Ромын Пап лам Франциск улаан өндөгний баяр буюу Бурхны хүү Есүс Христийг дахин амилсан өдөрийн маргааш нь, 4-р сарын 21-ний өглөө тэнгэрт хальжээ. Пап лам сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн асуудалтай байв. Өвдөгний үений мэс засал хийлгэж, багадаа уушгиныхаа талыг авхуулснаас болж байнга ханиад томуу, амьсгалын замын үрэвслээр өвдөх нь нэмэгджээ. "Politico" сонины эх сурвалжийн мэдээлснээр Ромын пап Франциск өөрийн ойр дотны хүмүүстээ өвчнөө даван туулж чадахгүй байж магадгүй гэдгээ хэлж, түүндээ эртнээс бэлдэж байжээ.
Тэрбээр хоёрдугаар сарын 6-нд 91 настай Жованни Баттиста Реийг Кардиналуудын (Ромын католик шашны шатласан тогтолцооны дагуу хамба ламын дээд хэргэм) Зөвлөхийн даргын бүрэн эрхийг сунгасан байна. Жованни Баттиста Ре нь Пап ламыг нас барсны дараа конклав буюу дараагийн пап ламыг сонгох Кардиналуудын уулзалтыг удирдах гол хүн юм.
Үүнээс гадна хоёрдугаар сарын 15-нд Фрэнциск хугацаанаас нь өмнө Ватиканы дараагийн захирагчаар гэлэнмаа Раффаэлла Петринийг томилжээ. Петрини бол энэ албан тушаалыг хашиж буй анхны эмэгтэй юм.
Пап ламын залгамжлагчийн тухай яриа гараад нилээд удаж байна. Францикс эмнэлэгт хэвтсэнээс хойш ердөө долоо хоногийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараагийн гэгээнтний нэр дэвшигчдийн жагсаалтыг нийтэлж эхэлжээ.
Луис Антонио Тагл
67 настай кардинал Луис Антонио Тагл нь хамгийн хүчтэй нэр дэвшигчдийн нэг аж. Тэрээр Ромын католик сүмийн түүхэнд кардинал цол хүртсэн долоо дахь Филиппин хүн юм. Түүнийг одоогийн хамба ламын үзэлтэй төстэй зүүний үзэл бодолтой болохоор нь "Азийн Пап лам Францис" гэж нэрлэдэг бөгөөд сүмийн дэвшилтэт жигүүрийн төлөөлөгч гэж тооцдог. Цөөнхийн олон гишүүдийг “өмнө нь гутаан доромжилж байсан нь тэднийг итгэл үнэмшил, нийгмээс тусгаарлахад хүргэсэн” гэж Тагл олон удаа мэдэгдэж байжээ.
Пьетро Паролин
Гэгээн ширээт улсын төрийн нарийн бичгийн дарга 70 настай Пьетро Паролин нь дараагийн Пап лам болох магдлалатай хүний нэг. Тэрээр Францисктай 11 жил хамтран ажилласан бөгөөд үүнээс өмнө амьдралынхаа нэгээхэн хэсгийг Нигери, Мексик улсуудад Пап ламын дипломат төлөөлөгчийг хийэ байжээ. Пьетро Паролинийг улс төрийн ноён нуруутай гэж үнэлдэг.
Маттео Дзуппи
69 настай Кардинал Маттео Зуппи нь Ромын Пап лам Францискийн хамгийн ойрын бөгөөд хүндлэл хүлээсэн нэгэн. 2022 оны тавдугаар сараас хойш тэрээр Италийн хамба лам нарын бага хурлын тэргүүний албыг хашиж байна. Зуппи АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай уулзаж олон дипломат айлчлал хийжээ. Ромын пап Франциск түүнийг "Украины мөргөлдөөний хурцадмал байдлыг намжаахад хувь нэмрээ оруулахыг" уриалсны дараа кардинал Киевт очсон байна.
Питер Эрде
Унгарын 72 настай кардинал Петер Эрде нь консерватив жигүүрийн удирдагчдын нэг бөгөөд сүмийн либералчлалыг тууштай эсэргүүцэгч гэж тооцогддог. Тэр дундаа салсан католик шашинтнуудын мөргөлийг хориглохыг дэмждэг. Эрде өмнө нь Европын хамба лам нарын бага хурлын зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.
Питер Турксон
76 настай Питер Турксон нь түүхэнд анхны хар арьстай Пап лам болох магадлалтай. Тэрбээр Гана улсын кардинал, Кейп эргийн хамба лам асан, Африкийн католоик сүмийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг юм. Тэрээр илүү дэвшилтэт үзэл бодлыг баримталдаг бөгөөд дэлхийн дулаарал, нийгмийн тэгш бус байдал, сүмд хүртээмжтэй байдлын асуудалд илүү анхаардаг аж.