72 цагийн турш 72 хүртэлх хувийн хямдралтай ном худалдаалж байна гэх мэдээллийн дагуу “Аз хур” номын дэлгүүрийг зорилоо. Номын дэлгүүрийн хаалган дээр “Ном унш, номноос суралц, тэгвэл амьдрал үлдсэнийг нь хийж өгөх болно” гэсэн бичиг дурайна. Энэ үгийн утга учрыг хэдийн ухамсарласан залуус өглөөний 6 цагаас эхлэн дугаарлаж эхэлжээ.
Аз хур номын дэлгүүр нь олон улсын жишиг стандартад нийцсэн зургаан тасаг бүхий 1000 м.кв талбайд, 10 мянга гаруй нэр төрлийн номоор уншигчиддаа үйлчилгээ үзүүлдэг. 2015 онд санаачлан эхлүүлсэн уг ажил Аз номын дэлгүүрийн хамт олны хамгийн ачаалал өндөртэй 72 цаг байдаг. Олон цагийн турш дугаарлаж зогссон уншигчид энэ хүртэл ирсэнийх ахиухан ном авъя гээд тор тороор нь, тэвэр дүүрэн номоо бариад кассанд дугаарлана. Номонд дугаарлах уншигчдын дийлэнх нь залуус мөн хүүхдээ тэврэн ирсэн ээжүүд байлаа. Харин авч буй номын сонголтоос харвал 72 хувь хямдарсан үлгэрийн ном, зурагтай ном эцэг эхчүүд хүүхдүүддээ авч өгч байсан. Мөн уран зохиолын, түүхэн романууд хамгийн бага 10-30 хувийн хямдралтай ч гүйлгээ сайтай байгаа нь ажиглагдсан. Тусгай кассанд жирэмсэн эмэгтэй, өндөр настан болон ганц л ном авсан уншигчид дугаарлах тул ядаж нэг ном аваад гарвал бага дугаарлах болов уу гэж горьдтол ялгаагүй маш их дараалалтай тул авч амжсангүй.
Сэтгэгдэл хэнээс авах вэ гэж хайхын завдалгүй өөрсдөө ирээд хэлж өгөх мэт номын тухай хүмүүс дэл сул хөөрөлдөж, зөрөн өнгөрнө.
Гэр бүлийн хоёр хөөрөлдөнө. Залуу нь: Чи ямар их ном авдаг юм бэ? Бараг 200 мянга болчихлоо шүү дээ. Тэгээд наад номоо яг унших уу юм уу? -Би яг уншина аа. Одоо энийг л авчихъя.
Бас нэг залуу “Энэ хүмүүс чинь ерөөсөө ч хямраагүй юм байна. Ямар их ном авч байгааг нь харахгүй юу" гэж уулга алдана.
Нэгэн залуу охин утсаар ярина. “Өвөөд ахмадын баяраар ном авч өгмөөр байна. Ямар ном байвал зүгээр үү? Та ч гэсэн авмаар байгаа номоо хэлээрэй”
Авсан номныхоо тоог алдсан залуу мэдэхгүй хэдэн ч ном авсан юм бүү мэд. 30 орчим ном байна уу даа гэж барагцаалан хэлнэ.
Жирэмсэн эмэгтэй үүдэнд гарчихсан уйлаад зогсож байна. Та зүгээр үү гээд очтол “зүгээрээ дотор харин бүгчэмдээд гарч ирэх гээд жоохон зүдэрчихлээ” гээд хамгаалагчийн өгсөн цайг уун тайвшран дахин дугаарлахаар явлаа.
Хаалгаар гарахын алдад дэргэдүүр өнгөрч байсан настан “Пээ энэ залуус чинь гэгээрчихэж” гэв.
72 цагийн 72 хувийн хямдрал өнөөдрөөс эхлэн гурван өдөр үргэлжлэх тул номын цуваа дахин үргэлжлэнэ байх.