ХБНГУ-ын Мюнстерийн их сургуулийн Улс төр, харилцааны шинжлэх ухааны магистр О.Батболд
Миний бие 2005, 2009, 2013, 2017 онд сонгуулийн өмнө Германд байж таарсан юм. Цөөнгүй жил сурч, ажил амьдралаа Герман оронтой холбосон хүний нүдээр харахад Германы сонгуулиуд сонирхолтой, өрсөлдөөнтэй болдог бөгөөд энэ удаагийн сонгууль ч мөн ялгаагүй сонирхолтой, шинэ залуу ардчилалтай манай орны хувьд суралцах зүйлээр дүүрэн байна.
Ялангуяа энэ удаад онцгой анзаарагдсан нэг зүйл нь энэ жилийн сонгуульд өрсөлдсөн намууд сонгуулийн сурталчилгаагаа илт мэдэгдэхүйц эрчимжүүлсэн явдал. Үүний шалтгаан нь хэн гуравдагч хүчин болж Бундестагт орж ирэх вэ гэдэгт байсан юм. Ерөнхийдөө хэт барууны үндсэрхэг үзэлтэй Германы Альтернатив намыг Бундестагт суудал авахуулахгүй байхад намуудын сурталчилгаа чиглэж байлаа.
Сонгуулиас өмнөх өдрүүдэд асуудал бодлого, шийдвэрлэх арга замыг ярьсан намууд олонх байсан ч Германы Альтернатив нам зөвхөн шүүмжилсэн, асуудлыг хэтрүүлэн дэвэргэсэн, популист амлалт өгсөн байр сууринаас хандаж байсан юм. Гэхдээ өмнөх жилүүдийн нэгэн адил орой зурагтаа асаахад сонгууль болж байгаа нь мэдрэгддэггүй, уламжлалт, рациональ нийгмийн дүр төрх тэр л хэвээрээ.
Ингээд та бүхэнтэй энэ удаагийн сонгуулиар ажигласан, сонирхсон зүйлсээ хуваалцъя.
Гэрэл зургийг dw.com сайтаас
ХБНГУ-ын хууль тогтоох дээд байгууллага Бундестагийн ээлжит сонгууль 2017 оны есдүгээр сарын 24-нд болж өнгөрлөө. Европын холбооны тэргүүлэгч, Европт төдийгүй дэлхийд хамгийн тогтвортой, хүчирхэг эдийн засагтай улс орнуудын нэгт тооцогддог тус орны парламентын сонгууль дэлхийн олон улс орны хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байх нь зүйн хэрэг.
АНУ, Франц зэрэг орны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгэн адил дэлхий нийтийн анхаарлын төвд байж, ирэх дөрвөн жилд Германыг хэн удирдах, Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх, дүрвэгсдийн асуудалд хэрхэн хандах, бүс нутгийн аюулгүй байдлыг хэрхэн бэхжүүлэх, татвар нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нийтдээ 40 гаруй нам бодлого, үзэл баримтлалаараа өрсөлдсөн юм.
Цагаачлалын болон дүрвэгсдийн талаарх байр суурь эрс маргаантай, хэт барууны үндсэрхэг үзэлтнүүдийн үзэл бодлыг дэмжих хандлага өсөн нэмэгдэж байгаа зэрэг нь энэ сонгуулийг өрсөлдөөнтэй төдийгүй ширүүн өнгө аястай болгох магадлалтай байв.
Энэ таамаг ч батлагдаж, ердөө дөрвөн жилийн өмнө байгуулагдсан хэт барууны үндсэрхэг үзэлтэй, Канцлер Меркелийн цагаачлалын бодлогыг хурцаар шүүмжлэгч Германы Альтернатив нам парламентын таван хувийн босго давснаар Христосын ардчилсан холбоо, Германы социал демократ намын дараа Бундестаг дахь гурав дахь нам боллоо.
Мөн тус намын нэг удирдагчаар 38 настай Алийш Вейдэл гэж эмэгтэй сонгогдсон бөгөөд Бундестагийн голлох гурван намын хоёрыг эмэгтэй улстөрч төлөөлж байгаа нь энэ удаагийн сонгуулийн яах аргагүй онцлох зүйл байв.
Германы Альтернатив намын удирдагчид Алийш Вейдэл (нас 38), Александер Гауланд (нас 76). Гэрэл зургийг dw.com сайтаас
Бундесрат, Бундестаг ба сонгуулийн систем
ХБНГУ нь сонгуулийн холимог системтэй бөгөөд эрх барих дээд байгууллага нь сонгогчдын буюу муж улсуудын төлөөллөөс бүрдэх дээд танхим буюу Бундесрат, дөрвөн жил тутам болдог чөлөөт сонгуулийн үр дүнд байгуулагддаг доод танхим буюу Бундестагаас бүрддэг. Гол гүйцэтгэх эрх мэдэл нь Бундестагтаа хадгалагддаг.
Бундестаг нь хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, Канцлерыг сонгох, Холбооны Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, төсөв батлах зэрэг эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Канцлер нь Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, томилуулдаг бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил.
Бундестагийн сонгууль нь манай улсын 2012 онд ашигласан холимог системтэй төстэй бөгөөд Бундестагийн 598 (энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр 709 гишүүн сонгогдсон) гишүүдийн тал нь буюу 299 нь тойргоос шууд, үлдсэн 50 хувийг таван хувиас дээш сонгогчдын санал авсан намуудын төлөөлөл бүрдүүлдэг.
Энэ жил сонгогчдын нэрсийн жагсаалтад 61.5 сая сонгогч бүртгэгдсэнээс 76.2 хувь нь саналаа өгч сонгогчдын ирц өсөлттэй гарсан мэдээ бий. Сонгуулийн ирц нэмэгдсэн шалтгааныг судлаачид хэт барууны үндсэрхэг үзэлтэй нам болох Германы Альтернатив намтай холбон тайлбарлаж байна. Мөн өнгөрсөн 12 жилд явуулсан Меркелийн бодлогыг эсэргүүцсэн олон хүн сонгуульд оролцож, тэднийг дэмжсэн гэж үзэж байна.
Гэвч нийт 42 намаас 4828 нэр дэвшигч өрсөлдсөн энэ удаагийн сонгуулиар германчууд өнөөгийн Канцлер Ангела Меркелийн Христосын ардчилсан холбоо намд дахин итгэл үзүүллээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хүчирхийллийн бус аргаар асуудлыг шийдэх гэсэн Германы улс төрийн философийн мөн чанараас хазайгаагүй, зарчимч байр суурь нь түүнийг дахин сонгогдоход нөлөөлсөн боловч өмнөх сонгуулиас цөөн, 246 суудал авсан нь түүний бодлогод өгсөн хүчтэй сануулга гэж ажиглагчид үзэж байна.
Нөгөө талаар сонгуулийн үр дүн тийм ч гэнэтийн байгаагүй билээ. Түүний сонгуулийн кампанит ажлын гол мессеж нь ерөнхийдөө тогтвортой байдал, бодлогоо үргэлжлүүлэхийг хүссэн агуулгатай байв. Европын хамгийн хүчирхэг эдийн засаг, ердөө дөрөв хүрэхгүй хувийн ажилгүйдэл, хамгийн өндөр өсөлттэй ДНБ бол түүний бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын үр дүн юм.
Гэхдээ Европын холбооны нэгдмэл байдлыг хадгалах, дүрвэгсдийн асуудлаар уян хатан байх түүний бодлогыг Германы Альтернатив нам өөрчилж магадгүй нөхцөл байдал бүрдэж байна. Энэ нь олон хүний сэтгэлийг түгшээж буй бөгөөд сонгуулийн дүн гарахын өмнө “Дойче Велле” телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид хэзээ ч Германы Альтернатив намтай ажиллахгүй” хэмээн мэдэгдсэн Канцлер Меркелийн үг үүний баталгаа байж болох юм.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель. Гэрэл зургийг t-online.de сайтаас
Сонгуулийн үр дүн ба Жамайка хувилбар
Германы Альтернатив нам нь дөрөвхөн жилийн өмнө, 2013 онд байгуулагдсан нам гэхэд энэ удаагийн сонгуулиар 12.6 хувиар сонгогчдын санал авч, гуравдугаарт эрэмбэлэгдэн Бундестагт орж ирснийг онцлох хэрэгтэй. Нам байгуулагдсан шалтгаан нь евро мөнгөн тэмдэгтийн хямрал, цагаачлалын бодлого ба дүрвэгсдийн асуудал юм.
Энэ нам байгуулагдсанаасаа хойш Меркелийн цагаачлалын бодлогыг эсэргүүцсэний үндсэн дээр богино хугацаанд олон муж улсуудын парламентэд сонгогдож чадсан бөгөөд гол дэмжигчид нь зүүн Германы уугуулууд юм. Тэд “цагаачид, тэр дундаа лалын шашинтнууд Германаас явах ёстой, Германд болж байгаа террорист халдлагуудад Меркелбуруутай”, мөн “Еврог хэрэглэхээ болих ёстой” гэж шаарддаг.
Гэвч тус намынхан улс орноо цаашид хэрхэн хөгжүүлэх гэх мэт асуудлууд дээр дорвитой шийдэлгүй байна гэж хэлж болно. “Германы Альтернатив намыг хэн сонгосон бэ” гэсэн асуултад Германы судалгааны байгууллагууд “40-өөс дээш насны эрэгтэйчүүд” гэсэн хариулт өгч байна. Тиймээс тэднийг “Одоо байгаа амьдралаа алдахаас айсан, мөн нийгэм, эдийн засаг, цахимжилт гэх даяаршлын үзэгдлүүдэд өртөж байгаа бүлэг” хэмээн тайлбарлах нь олонтаа байна.
Ерөнхийдөө Германы Альтернатив намын үндсэн дэмжигчид нь “хэт үндсэрхэг үзэлтнүүд, ямар нэг айдаст автсан хүмүүс” гэж судлаачид үзэж байгаа. Энэ удаагийн сонгуулиар тус нам нэг сая орчим сонгогчийг Меркелийн намаас татаж өөрсдөдөө санал өгүүлж чадсан юм. Зарим талаараа энэ нам Д.Трампын ашиглаж байсан “айдаст автуулах” тактикийг барьж байсан нь тэдний сонгуулийн сурталчилгааны үйл явцаас ажиглагдаж байв.
Канцлер Меркелийн удирддаг Христосын Ардчилсан холбоо 32.9 хувийн санал авч нийт дүнгээр нэгдүгээрт эрэмбэлэгдэн тэргүүлсэн ч 2013 оноос 8.6 хувийн бага санал, 1949 он буюу Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших тус намын түүхэн дэх хамгийн бага санал авсан нь “ялагдал” байв. Канцлер Ангела Меркел нь 2005 онд Герхард Шрёдерын удирдаж байсан Социал демократ намыг ялснаар анхны эмэгтэй Канцлерээр сонгогдсон юм. Энэ хугацаанд хоёр удаа Социал демократ намтай, нэг удаа Чөлөөт ардчилсан намтай эвслийн Засгийн газар байгуулан Канцлераар ажиллажээ.
Гэрэл зургийг bbc.com сайтаас
Энэ удаагийн сонгуульд түүхэндээ хамгийн бага санал авсан хэдий ч түүний тэргүүлсэн Христосын ардчилсан холбоо нам Бундестагт олонхын суудал авсан нь түүнд дөрөв дэх удаагаа Канцлераар сонгогдох боломж олгож байна. Хэрэв тэрбээр дахин сонгогдон ажиллавал Хельмут Коллийн адил хамгийн олон жил буюу 16 жил дараалан ажилласан Канцлер болох юм.
Гэхдээ Меркельд маш хэцүү байдалд Засгийн газраа бүрдүүлэх нөхцөл үүсээд байгаа. Учир нь түүнтэй хамт хоёр удаа эвслийн Засгийн газар байгуулж байсан Социал демократ нам энэ удаад Засгийн газарт орохгүй, сөрөг хүчний байр суурин дээр ажиллана гэдгээ сонгуулийн дүн гарсны дараа зарлачихаад байгаа. Иймээс Ангела Меркелийн хувьд жижиг намуудтай ярилцах, тэдэнтэй эвсэх шаардлагатай болж байгаа бөгөөд хамгийн боломжит хувилбар бол Чөлөөт ардчилсан нам болон Ногоон намтай эвсэх “Жамайка хувилбар” юм.
Жамайка хувилбарт орох намын дарга нар. Гэрэл зургийг stern.de сайтаас
“Жамайка” хэмээх нэршил нь Жамайка улсын далбааны өнгөөр улс төрийн намуудыг төлөөлүүлж тэмдэглэсэн нэршил бөгөөд Христосын ардчилсан намыг хараар, Чөлөөт ардчилсан намыг шараар, Ногоон намыг мэдээж ногоон өнгөөр тэмдэглэдэгтэй холбоотой. Энэ гурван намын байр суурийг нэгтгэж, Засгийн газар байгуулна гэдэг нь Меркелийн хувьд хүнд даалгавар юм.
Хэрэв байгуулж чадахгүй тохиолдолд дахин сонгууль болно. Ийм сонгууль хатагтай Ангела Меркелийн улс төрд байх орон зай, цаг хугацааг дуусгах маш том эрсдэлтэй байж мэднэ. Дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий эмэгтэйгээр нэрлэгдээд буй түүний ирээдүйг шийдэх том сорилт Бундестагийн сонгуулийн дараа тулгараад байна.
Нөгөөтэйгүүр, германчуудад ардчилал, даяарчлал ялах уу, үндсэрхэг үзэл популизм ялах уу гэдгийг харах үлдэж байна. Засгийн газраа хэрхэн байгуулах, шинээр байгуулагдах Засгийн газар хэрхэн ажиллахаас цаашдын үйл явц харагдах буй заа.