Одоогоос дөрвөн жилийн өмнө 2013 онд АНУ-ын Бостон хотод болдог 100 жилийн түүхтэй марафон уралдааны үеэр бөмбөг дэлбэрч, гурван хүн амиа алдаж, 260 гаруй хүн шархадсан билээ. Энэ хэрэгт ах дүү Тамерлан болон Жохар Царнаев нарыг үйлдсэн гэж үздэг. Хэрэгтнүүдийг дэлбэрэлт болсноос хойш дөрвөн өдрийн дараа олсон юм. Жохар Царнаев болсон хэргийн дараа нэгэн айлын хашаанд, завин дотор нуугдаж байсныг нь цагдаагийнхан илрүүлж, баривчилсан билээ.
2013 оны дөрөвдүгээр сарын 18-нд Тамерлан болон Жохар нар машин хулгайлаад цагдаа нараас зугтсан юм. Цагдаагийнхан ах Тамерланыг хөнөөсөн ч Жохар хүнд шархдаад зугтсан билээ. Цагдаагийнхан түүнийг бүтэн өдөржин хайсны эцэст Дэвид Хеннеберигийн мэдээллийн дагуу, түүний гэрийнх нь гаднаас баривчилсан аж. Тэр жилээс өвчтэй эхнэрээ асрах болсон Дэвид хашааныхаа гадаа юм хийхээр гарч яваад нил цус олж харсан гэдэг. Үүний дараа завинд хүн байгааг мэджээ. Улмаар цагдаад дуудлага өгч, хэрэгтнийг баривчлуулсан юм.
Дэвидийн завийг хэргийн газрын нотлох баримт болгон холбооны мөрдөх товчоо хурааж авсан юм. Хеннебери ч дараа жил нь шинэ завь худалдаж авсан бөгөөд түүнийгээ тэр жил нас барсан эхнэр Элизабетийнхээ нэрээр нэрлэсэн юм.
Дэвид Хеннебери өнгөрсөн лхагва гаригт 70 насандаа хорт хавдраар өөд болжээ.