Францын Парис хотод хагас сарын турш үргэлжилсэн ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 21 дүгээр хурлын үеэр манай улс “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн жагсаалтад баримтат хоёр өв бүртгүүлжээ. Тодруулбал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс нэр дэвшүүлсэн, эртний монгол хэл, бичгийн дурсгал болох Хүйс толгойн бичиг, Монголын анагаах ухааны академиас нэр дэвшүүлсэн Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэрийг дэлхийн баримтат өвөөр бүртгэж, баталгаажуулсан байна. Эл хурлын үеэр “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын зөвлөх хорооны үнэлгээгээр нийт 74 өвийг жагсаалтад шинээр бүртгэсэн аж.
Манай улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид Хүйс толгойн бичгийг 1967 онд Булган аймгийн Могод сумын нутгаас илрүүлсэн гэж үздэг бөгөөд хэл шинжээч Александр Вовин үүнийг эртний монгол хэлээр бичигдсэн болохыг анх 2017 онд тогтоожээ. Улмаар Засгийн газар 2019 онд эл дурсгалыг Түүх, соёлын хосгүй үнэт өвийн жагсаалтад бүртгэжээ. Харин Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр нь Монголын хуучин цагийн анагаах ухааны сургуульд үздэг хүний биеийн бүтэц зүйн үндсэн сурах бичиг, эрдэмтэн, судлаачдын сонирхлыг татдаг судалгааны гол бүтээлд тооцогдож иржээ.
Ж.Сувд