УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Төгрөг нуур"-ын ордтой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Иргэдээс "Төгрөг нуур"-тай холбоотой ноцтой мэдээлэл ирсэн. Тухайлбал, Уг нууртай холбоотой Женко группээс Х.Батулга гэж хүн гарын үсэг зурж “Дэйвү Интернэшнл” компаниар явуулсан албан бичиг байна. Албан бичиг компаниудын хооронд байдаг зүйл. Гэхдээ хэд хэдэн ноцтой зүйл байгаа юм.
20-ид жилийн өмнө банк санхүүгийн салбарт Номарангийн хэрэг гэж олон хохирогчтой, 10 сая ам.долларын хохиролтой залингийн маягтай ноцтой хэрэг гарч байсан.Тэгвэл энэхүү 2006 онд байгуулсан албан бичигт “Номарангтай холбоотой Монгол шуудан болон Голомт банк дээр нээсэн хохирлыг миний бие хүлээнэ” гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Энэ нь тухайн хэргийг нарийвчлан шалгах, гэм бурууг тогтоох шаардлага байгааг харуулж байна. “Мөн дээрх албан бичигт Монголын байгалийн баялаг нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, зарж байна. Хятад талын худалдан авагч олж өгөөч" гэсэн утга бүхий санал, хүсэлт байгаа юм. Энэ нь "Төгрөг нуур"-ын ордыг зарсан гэх асуудалтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. УИХ-ын гишүүн хүн Монгол Улсын Үндсэн хуулиар өөр ажил эрхэлж болохгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн ажил хийхгүйгээр зөвхөн хууль баталлах ажлаа хийх ёстой. Гэтэл 2006 оны уг албан бичгийг явуулсан хүн нь УИХ-ын гишүүн байсан гэх ноцтой сэжүүр байгаа юм. Төгрөг нуурын ордын хэргийг шалгаж байгаа байх.Тэр утгаараа энэ мэдээлэл нэмэлт нотлох баримт болж магдгүй гэсэн үүднээс өнөөдөр мэдээлэл хийж байна" гэлээ.