АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын нүүрсний салбарыг дэмжих дөрвөн захирамжид гарын үсэг зуржээ.
Уг захирамжууд нь нүүрсний олборлолт, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, тухайн салбарын төрөл бүрийн хязгаарлалтыг хөнгөвчлөх зорилготой юм.
Үүнээс гадна Трамп холбооны хэд хэдэн нутаг дэвсгэрт нүүрс олборлож буй компаниудад тавьсан хоригийг цуцалжээ.
Төрийн тэргүүн нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд нь хиймэл оюун ухааны мэдээллийн төвүүдийг цахилгаанаар хангах боломжтой эсэхийг судлахыг Эрчим хүчний яам болон бусад агентлагуудад даалгасан байна.
Засгийн газар мөн хуучирч хоцрогдсон нүүрсний үйлдвэрүүдийг хаахаас зайлсхийж, тус улсын нутаг дэвсгэрт нүүрсний шинэ уурхай нээх зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгах ёстойг онцолжээ.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд мужуудын засаг захиргааны зүгээс нүүрснээс татгалзах хүчин чармайлтыг Хууль зүйн яам шалгана гэдгийг Трамп мэдэгдэв.
"Би үүнийг үзэсгэлэнтэй, цэвэр нүүрс гэж нэрлэдэг. Бид үзэсгэлэнтэй, цэвэр нүүрсний эсрэг хийсэн Жо Байдены дайныг нэг мөсөн дуусгах болно" гэж Трамп хэлжээ.
“Вашингтон Пост” сонины тэмдэглэснээр, АНУ-ын нүүрсний салбар хэдэн арван жилийн турш ноцтой уналтад орж, нүүрсийг байгаль орчинд арай бага сөрөг үр дагавартай бусад эрчим хүчний эх үүсвэрээр солих болсон. Байгалийн хийн олборолт, технологийн шинэчлэл эрчимтэй хөгжихийн хэрээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, үнэ огцом буурсан юм.