Өлзийт голыг “онилсон” усан буу, голын эрэг рүү түрсэн ашиглалтын талбай
Бөөнцагаан нуурыг тэжээдэг Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай савд алт олборлохоор улайрч, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан “Тулга жаргалант” компанийнхны балмад үйлдэл, тэнд өрнөж буй үйл явдлын талаарх сурвалжилгаа өмнөх дугаарт нийтэлсэн билээ. “Гацуурт” компаниас ашигт малтмал ашиглалтын “МV-11917” дугаарт тусгай зөвшөөрөл худалдаж авсан, үйл ажиллагааг маань саатуулсны улмаас учирсан хохирлоо төлүүлнэ хэмээн нутгийнхныг хуулиар сүрдүүлж, дарамталдаг тус компанийнхан өөрсдөө хууль хэр сахидаг байгууллага вэ гэдгийг сурвалжилснаа энэ удаа хүргэж байна.
“Бүх бичиг баримт бүрэн. Ажил эхлэхэд бэлэн” гээд учир нь олдохгүй баахан цаасаар нутгийнхны толгойг эргүүлэхийг оролддог тус компанийн Их дугуй дахь үйл ажиллагаа хуулийн дагуу, эсэхийг тодруулж, албан ёсны мэдээлэл авахаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Бөөнцагаан, Орог нуурын сав газрын захиргааны Нуурын экосистемийн үнэлгээ, экологи, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Нансалмаа, Галуут сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ганзориг нартай уулзлаа.
ИХ ДУГУЙД УУРХАЙ АЖИЛЛУУЛЖ ЯАГААД Ч БОЛОХГҮЙ
Г.Батжаргал (Баянхонгор аймгийн Засаг дарга):
-Галуут сумын Их дугуйд алт олборлохоор очиж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг та гаргасан. Гэтэл тус компанийнхан тэнд ажилласан хэвээр байна.
-“Тулга жаргалант” компанийн захирал Мөнхболд бид хоёр олон жил нөхөрлөж яваа. Нэг уулзахад “Галуут сумын гуравдугаар багийн нутаг Өлзийт гол дагуу “Гацуурт” компанийн тусгай зөвшөөрөлтэй газарт ажиллана” гэсэн. Тэгэхэд нь “Би чамд шууд хэлье. Наад асуудлыг чинь хэзээ ч дэмжихгүй шүү. Иргэдийн маш их эсэргүүцэлтэй тулна. Чи ашиглалтын лицензтэй байсан ч дийлэхгүй. Ийм нөхцөлд танай уурхайг зогсоохоос өөр аргагүй болно” гэж хэлсэн.
Би өмнө нь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байлаа. Хаана уурхай ажиллуулж болох, хаана болохгүйг мэднэ.
Түүнээс хойш Мөнхболдтой уулзаагүй. Нэг мэдэхэд л бөөн асуудал үүсэж, Галуутын иргэд надтай уулзсан. Тэд “Та энэ уурхайгаас хувь авдаг” гэж байна лээ. Цагдаагийн байгууллагаар шалгуул л гэсэн. Иргэдийн хүсэлтээр компанийн үйл ажиллагааг зогсоож болохгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэх ёстой.
Мэргэжлийн хяналтын газарт хандахад “Бичиг баримтын бүрдэл байхгүй. Үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй” гэсэн дүгнэлт гаргаснаа ирүүлсэн. Түүнд нь үндэслээд компанийн үйл ажиллагааг зогсоож, Их дугуй дахь тус компанийн түр байр, гэрийг буулгах захирамж гаргасан. Тэгээд БНХАУ руу ажлаар яваад ирэхэд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор “Бичиг баримт нь бүрдсэн учир захиргааны шинжтэй актуудыг хүчингүй болгосугай” гэсэн тогтоол гаргасан байна билээ.
Миний захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Би лав гарын үсэг зурж хүчингүй болгоогүй.
-Таны хувьд Их дугуй уурхай ажиллуулж болохгүй гэж үздэг газар тань байх нь ээ?
-Байгаль экологийн талаасаа уурхай ажиллуулж яагаад ч болохгүй газар. Энэ бол миний хувийн итгэл үнэмшил. Тийм эмзэг орчинд уул уурхайн олборлолт хийнэ гэдэг туйлын буруу. Би үүнийг байнга хэлдэг.
-Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй гэж байгаа энэ компани Их дугуйд олборлолт явуулахад ямар бичиг баримт нь дутуу юм бэ?
-Надад танилцуулсан Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ гараагүй гэж дурдсан байсан.
-Бас аймгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй гэсэн биз дээ?
-1996 онд баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоог хангах заалт байсан. Уг заалтаар аймаг, сум, багийн иргэдийн хурлын төлөөлөгчид санал өгдөг. Дараа дараагийн өөрчлөлтүүдээр иргэдийн саналыг авч, нутгийн өөрөө удирдах байгууллагаар шийдүүлдэг зарчмаа аваад хаячихсан. Уул уурхайн салбарт
ажилладаг, мөнгө төгрөгтэй гадаад, дотоодын компаниудын л хийсэн ажил байлгүй. Одоогийн хуулиар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийхэд л иргэдийн саналыг тусгахаас өөр оролцоо байхгүй. Иргэд эсэргүүцлээ гээд тэр баримт бичгийг батлахгүй байх үндэслэл болохгүй. Саналыг нь тусгаад л гүйцээ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахад аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана гэсэн заалт бий. Надтай хөрөнгө оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд ямар асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн аймаг орон нутагтай хамтарч ажиллах гэрээ л байгуулна шүү дээ.
-Орон нутагт мөнгө өгье, гэрээ байгуулъя гэвэл та татгалзах уу?
-Засаг даргатай гэрээ байгуулсан, байгуулаагүй ажиллах эрхтэй. Гэрээ байгуулсангүй гээд ажлыг нь дахин дахин зогсоогоод байх юм бол Зөрчлийн тухай хуулиар Засаг дарга өөрөө хариуцлага хүлээнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, ХУУЛЬ БУС
Г.Нансалмаа (Бөөнцагаан, Орог нуурын сав газрын захиргааны Нуурын экосистемийн үнэлгээ, экологи, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн):
-Тэр компани хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш үү. Хууль ёсны дагуу бол менежментийн төлөвлөгөө, ус ашиглуулах дүгнэлтээ авчирч, бидэнтэй гэрээ байгуулан, зөвшөөрөл авах ёстой. “Тулга жаргалант” компани өнөөдрийн байдлаар манай байгууллагатай гэрээ хийж, ус ашиглах зөвшөөрөл хүсээгүй, ус ашиглах дүгнэлтээ ч гаргуулаагүй. Тэгсэн хэрнээ голын дагуу үйл ажиллагаа явуулж буй бол зөвшөөрөлгүй, хууль бус гэсэн үг.
БОАЖЯ-НЫ ДАВААСАМБА ЯМАР ЗАМААР ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН НЬ СЭЖИГТЭЙ
Д.Ганзориг (Галуут сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч):
-Та Их дугуйд ажиллаж буй “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагаанд хяналт тавив уу?
-Их дугуй бол аргаль, угалз, шилүүс, цоохор ирвэс зэрэг дэлхийд ховордсон ан амьтантай, эмийн ховор ургамалтай, байгалийн үзэсгэлэнтэй, манай сумын бахархал болсон газар. Би ажил үүргийнхээ хүрээнд гурван удаа акт үйлдэж, уурхайг лацадсан. Түүнийг огт хэрэгсэхгүй, авч хаячихаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг. Аргаа бараад аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэж, тэндээс байцаагч дуудсан.
Тэр бас лац тавьж, эрх түдгэлзүүлэх акт үйлдсэн. Харамсалтай нь, хоёр хоногийн дараа прокурор эдний талд үйлчлэв үү гэлтэй, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг цуцалж, компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн дүгнэлт гаргасан байна билээ. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга “Аймгийн Засаг даргын захирамжийг дуусгавар болгож байна. Энэ уурхайн бичиг баримт бүрдсэн” гэсэн бичиг ирүүлсэн.
Бүрдүүлсэн гээд байгаа бичиг баримтыг нь харахад байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, ТЭЗҮ, менежментийн төлөвлөгөө зэрэг гол бичиг баримт нь асуудалтай. Эдгээр бичиг баримтын нэг хувийг бидэнд ирүүлэх ёстой ч өгөхгүй байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ нь байгаль орчны мэдээллийн санд бүртгэгдсэн, эсэхийг шалгуулахаар БОАЖЯ-нд хүсэлт гаргасан.
Яамнаас “Мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэсэн хариу ирүүлснийг өнөө өглөө (есдүгээр сарын 27) авлаа. Тэгэхээр бүрдүүлсэн гээд байгаа бичиг баримтууд хууль бус, хүчин төгөлдөр бус гэсэн үг. Дээрх бичиг баримтууд БОАЖЯ-ны ерөнхий шинжээч Даваасамба гэсэн гарын үсэгтэй юм билээ. Байгаль орчны мэдээллийн санд бүртгэгдээгүй болохоор ямар замаар гарын үсэг зуруулсан бэ гэдэг нь сэжигтэй.
(Албан өрөөндөө авлига авч байгаад АТГ-т саатуулагдсан БОАЖЯ-ны Xүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамба байх магадлалтай)
-Энд уурхай ажиллавал байгаль экологид ямар хохирол учрахаар байгаа вэ?
-Нэн түрүүнд уурхайн дуу чимээнээр энд нутагшдаг ховор ан амьтад дайжна. Кадастрын зургийг нь харахад голын хөндийг тэр чигт нь ухах юм билээ. Лицензийн талбайн хэмжээ 625 га. Эндээс хэдэн кг алт олборлох вэ, ТЭЗҮ нь ямар вэ гэдгийг бид өнөөг хүртэл мэдэхгүй. Урт нэртэй хуулиас өмнө Бөмбөгөр суманд Өлзийт голын голдиролыг өөрчилж, голын татмыг ухах, голоос ус татаж угаах явдал гарч байсан. Энд тэр явдал давтагдахгүй гэх баталгаа алга.
Олборлож эхлээгүй байхдаа ухсан нуур нь голын онцгой хамгаалалтын бүс буюу 50 метрийг цөмлөж ороод буй юм чинь үйл ажиллагаа нь эхлэхээр юу болохыг таах аргагүй. Гол бохирдох, урсац нь татрахыг үгүйсгэхгүй. Ингэвэл Байдраг гол, түүний дагуу оршдог Бөмбөгөр, Бууцагаан, Баацагаан сумын хүн, мал, араатан, жигүүртний аюулгүй байдалд нөлөөлөх нь тодорхой. Өлзийт гол бохирдвол Байдраг гол, цаашлаад Бөөнцагаан нуурын экосистемд аюул учирна.
МӨНГӨНИЙ ДООР ҮНЭН ЗЭВЭРЧ, ТӨР СӨХРӨХ ЦАГ
Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс, бас орон нутгийн удирдлага, төрийн төлөөллийн үгийг сонсох зорилгоор холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хэлсэн үгийг нь нэмэр хачиргүй хүргэхэд ийм байна. Тэднээс мэдээлэл авахаас гадна орон нутагт төрийн ажил ямархуу байгааг ч харчихаж болмоор. Засаг дарга нь “Миний захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр” гэж суухад хэлтсийн дарга нь аль хэдийнэ захирамжийг нь дуусгавар болгох шийдвэр гаргачихсан байдаг.
Мэргэжлийн хяналтын газар нь “Энэ уурхай бичиг баримтын бүрдэлгүй” гэсэн дүгнэлт гаргаж, зөрчил нь одоо хэр арилаагүйг холбогдох яам, байгууллага нотолсоор байхад прокурор нь хууль зөрчигчийн талд үйлчилжээ гэж харагдахаар тогтоол гаргадаг. Хөл толгой, ажлын уялдаа холбоо, ёс зүй, сахилга, хариуцлага гэдэг зүйл Баянхонгор аймгийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагад байна уу. Орон нутагт төр төлөөлж суугаа хүмүүс ийм байхад төр яаж төр шиг, нэр хүндтэй байх билээ.
Иргэд юунд итгэж найдах вэ. Ийм учраас л захын нэг балмад эр сумын Засаг даргыг ИТХ-ын гишүүдтэй нь, нутгийн иргэдтэй нь зогсоож байгаад “Дошноосоо гарч үзээгүй п...-нууд, нэг нэгээр чинь ална аа, та нарыг” хэмээн харааж, занаад сууж буй хэрэг. Ингэж танхайрсных нь шанд хууль хяналтынхан түүнийг хамгаалалтдаа авч, эмнэлэгт хэвтүүлэн, толгойг нь илээд өнгөрсөн байх юм. Тэгсэн атлаа нутгийн иргэдийг барьж хорино, эрүүгийн хэрэг үүсгэнэ хэмээн сүрдүүлжээ.
Өмнөх дугаарт өгүүлсэн алтны эрэлчид, нутгийн иргэдийн хоорондох бужигнааны дараа ийм л юм болж. Тодруулбал, биднийг явсны дараа аймгийн цагдаа нар ирж, хутга барьж танхайран, “Нэг нэгээр чинь ална аа, та нарыг” хэмээн сүрдүүлж байсан “Тулга жаргалант” компанийн ажилтан Баатарыг авч явсан байна. Аймагт очоод Баатар эмнэлэгт хэвтэж, нутгийн иргэд түүнийг хэмхэртэл зодсон болж хувирчээ.
Тэр өдөр Их дугуйд очсон нутгийн иргэд аймгийн Цагдаагийн хэлтэст ээлж дараагаар дуудагдан, мөрдөн байцаагчийн үүд сахидаг ажилтай болоод хэд хонож байна. Дээрх компанийн захирал Мөнхболд “Галуутын ИТХ-ын төлөөлөгч Л.Батсайхан хүмүүст архи өгч, уурхай руу дайруулсан” гэсэн цуу тарааж яваа сурагтай. Мөнгөний өмнө үнэн ямар хүчгүй, дорой байдгийг хууль хяналтын байгууллагынхан иргэдэд мэдрүүлсэн нэг тод жишээ энэ болов.
Мөн “Тулга жаргалант” компанийнхан “Нутгийн иргэд энэ газрыг өөрсдөө ухаж, хариуцах эзэнгүй, нинжа нарын үүр болгох гэж байна” гэсэн мессеж тарааж буй. Үүнд Үнэгт III багийн иргэн Д.Түмэн-Өлзий “Манай нутгийнхан уул бүхнээ хайрхан хэмээн дээдэлж, шүтдэг. Арц, сонгино гээд ургахгүй ургамал үгүй ч нутгийн түмэн энэ хавиас хоолны сонгино ч авдаггүй. Ийм хүмүүс яалаа гэж газраа хөндөх вэ. Ер нь түмпэн барьж, шороо ухсан түүхтэй хүн манай энэ голд байхгүй. Цаашид ч тийм хүн гарахгүй байх” хэмээн ам бардам хариулсан.
Мөнгөний доор үнэнийг зэврээж, төрийг сөхрөөж яваа “Тулга жаргалант” компанийнхан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, менежментийн болон уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ-гүйгээр хууль бус олборлолт явуулах гэж буйг албаны хүмүүсийн яриа нотолж байна.
Ийм даварсан, иргэд, төр, засаг, хуулийг уландаа гишгэсэн техникжсэн нинжануудаас нутгаа хамгаалан тэмцэж буй иргэд “Төр, засгаас таван төгрөг гуйхгүй, хэдэн малынхаа буянаар амьдралаа залгуулж яваа малчин бидний хэдэн үеэрээ нутаглаж ирсэн газрыг ухаж сэндийчилгүй, бүрэн бүтэн үлдээж өгөөч. Бидний тэмцэл өвөлжөө, хаваржаагаа авч үлдэх гэхээсээ илүү эх нутгаа унаган төрхөөр нь байлгах, хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлж үлдээх зорилготой. Энэ тэмцэлд нутаг ус, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүр нэгдэж, сайхан хангайг минь авралцаач” хэмээн гуйж байна.
МАЛЧИД НҮҮЖ, НУТАГ НЬ УУРХАЙНХНЫ МЭДЭЛД ҮЛДЭНЭ, ЯАНА ДАА
Хотод өчигдөр цас орлоо. Их дугуйд яагаа бол. Энэ зун ган болсон, малчид отор хийхээс өөр аргагүй учраас зарим айлын эрчүүд малаа аваад хангай руу нүүж, эхнэр, хүүхдүүд нь нутгаа сахиад үлдсэн. Ингэж хоёр тасрах боломжгүй айлууд малаа ч оторлож чадахгүй техникжсэн нинжа нартай тэмцэж байгаа. Малаа бодвол хурдхан нүүмээр байв ч нутгаа эзэнгүй орхивол ухуулчих учраас ацан шалаанд ороод буй тэд хэчнээн удаан тэсэх билээ.
Цас орж, өвөл хаяанд ирэхээр хэдэн малынхаа аясыг дагаж амьдардаг малчид нүүж л таарах биз. Нуураа гаргаад, усан буунуудаа зоочихсон, хэзээ ч ухахад бэлэн уурхайнхны мэдэлд нутаг нь эзэнгүй үлдэнэ, яана даа.
Үргэлжлэл бий.