онцгой өгөгдөл авьяас заяасан, түүнийгээ хөгжүүлж, олон шатны сургуулиар өөрийгөө боловсруулсан, энэ хооронд цаг зав, эрүүл мэнд, зарим талаар гэр бүл, амьдралаа ч зольж, гагцхүү уран бүтээлд тархи, зүрхээ тушаасан, үүнийхээ төлөө зэмлүүлж, адлуулж байсан ч гудайдаггүй тийм хүмүүсийн ажил байдаг. Тэдний хэмжээлшгүй орон зайт оюун, сэтгэлгээнээс бий болсон бүтээл туурвилыг олон түмэн хүртэж сэтгэлийн таашаал, эрч хүч авч байдаг билээ. Уран бүтээлчид улсын сургуульд суралцаж мэргэжил эзэмшдэг. Зарим нь төрийн хөрөнгөөр гадаадад дээд сургуульд суралцаж уран бүтээлчид болдог. Гэхдээ төгссөн болгон шилдэг туурвигчид, бүтээгчид бас болдоггүй. Мөн л шидтэй нь ялгарч товойдог бөлгөө.
Тэр хүмүүсийн бүтээлүүдийг төр засаг улс орноо гадаадад сурталчлах, соёлоор харилцах, харилцан хамтын ажиллагаа эхлүүлэх, өрнүүлэх зэрэг олон арга хэмжээндээ өмнөө барьдаг. Дотооддоо ч зүйл бүрээр улаан туг мэт мандуулдаг. Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлтийн тоглолт гээд томоохон арга хэмжээ бүрт хэний хөгжим хамгийн түрүүн эгшиглэж, хэн түүнийг удирдан тоглуулдаг, хэн ур чадвар харуулан тоглодог вэ. Тэр бүрийд авьяас төгөлдөр уран бүтээлчид улс орны, үндэстний ч бахархал, нүүр царай, нэрийн хуудас болсоор байдаг.
Ингээд аваад үзэхэд онцлох уран бүтээлчдийн авьяас, ур чадвар өөрийнх нь бус, төрийнх болчихдог. Хөгжимчин, дуучин, бүжигчин, удирдаачид өвдсөн ч өвдөөгүй мэтээр ажиллаж чаддаг. Ар гэрт нь ямар ч асуудал гарч байсан тайзнаас буутал хаашаа ч ухасхийдэггүй. Өнөөдөр ээжийгээ, аавыгаа хөдөөлүүлсэн байлаа гэхэд нөгөөдөр нь тайзан дээр дуулж, хөгжимдөж суудаг хатуу хувь тавилантай улс. Тэд төрийн ажлыг ингэж хийдэг. Тангараг өргөсөн эмчээс ялгаагүй сэтгэл зүй, ёс зүйгээр уран бүтээлдээ ханддаг. Энэ утгаар уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэл төр, түмний “хэрэгсэл” болдог мэт.
Гэтэл уран бүтээлчид, ялангуяа алдар нэрд хүрсэн нь өвдөж зовохдоо хорвоод ганцаар мэт болдог нь шударга уу. Хийсэн бүтээсэн, байгуулсан гавьяаг нь төр үнэлж цол хэргэм олгож, алдаршуулдаг. Гэтэл цаасан дээр бичсэн үнэмлэх, энгэрт нь гялалзуулсан гавьяатын тэмдэг, Чингис хааны одон ч аминд нь тулсан үед уран бүтээлчдэд өчүүхэн ч хэрэг болохгүй байна. Гадаадаас ганц жишээ татъя. Оросын нэрт яруу найрагч Е.Евтушенко хүндээр өвдөхөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эмчилгээ, үйлчилгээний бүхий л зардлыг төрөөс дааж, түмний хайртай найрагчаа алга дээрээ хэрхэн бөмбөрүүлж байсныг бид мэднэ. Соёлт гүрэн соёл, урлагтаа хэрхэн хандаж, соёл тээгч зүтгэлтнүүддээ хэрхэн анхаарал халамж тавьж байдгийн жишээ энэ.
Хүндээр өвдсөн алдартнуудын тухай дурдан жагсааж бичээд орхих гэсэнгүй. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог шагнал урамшууллын журмыг чандалъя. Нэг бол цол олгохдоо амьдралд бодитоор нэмэр болох ахиухан мөнгөн урамшуулал дагалдуулж байя. Үгүй бол Монголын Улсын Ардын болон Гавьяат цол, Чингис хааны одон зэрэг алдар цолд эрэмбэ тогтоож, эдгээрийг хүртсэн алдартнууд эдгэх магадлал багатай хорт хавдраар өвдвөл эрүүл мэндийн даатгалын сангаас эрэмбэд харгалзан тогтоосон хэмжээгээр тэтгэмж олгодог байхыг зүйл заалтаар хуульчилъя.
Ингэж байгалиас авьяас тээж ирсэн, бүтээн туурвиж, тоглон хүртээж, эрин үеийнхээ оюун санааны түүчээ болж байдаг ховор хүмүүсээ хамгаалж, хайрлаж байя. Тэдний төрмөл авьяастан, ялгарсан ур чадвартан, оройлон манлайлагч байхын утгыг ядаж ийм хайр халамжаар баталгаажуулмаар байна.
Хоёр мянга гаруй жилийн түүхтэй Монголын төр 83 настай эмээгээс дор сэтгэж болмооргүй санагдана.