Орон нутгийн замд өнгөрсөн пүрэв гарагт ослын улмаас олон хүн амиа алдлаа. Тухайлбал, Булган аймгийн Орхон сумын нутаг, Оросын булаг гэх газарт энэ сарын 17-ны 10.15 цагийн үед “Ландкруйзер-200” загварын жийп хүнд даацын ачааны “Норд бенз”-тэй мөргөлджээ. Булган, Орхон аймгийн нутгийн заагт, үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх оролдлого хийснээс энэ осол гарсан хэмээн орон нутгийн эх сурвалжууд мэдээлж буй юм. Ослын улмаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Геологи, хайгуулын экспедиц, Автотээврийн цехэд ажилладаг Ц.У, Б.Э, М.А болон уг жийпэнд сууж явсан Б.Н нар нас баржээ.
Мөн тухайн өдрийн 18.00 цагийн үед Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт Хангийн боомт руу явах замд “Тоёота приус-20” загварын суудлын автомашин онхолдсоноос жолооч нь амиа алдсан гэнэ. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт мотоцикл нь онхолдсоноос нэг иргэн нас барсан байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн нутагт “Тоёота приус-20” онхолдсоны улмаас зорчигч эмэгтэй амиа алдаж, жолооч нь гэмтсэн, Завхан аймгийн Алдархаан сумын нутагт “Тоёота клүгер” явган зорчигчийг дайрч амийг нь хохироосон осол гарсныг харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн ажилтнууд шалгаж буй аж.
Г.Орчлон