Манай улс элэгний хорт хавдраар нас барж буй хүнийхээ тоогоор дэлхийн дунджаас 5-10 дахин их. Монголчууд биднийг үхэлд хүргэдэг өвчний хоёрдугаарт элэгний эмгэг орж байгаа учраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, зөв оношлох, эмчлэх нь тулгамдсан асуудал болоод буй. Гэтэл лабораториудын элэгний вирус тоолох шинжилгээний хариу зөрүүтэй гарсаар байна. Энэ тухай бид өмнө нь цувралаар нийтэлсэн билээ.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийг элэгний илрүүлэг болон тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж буй. Гэвч лабораториудад вирус тоолох шинжилгээний зардлыг ЭМНДЕГ-аас гүйцэд шилжүүлээгүй учир энэ ажил зогсоод байгаа билээ. Хэдэн сарын өмнө шинжилгээ өгсөн ч хариугаа аваагүй иргэд одоо ч бий. Үүгээр зогсохгүй олон хүний шинжилгээний хариу буруу гарсан байх эрсдэл үүссэнийг эх сурвалжууд мэдээлж байна.
Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудын хариу хоорондоо эрс тэс зөрдөг, сорьц зөөж тээвэрлэх, шинжлэх явцад алдаа гардаг нь нэгэнт тодорхой болсон. Шинжилгээний хариу бодитой, эсэхийг хянадаг хөндлөнгийн лаборатори манай улсад хэрэгтэйг МХЕГ-ынхан хэлэв.
ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн алба бусад лабораторид гадаад хяналт хийж буй гэх ч тус эмнэлэг элэгний В, С вирус тоолох шинжилгээ хийдэг. Тэгвэл уг эмнэлгийн шинжилгээний хариуг хэн хянах вэ. Иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой эдгээр асуудалд холбогдох байгууллагууд нь хэрхэн анхаарч, юу хийж буйг тодрууллаа.
Тэд лабораторийн гадаад, дотоод хяналтыг сайжруулах нэн шаардлагатай байгааг дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд тэдний байр суурийг хүргэе.
ГАДААД ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Л.МӨНХТУЛГА (ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга):
-Элэгний вирус тоолох шинжилгээний хариу зөрүүтэй гарч буй талаар ярих болсон. ЭМЯ-наас бодлогын хэмжээнд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Улсын хэмжээнд жижиг, том нийлсэн 200 гаруй лаборатори ажиллаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, МХЕГ-т уг асуудлыг нягтлах үүрэг өгсөн. Саяхан ДЭМБ-ын зөвлөхүүд манай улсад ирж ажиллалаа. Эмнэлгийн анхан шатны үйл ажиллагаа, сургалтаа сайжруулах зөвлөмж бидэнд өгсөн.
Үүний дагуу арга хэмжээ авах, дараагийн асуудлаа шийдэх тухай яамны төлөвлөгөөт ажилд оруулсан. Төсөв санхүүтэй холбоотой учраас эдгээр асуудлыг шат дараатай шийднэ. Олон улсын лабораторийн гадаад чанарын хяналтыг хариуцдаг, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагатай манай улс хамтарч, ДЭМБ-ын удирдамжийг дагаж ажиллах шаардлагатай байна. Сорьцоо яаж авсан, хэрхэн хадгалсан, тээвэрлэсэн зэрэг асуумжийг тухайн лабораториас авах гэхээр бүртгэл дутуу учраас шинжилгээний хариу чанарын шаардлага хангасан, эсэхийг хэлэхэд эрт байгааг ДЭМБ-ын зөвлөхүүд хэлсэн.
Тиймээс лабораториудад бүртгэл, тэмдэглэгээгээ сайжруулж, авсан цусны дээжийг аль болох богино хугацаанд шинжлэх шаардлага хүргүүлсэн. Өндөр хөгжилтэй улс лабораторийнхоо тоног төхөөрөмжийг зөв ажиллаж байгаа, эсэхийг үзэх зориулалтын тестийн дээжүүдээр чанарын гадаад хяналтыг сар бүр хийдэг. Манайд ийм хяналтыг улирал, жилд нэг удаа хийж байна. Гадаад хяналтыг зайлшгүй хийх хэрэгтэйг шат шатандаа хүлээн зөвшөөрсөн.
-Шинжилгээний хариу буруу гарч байгааг хүлээн зөвшөөрөх үү?
-Чанарын гадаад хяналт хийгээгүй тохиолдолд алдаатай, буруу гарсан гэдгийг хэлэх боломжгүй.
-Өнөөдөр хэдэн сая вирустэй гэж тоологдсон хүн маргааш нь ямар ч вирусгүй гэж гарах жишээтэй. Аль нэг лабораторийн хариу буруу гарсан байж таарах нь.
Мэргэжлийн хяналтынхан Монголд хөндлөнгийн хяналт тавих лаборатори хэрэгтэй гэж ярьж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Яг үнэн. Гадаад хяналтын тогтолцоог бүрдүүлдэх шаардлагатай. Лабораторийн тогтолцоог илүү боловсронгуй, нэгдсэн системтэй болгох хэрэгтэй. Вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ-ийн лавлагаа лаборатори баталгаажуулж байгаа. ДЭМБ-ын зөвлөхүүд тус төвийн лавлагаа лабораторийн үйл ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатайг сануулсан.
-Манайд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори бий юү?
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эхлээд дотооддоо, дараа нь бүс нутаг, дэлхийн магадлан итгэмжлэл авах ёстой. Манай улс Номхон далайн баруун бүсийн магадлан итгэмжлэл авсны дараа олон улсын магадлан итгэмжлэлийн комисст хандаж, зөвшөөрөл авах эрхтэй болно.
ЧАНАРЫН ХЯНАЛТЫН МУРИЙГААР ШИНЖИЛГЭЭНИЙ АЛДААГ ИЛРҮҮЛЖ БОЛНО
Г.САРАНГУА (ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны тасгийн эрхлэгч):
-Лабораториудад элэгний вирус тоолох эрхийн гэрчилгээг танайхаас олгодог уу. Өөрөөр хэлбэл, танайхаас хүлээн зөвшөөрсөн лабораториудад элэгний вирус тоолдог гэдэг?
-Бид итгэмжлэлийн байгууллага биш учраас вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж буй лабораториудыг манайхаас хүлээн зөвшөөрсөн гэж буруу ойлгож болохгүй. Эмнэлгийн лабораториудын чанар ур чадварт тавигдах онцлог шаардлага MNS/ISO 15189 гэсэн стандартын дагуу эмнэлгийн лабораториудыг Стандарт хэмжилзүйн газраас итгэмжилдэг. Манай ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн алба 2014 онд улсдаа анх удаа уг стандартаар итгэмжлэгдсэн.
Одоо улсын дөрвөн лаборатори итгэмжлэгдсэн байна. Хувийн хэвшлийн лабораториуд ч шинжилгээний чанар, үр дүнд анхааран уг итгэмжлэлийг эхнээсээ аваад эхэлсэн. 2015 оны есдүгээр сард Эрүүл мэнд, спортын сайдын тушаалын дагуу Нэгдсэн лабораторийн алба бие даан молекул биологийн хяналтын багц бэлтгэн, оролцогч лабораториудаас асуумж судалгаа авч, хяналтын багц түгээн хариу хүлээн авч, шинжилгээний үр дүнд дүгнэлт өгөн, газар дээр нь очиж танилцсан юм.
Ингээд ЭМЯ болон манай эмнэлэг хамтран Австралийн ийлдэс судлалын үндэсний лавлагаа лабораторийн мэргэжилтнүүдийн мэргэжил арга зүйн удирдлага дор гепатит С вирусийн нуклейн хүчлийн хэмжээг тодорхойлох шинжилгээний чанарын гадаад үнэлгээг 2015 оны ес, 2016 оны зургадугаар сард хоёр удаа хийж, лабораториудад чанарын хяналтад хамрагдсан тухай батламж гардуулсан.
-Аль лаборатори нь зөв, аль нь буруу хариу гаргаж буйг яаж тогтоох вэ. Үүнийг шинжилж тогтоодог лаборатори бий юү?
-Лабораториудын шинжилгээний хариу зөрөх тохиолдол олон хүчин зүйлээс хамаардаг. Тухайн лабораторид ажиллаж байгаа хүний ур чадвар, туршлага, шинжилгээнд хэрэглэж буй урвалж оношлуурын чанар, багаж тоног төхөөрөмж, хэрэглэдэг арга, технологийн дэвшил, сорьц авах, зөв хадгалах, тээвэрлэх гэх мэт маш олон хүчин зүйл нөлөөлдөг.
Хамгийн гол нь тухайн лабораторийн чанарын удирдлагын тогтолцоо ямар байгаагаас их хамаарна. Чанарын хяналтын мурийгаар шинжилгээний алдаа, зөрчлийг илрүүлж болно.
-Нэгдсэн лабораторийн албанаас жилд нэг удаа бусад лабораторийг хянаж шалгадаг гэсэн. Богино хугацаанд хянах боломжтой юу?
-Чанарын хөндлөнгийн үнэлгээ хийхэд их зардал ордог. Нуклейн хүчлийн шинжилгээнд маш өндөр үнэтэй тоног төхөөрөмж, урвалж оношлуур хэрэглэгддэг. Түүнийг дагаад хяналтын багц бэлтгэх, тогтвортой нэгэн жигд байдлыг хянах зэрэгт урвалж оношлуур ихээхэн шаардлагатай юм. ХӨСҮТ-ийн төсөвт чанарын хяналт явуулах хөрөнгө суугаагүй учраас бидэнд жилд 2-4 удаа үнэлгээ явуулахад хүндрэлтэй. Гэхдээ давтамжийг нь олшруулах гарц бий.
Вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийж буй 22 лаборатори нэгдэж, Монголын лабораториудын сүлжээ байгуулсан. Уг сүлжээ нь лабораториудын дунд улиралд нэг удаа чанарын хяналт хийх ажил төлөвлөж, удирдамж заавраа боловсруулсан. Үүнд манай алба мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллана.
-ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторийн хариу эргэлзээгүй, баталгаатай гэдгийг яаж мэдэх вэ?
-Манай эмнэлгийн лабораториуд олон улсын чанарын гадаад үнэлгээнд зонхилон тохиолдох халдварт өвчний үүсгэгчид болох ХДХВ/ДОХ, элэгний В, С вирус, заг хүйтэн, тэмбүү, томуу, улаан бурхан, улаанууд, зонхилон тохиолдох нян судлалын үүсгэгчээр Хонконг, Австрали, АНУ, Япон, БНСУ, Их Британи зэрэг ДЭМБ-ын бүсийн болон бусад лавлагаа лабораториас чанарын сайн үнэлгээ өгдөг.
АППАРАТДАА ТААРЧ ТОХИРОХ УРВАЛЖ БОДИС ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ
Ж.БАЯРМАА (МХЕГ-ын Цөмийн болон цацраг (эмчилгээ) хяналтын аюулгүй байдлын газрын улсын ахлах байцаагч):
-Лабораториудын аппарат, шинжилгээний чанарыг танайхаас шалгадаг уу?
-Төлөвлөгөөний дагуу, хяналтын хуудсаар шалгаж байгаа. Лабораторийн аппаратдаа дотоод хяналтын тохируулга хийж баталгаажуулсан уу, гадаад хяналтад хамрагдсан уу гэдгийг нь шалгадаг.
-Бүх лабораторийг шалгадаг уу?
-Бүх лабораторийг нэгэн зэрэг шалгана гэж байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлд суурилсан шалгалт хийдэг. Эрсдэл ихтэй эмнэлгүүдэд лаборатори байгаа бол тэдгээрийг шалгана гэсэн үг.
-Шинжилгээ хийх тоног төхөөрөмжүүд лаборатори бүрт харилцан адилгүй. Энэ бүхнийг нэгдсэн арга зүй, стандартаар зохицуулж болох уу?
-Чөлөөт зах зээлийн үед эмнэлгийн тоног төхөөрөмжийг ийм үйлдвэрлэгчээс ингэж ав гэж заах боломжгүй. Аль ч орны, ямар ч брэндийн тоног төхөөрөмж хэрэглэж болно.
-Шинжилгээний хариу үнэн, худал эсэхийг та бүхэн шалгах боломжтой юу?
-Бид тоног төхөөрөмжөө яаж суурилуулсан, гадаад, дотоод хяналт, тохируулгаа хийсэн, эсэхийг шалгах боломжтой. Түүнээс шинжилгээний хариу үнэн, эсэхийг хэлж мэдэхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу эмнэлэг, лабораториуд нийлүүлж буй газрынхаа л урвалж, бодисыг ашиглаж байна.
Тухайлбал, нэг брэндийн аппарат байлаа гэхэд тухайн үйлдвэрлэгчийнхээ урвалж, бодисыг ашиглаж байж хамгийн зөв хариу гаргана шүү дээ. Гэтэл манайд ийм боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, тендерт ялсан компани нь өөрсдийн гэрээтэй байгууллагаас л урвалжаа нийлүүлчихдэг. Энэ бол эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал.
Шинжилгээний хариу зөрсөн гэх маргааныг таслахын тулд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Лаборатори өөрийн аппаратдаа таарч тохирох урвалж бодис хэрэглэх ёстой шүү дээ. Гэтэл ЭМЯ-ныхан хуулийн зохицуулалт л ийм байна гэдэг.
АЛДАА ГАРСАН БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР
Д.НАРАНБААТАР (“Монголын лабораториудын сүлжээ” ТББ-ын захирал):
-2500-4500 орчим хүний шинжилгээний хариу буруу гарсан байх магадлалтайг хэлсэн. Үүнийг ДЭМБ-ын зөвлөхүүд хүлээн зөвшөөрсөн үү?
-Нэмэлт мэдээлэл цуглуулах шаардлагатай гэж хэлсэн. Шинжилгээ өгсөн хүний хэд нь С вирус устгах эм ууж, эмчилгээнд орсныг гаргах ёстой. Лабораториуд тус бүртээ ийм тоог гаргахаар ажиллаж байгаа. Олон мянган хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас тодорхой хугацаа шаардлагатай. Шинжилгээ өгсөн хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл авч байж, дараагийн ажлаа хийх юм.
-Хариу буруу гарах эрсдэлтэй гэж үзсэн үндэслэл бий шүү дээ?
-Алдаа гарсан байх магадлал өндөр. Энэ тал дээр ЭМЯ нээлттэй ажиллана гэж амласан. Бид алдаа оноогоо засаад урагшлах хэрэгтэй.
МХЕГ ШАЛГАЖ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ
Ж.АМАРСАНАА (Элэгний эмгэг судлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн):
-Элэгний вирус тоолох шинжилгээний хариу зөрүүтэй гарч буйг шийдвэрлэх ямар боломж байна вэ?
-Хоёр шийдэл бий. ХӨСҮТ-өөс гадаадын лавлагаа лабораторийн сорьц авчирч, түүнийгээ дотоодын лабораторийн хариутай тулгаж хянадаг. Нөгөөх нь лабораториудын өөрийнх нь дотоод хяналт. Вирустэй болон вирусгүй гэдэг нь баталгаатай болсон хүний сорьц авч, энэ хоёрын хооронд гарах ёстой үр дүн нь зөв гарав уу гэдгийг хянах өвчтөний ийлдэс дээр хийх хяналт юм. Лабораториуд хоорондоо уялдаа холбоотой, хамтран ажиллавал шинжилгээний хариу зөрөх асуудлыг шийдэж чадна.
-Нэг лаборатори нь хэдэн сая вирустэй гэж байхад нөгөөх нь огт байхгүй байна гэдэг. Ийм байж болох уу?
-Байх ёсгүй. Аль нэг нь буруу хариу гаргасан гэсэн үг. Үүнийг МХЕГ шалгаж тогтоох хэрэгтэй. ХӨСҮТ-өөс баталгаажуулах хяналтыг жилд нэг биш хоёр удаа хийвэл сайн байна. Тус төвөөс батламж аваагүй лабораториуд вирус тоолж байна шүү дээ.