Өдөр тутмын амьдралдаа түүртэх хүн төрөлхтний анхаарлын гадна үлддэг хорхойн нүдэт хүн, олгой хорхой, онгод шүтээний талаар Г.Аюурзана сэдвээ болгодог. Далд ертөнцийн нууцыг мөшгих Г.Аюурзана өөрийн мэндэлсэн нутаг Баянхонгор аймагт хорхой нүдэт хүмүүс байсан гэх хууч ярианд үндэслэн Сахиуст хангайн нууцаа бичжээ. Тус ном нь энэ оны таван сард хэвлэгдсэн даруйдаа борлуулалт өндөртэй номын жагсаалтад зүй ёсоор ороод байна. Түүний урд бичсэн "Мэдэхгүйн тухайн яриа" эсээнд "Говьд олгой хорхой гэж учир нь олдохгүй, гайхалтай амьтан бий. Олгой хорхой нь биеэсээ цахилгаан цэнэг харвадаг хуурай газрын цорын ганц амьтан бололтой" хэмээн хиам шиг харагддаг амьтнаас говийнхон айн холуур явдаг талаар гардаг. Энэ талаар Г.Аюурзана хөндсөнөөс хойш гадны эрдэмтдийн анхаарлыг гойд татсан.
Тэгвэл энэ удаад хорхойн нүдэт хүнийг дүрслэхдээ "Мал муулж байхад хорхой нүдтэнүүдийн нэг ирж таарвал үхсэн малын цус шууд тэнгэр өөд олгойдоод тогтохгүй оргилсоор хөсөр дуусдаг төдийгүй мах нь ч идэхийн аргагүй бутарч зумардаг, тэдний өнгийж харсан айраг хар аяндаа хөхүүрээсээ халин сагаж асгардаг, сүү бол тогоон дотроо исэн гашилдаг, буцалж байсан мах улаан шүүрхийгээрээ үлдээд хэзээ ч болдоггүй гэнэ. Хатиг шарх хэрэв зээ хорхойн нүдэнд өртөх юм бол буглаж өвчин ордог ч гэлцэнэ. Нэгэн марзан хүн тэдний нэгэнтэй тааралдаад янзыг нь үзэх гэж "Ээ хуухай, хуруугаа эсгэчихлээ" хэмээн худлаа ярвайж, эрхийгээ барьсаар зөрсөн чинь, шөнө нь ганц хуруутаад хоносон, улмаар хувилаад үүрд хуруугүй болсон тохиолдол ч гарчээ" гэж гардаг.
Уг номд таван үе ор залгасан ноёны суудал, удам дамжсан хараалтай заяандаа халаглах Пүрэв гүний амьралыг харуулахдаа уншигчдад сахиуст хангайн нууцаа амархан задлалгүй олон таамаглалыг дунд үлдээжээ. Энэхүү номын онцлох хэсгээс ишилье.
- Журам нь шударгуу бол дууч эмс ч ёсыг манлайлмуу.
- Амьдрал бол эвийг нь олсхийгээд хөгжимдчихөж болдог хуучир биш.
- Царайлаг гэдэг үгийг Ягаандарь хараал гэж ойлгодог байлаа.
Шударга хүн ч ашиг хардаг юм шүү дээ. Учир нь шударга байх нь л өөрөө завшаан, түүнээс илүү завшаан байдаггүй. Шударга үнэнээр явсан хүн хэзээ ч алддаггүй гэдгийг ойлгосон хүн тэр тусмаа ашиг харалгүй яахав.
Шийдэх ёстой хүн нь эргэлзэж алмайрах зуур хувь заяа гэгч азнахыг үл мэдэн, өөрөө л хөтлөөд одогч буюу.