Эсээг уншихын хамт энэхүү аялгууг сонсвол зохимжтой.
Яг одоо эргэцүүлэмжийг минь уншин суугаа танд мөрөөдлийнхөө талаар ярихын өмнө өнгөрснөө сөхөхийг минь зөвшөөрнө үү
Намайг Хонгорзул гэдэг. Эмээ минь намайг "цэцэгний нэртэй цэцэгчин охин минь" гэж хайрлан дууддаг. Багаасаа л гэрт, ангид цэцэг услаагүй байхыг харж тэсдэггүй байж билээ. Нэгэн оршихуй миний гараар үндэслэн цэцэглэнэ гэж бодох надад сайхан байдаг.
Намар миний хамгийн дуртай улирал. Энэ үед би эмээгийнхээ бүтэн жилийн хөдөлмөр болсон ургацыг хураалцаж, түүний дэргэд хэсэг ч болов байдаг болоод тэр байх. Гэхдээ яг ч миний төрсөн эмээ биш л дээ. Би бодохдоо төрснөөс ялгаагүй миний эмээ л гэж санадаг юм. Түүнтэй анх танилцаад би Робинзон Крузо гэдэг нэр өгсөн. Учир нь эмээ минь Хэрлэн голын эрэг дээр ногоо жимсээ тарин ганцаараа амьдардаг. Үнэндээ ганцаараа биш юм байна. Түүнтэй хамт олон гоё цэцэгс, цонхны тавцан дээр ургах гүзээлзгэнэ, таван настай дүү шиг минь өндөр кактус, Помас нохой, Аялгуу мууртай хань болдог. Намар ургац хураах үед эмээгийн жижиг гэр хүн хөлөөр дүүрнэ. Найзуудаа дагуулаад очиход биднийг ургамал болон модны навчсаар хандалсан цайгаар дайлдаг. Мөн амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй болохоор зөвхөн ногоо жимсээр бэлтгэсэн амттай сайхан хоолтой угтана. Түүний амьдралын хэвшил хотын биднийхтэй огт адилгүй. Робинзон өглөө эртлэн босоод байгаль дэлхий болон нарандаа талархаад, ногооны талбайдаа ордог. Орж ирээд л сайн уу хайруудаа? сайхан ургаж байна уу гээд л амар мэнд байгаа эсэхийг нэг бүрчлэн асууна. Эзнийхээ үгийг сонсоод ногоо жимс нь сэргээд байгаа ч юм шиг. Эмээ минь химийн бордоо огт ашигладаггүй. Мөн голын эрэг дээр амьдардаг бас яг хажуудаа худагтай ч гэсэн говийн айл ч усыг ингэж хэмнэх бол уу даа гэмээр аригч хямагч. Робинзон юм угаасан усаа химийн бодис орсон ороогүй гэж ангилан дахин ашигладаг. Шампуний оронд халгай, хужир болон бас бус ургамлаар ханд бэлтгэж үсээ угаадаг. Энэ бүх зүйл эхэндээ хотод өссөн надад хэтэрхий санагдаж байснаас хамгийн марзан нь тэр нойлын цаас огт хэрэглэдэггүй. Нэг удаагийн бээлий өмсөөд нойлын цаасны оронд ус ашигладаг гэдгийг сонсоод би инээдээ барьж дийлэлгүй шоолчхож билээ. Гэхдээ одоо бодоход би өөрөө хүн шоолоод байхааргүй наад захын юм мэддэггүй, мэдэхгүйгээ бүр ч мэддэггүй охин байжээ. Нэг модыг тарихад хэчнээн их хүч хөдөлмөр шингэдэг гэдгийг мэддэг хүн хотын биднээс өөр л амьдардаг юм билээ. Намайг шоолсны дараа Робинзон надад нүдэндээ нулимстайгаар 2070 оноос ирсэн захидлыг уншиж өгсөн юм. Захидлыг сонсож дуусахад амьсгалахад хүртэл хэцүү санагдаж билээ. Энэ мэдрэмжээ илэрхийлэх боломжгүй тул би захидлын хэсгээс орууллаа.
"Би саяхан 50 нас хүрлээ. Гэхдээ 85-тай юм шиг харагддаг. Би бөөрний хурц үрэвсэлтэй. Яагаад гэвэл ус бараг уудаггүй. Надад амьд явах хугацаа маш бага үлдсэн гэж би бодож байна. Гэхдээ би энэ нийгмийн хамгийн өндөр настай хүний тоонд орно. Намайг 5 настай байхад юмс одоогийнхоос маш өөр байсан. Вантай усандаа арьсаа дэвттэлээ хэвтээд л, шүршүүрт ороод бүтэн цаг болдог байж билээ. Одоо бол бид нэг удаагийн, тэгээд тосны гаралтай чийгшүүлэгч цаасаар биеэ арчиж цэвэрлэж байна даа...
"УСАА ГАМНА" гээд л байнга сануулдаг байсан ч хэн ч тоодоггүй байж дээ. Бидний хүрээлэн байгаа орчин эцэс төгсгөлгүй элсэн цөл болж хувирчээ. Далайн уснаас давсыг нь ялгаж ундны усны ус гаргадаг үйлдвэрүүд л ажлын байр олгож байна. Тэд гэхдээ ажлын хөлсийг мөнгөөр биш усаар төлдөг...
...Миний амьдарч байсан тэр үеийнхэн бол ямар нэгэн зүйл хийж болох байсан сүүлчийн үе нь юм. Гэвч юу ч хийхгүй байх замыг сонгосон доо. Хэрэв би цаг хугацааг буцааж чаддагсан бол хүн төрөлхтөнд энэ бүхнийг ойлгуулахыг ямар их хүснэ вэ? Эх дэлхийгээ аврахад ямар нэгэн зүйл хийх боломжтой байсан тэр цаг үед буцаж очихсон!..."
Нээрэн л бид ирээдүй хойч үеэ боддог бил үү? Ихэнх хүмүүс өнөөдрөө л аргацааж байвал болох юм шиг амин хувиа хичээдэг гэдгийг энэ захидлаас, Робинзоны амьдралаас би ойлгосон.
Хуучны мэргэн үгэнд: "Байгаль бол бидний яаж ч болох өмч бус өнгөрснөөсөө хүлээж авсан шигээ ирээдүйдээ тэр л хэвээр нь хүлээлгэж өгөх ёстой газар юм" гэдэг. Хүн бүр дор бүрнээ багахан сэтгэл гаргаад дадал зуршлаа өөрчлөхөд бидний ирээдүйгээс ирэх захидал илүү гэгээтэй харин ч эсрэгээр байх боломжтой.
Эмээ бид хоёр мөрөөдөхдөө: Би арван жилийн дараа гэхэд газар тариалангийн техник технологиороо хамгийн сайн хөгжсөн Япон оронд суралцаад ирсэн байна. Ирэхдээ Монголд байдаггүй хамгийн сайн тоног төхөөрөмжүүдийг авч ирнэ. Эх орныхоо хэрэгцээг хангах хэмжээний их ургацтай, ургацаа хүрээлсэн ойн зурвастай болно. Тэр үед хүмүүс wifi-аас илүү хүчилтөрөгч бидний амьдралд хэрэгтэй гэдгийг ухамсарласан байна. Тэгээд органик, химийн бордоогүй, нарны чин энерги шингэсэн эрүүл жимс ногоог ард түмэндээ хүргэнэ.
Энэ мөрөөдлийнхөө төлөө би аав ээжийнхээ оруулж өгс орхиод "би цэцэгчин болмоор байна" гээд л зүтгэчихсэн. Уг нь танил тал, амар хялбараа бодвол аав ээжийн минь оруулж өгсөн мэргэжил дургүйцээд байхааргүй. Гэтэл миний доторх хүн, мөн чанар минь тэднээс яагаад ч өөр гэдгийг мэдэрдэг. Би багадаа аав ээж хоёртойгоо муудалцахаараа "би та хоёроос төрөөгүй цэцэгнээс төрсөн за юу" гэдэг байж билээ. Одоо аав ээж минь нээрэн л чи биднээс биш цэцэг жимснээс гарчихсан аятай аашлах юм гэж гайхах, зэмлэхийн дундуур хэлдэг.
Хэт сэтгэлийн хөдлөлөөр хандсан шийдвэр мэт сонсогдож байж болох ч би хүрээлэн буй орчны инженерээр сурч байгаадаа ерөөсөө харамсдаггүй. Гэхдээ аав ээжид минь өмнө төлсөн одоо төлөгдөх сургалтын төлбөр хүнд ачаа тул би цэцэг заран, бүжгийн багш хийх зэргээр төлбөрөө хөнгөлөх гэж хичээж л байна. Энэ гэхдээ асуудал биш ээ.
Хүмүүс энэ хорвоод мэндэлсэн л бол бохирдоогүй буцах хүн байхгүй гэх юм. Харин миний мөрөөдлийн талбайд би намар бүр өөрийн гараар тарьж ургуулсан ургацаа хураан энэ дэлхий дээр диваажин шиг үзэсгэлэнтэй газар байдаг. Тэр нь энд байна гэж хэлнэ. Намар надад олон зүйлийг өгч бас олон зүйлийг минь авч явсан улирал. Тэр нэгэн арван жилийн дараах намар би ...