“Про”-г зорихдоо муу “юм” үзүүлэх вий гэсэн сэтгэл зовнилгүй ч, жир үзэгчид ямар гайхамшиг үзүүлэх бол гэх догдлол тээдэг болжээ. Манай хотод байсан, байгаа, байх олон театрын нэг нь “Про” ч гэлээ тэд “биднийх” гээд өмчилж болох өөрсдийн үзэгчидтэй болжээ гэж хэлэх байна. Энэ хавар тус театрынхан улаанбаатарчуудад Вампиловыг толилуулж буй. Өмнө нь хөдөлгөөний хэл, драматик илэрхийлэлд тулгуурладаг физикл, дүрслэл, орон зайн шийдэл давамгайлах визуал драм үзэгчдэд хүргэсэн бол энэ удаагийн жүжгээ мета драм гэж нэрийджээ. Энэ нь үзэгчид суудлаа эзлээд улаан хөшиг нээгдэхийг хүлээнэ гэсэн үг биш юм. Ингэхээр уншигч танд ойлгомжгүй санагдаж магад. Тэгвэл тэдний ээлжит уран бүтээл төдийгүй тус үдшийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлын тухай дэлгэрэнгүй хүргэе.
Үзвэр эхлэх цаг нэлээн тулсан үед театрын хаалгаар үсэрч ороод хүрмээ өлгүүлж, тасалбараа атгаад хоёр давхар руу гүйлээ. Үүдэнд нь хэсэг үзэгч цувж харагдах ба хамгийн сүүлийн үзэгч шиг санаж явснаа бага зэрэгтайвшрав. Тасалбар шалгагч энэ жүжгийн зөөгч Диматай тун төстэй гээч. Ийнхүү танхимд суудлаа эзэлтэл жүжиг хэдийн эхэлсэн мэт зураглал угтсан ба энэ нь дээр дурдсан мета драмын онцлог юм. Товчхондоо, жүжиг доторх жүжиг буюу дүрүүд танхимтай шууд харьцах болно. Гол дүр Зилов, Галина, Кушак, Вера, Саяпин, Кузаков нар тайзнаа холхиж, “Бид бэлдэж байна” гэсэн шиг байх. Баруун, зүүн буланд 3-4 сандал тавьсныг дүрүүд нь өөрийн үзэгдлээ дуусчхаад тайзны ар руу “шингээд” алга болох бус, түүн дээр сууж, жүжгээ дэргэдээс нь ажиглах гэдгийг хожим мэдлээ.
Жүжиг харьцангуй хурдан өрнөлтэй, ойлгомжтой диалогтой юм. Үлгэр жишээ залуу Зилов эхнэртэй, давгүй ажилтай, сайн найз нөхөдтэй. Гэвч юм бүхэн ил харагдаж буй шигээ биш аж. Жүжигчнээс их хүч шавхсан дүр юм, энэ Зилов. Уран бүтээлч төдийгүй үзэгчийг ч их “ядрааж”, шаналахад хүргэх юм. Гол дүр Зиловт “Про” театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан З.Булган тоглосон. Энэ театрын анхны жүжгээс нь тасралтгүй үзсэн үзэгчийн хувьд хэлэхэд, түүнийг ийм чадварлаг гэж санасангүй. Үүнээс илүү Зилов гарч ирэхгүй л болов уу. “Шадар гурван цэрэг”-ийн Портос, “Инээмтгийн хүн”-ий чоно Хомод тоглосон уран бүтээлч шүү дээ. Үүнээс өмнө тэр туслах дүрүүдэд голлон ажилладаг байв. Жүжгийн дараа түүнтэй ярилцахад эл дүрд “Инээмтгий хүн”-ий Гуинпленд тоглосноор үзэгчдэд танил болсон Соёлын тэргүүний ажилтан Б.Билгүүн яригдаж байж. Харин ерөнхий найруулагч Б.Анхбаатар түүнд гол дүрд ажиллах санал тавьснаар анхны Зиловыг ийнхүү харлаа.
Энэ дүр үнэхээр ярвигтай. Орчин үеийн нийгэмд ямар эр хүнийг үлгэр жишээ гэдэг билээ. Тэр яг л тийм хүн. Гэвч түүний хуурамч, адармаатай, самуурсан сэтгэл зүйг үзүүлэхдээ өндөр дуугаар бархирсангүй. Тун чиг мэргэжлийн байлаа. Мимикээрээ дамжуулан дүрийн сэтгэл зүйг илэрхийлж, тэрхүү илэрхийлэмждээ маш логиктой ханджээ. Браво! Чи тун сайн байлаа.
Александр Вампилов бол 1960-1970 он буюу Зөвлөлтийн улс төр, эдийн засаг, нийгэм тогтворгүй үед өөрийн жүжгийн зохиолоо ид туурвиж, хүний дотоод ёс суртахуун, өдөр тутмын амьдралын зөрчил, гутралыг бүтээлдээ тусгадаг нэгэн. Утга зохиолын шүүмжлэгчид түүний зохиол экзистенциализмыг зарим талаар тусгасан гэх ч үзэгчийнхувьд “Нугасны ан” бол цэвэр экзистенциалист бүтээл гэж хэлэх байна. Учир нь тус зохиол бүхэлдээ амьдрал утга учиргүй мэт санагдах мэдрэмж, хүний дотоод ганцаардал, хоосролын тухай билээ. Александр Вампиловын уг бүтээлийг тэд барьж авсан. Жүжигт анхаарал татах гял цал үйл явдал байхгүй. Насанд хүрэгчдийн туулдаг л амьдралыг энд үзүүлнэ. Дурлал, мэхлэлт, нөхөрлөл, уйтгар, сонголт, эрээгүй байдлыг.
Үзэгчид гол дүрүүдээс бусдад нь тоомжиргүй ханддаг талтай. “Нугасны ан”-д гялтганаж буй туслах дүрүүд ч байна. Зиловын эхнэр Галинад Соёлын тэргүүний ажилтан Б.Даваасүрэн, дарга Кушакд М.Лхагва, Зиловын нууц амраг Верад Э.Буд-Эрдэнэ, түүний найзуудад Б.Билгүүн, мөн залуу жүжигчин Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон нар тогложээ. Хоорондоо уялдаатай ажиллан, зарим үед нэгнээ нөхөж байлаа, тэд. ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг төгссөн залуус “Про” театрыг байгуулснаас хойш долоо дахь жүжиг нь “Нугасны ан”. Үүний тавд нь Б.Анхбаатар ерөнхий найруулагчаар ажилласан байна. Тэрбээр хүүхэлдэйн театрын найруулагч, жүжигчин мэргэжилтэй. Түүнтэй ярилцахаас өмнө тэрбээр “Хүүхэлдэйн театрыг зөвхөн хүүхэд үздэг гэж ойлгож болохгүй. Санктд хүүхдийн жүжгийг ихэвчлэн насандхүрэгсэд үздэг. Хүүхэлдэйн театрын мэргэжил нь нарийн санааг энгийн болгож үзүүлэх тул тун чухал” гэж байлаа. Үзвэр дууссаны дараа үзэгчид гэр гэртээ харьж, дараагийн зогсоол руугаа явж, театр эзгүйрэх үед үзэгчдийн суудалд суун ерөнхий найруулагч, гол дүр З.Булган нартай ярилцсан юм.
Ерөнхий найруулагч Б.Анхбаатар “Уран бүтээлчид үзэгчдээ дагуулж явах нь зүй болохоос үзэгчдийнхээ араас биш. “Нугасны ан” гэхийг “Сүүлчийн бороо” гэж өөрчилсөн л дөө. Бэлтгэл ажлуудыг эс тооцвол жүжигтэйгээ ажиллахад сарын хугацаа зарцуулсан. Гол дүр ажлаа маш сайн гүйцэтгэлээ. Гэхдээ уг дүрийг жүжигчин насан туршдаа сайжруулж, өөрчилж, тоглолт бүрд өөрөөр харуулах боломжтой гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ингээд л болчихлоо гэж бодож болохгүй. Найруулагч эх зохиолыг яаж ч өөрчилж болно. Гол нь зохиолчийг хүндэтгэж, ерөнхий агуулга, санааг алдагдуулж болохгүй юм. Найруулагч өөрийн өнцгөөс харсан бүхнээ шингээж, дүрүүдээ эвдвэл зохиолч болчихно. Гэхдээ би зөвхөн илэрхийлэгч шүү дээ.”
Энэ удаагийн тоглолтыг Улаан-Үдийн драмын театрынхан ирж үзсэн ба жинхэнэ монгол Вампилов үзлээ хэмээн тэдэнд баяр хүргэжээ. Зиловын дүрд ажилласан Соёлын тэргүүний ажилтан З.Булган “Оросын театр бүр эл жүжгийг тоглодог. Бид анх Санкт-Петербург хотод тус жүжгийг үзэхэд гол дүр Зиловт манай багш тоглож байсан. Үзвэрийн дараа түүнтэй гар барихад “Манай багш яасан мундаг юм бэ”, “Зилов яасан “зэвүүн” дүр вэ” гэж мэдэрч байв. Би Зиловуудыг хооронд нь сайтар харьцуулсан. Манай багшийн бүтээсэн нь арчаагүй, доожоогүй мөртлөө маневртай бол Константин Хабенскийн амилуулсан нь хүчтэй, мужик зан чанартай гэх мэт. Тэгвэл би яах вэ, ямар байх вэ гэж их бодсон. Бусадтайгаа ч их ярилцсан. “Булгаа чи энэ дүрд ажиллаад үз” гэхэд нь “Яана аа” гэж бодсон ч жүжигчний хувьд энэ дүрийг харвал их гоё шүү дээ, дээшээ доошоо савлагаатай, шандас шаардана. Тиймээс энэ дүрд ажиллах нь мэргэжлийн хувьд нэг шат ахиулж өгч буй хэрэг болов уу. Эхний хоёр, гурав дахь тоглолтод урд эгнээнд сууж байгаа эмэгтэйчүүдийн энерги надад хүчтэй мэдрэгдсэн. Над руу гутлаа тайлаад шидэх вий дээ гэж бодсон шүү. Намайг тэгтлээ үзэн ядаж байгаа юм. Эхнэр нь жирэмсэн гэдгээ хэлтэл үл тоогоод залуухан бүсгүйтэй зугаацаад явж байгаа юм чинь. “Салаавч өгчихмөөр санагдсан” гэх сэтгэгдэл байна лээ. Дүрээ амилуулж чадаад байгаа юм биш үү гэх бодол төрсөн (инээв)”.
Үргэлж “том” бүтээл барьж авдаг тэд тун зоригтой хүмүүс юм. Нээлтийн тоглолт бус, нэлээд жигдэрсэн үед нь “Нугасны ан”-г үзлээ. Гэхдээ хэдэн ч тоглолтын ард гарсан хөшиг нээгдэх бүрд юм бүхэн үргэлж шинэ байдаг шиг ээ. “Про” театрын “Нугасны ан” буюу “Сүүлчийн бороо” жүжиг РЦНК-д энэ сарын 27-ныг дуустал баасан, бямба, ням гарагттоглоно. Үзэгчдэд барих тэдний гэнэтийн бэлгийг сонирхож, энгийн нэг нугасаар юуг төлөөлүүлснийг та бүхэн үзээрэй.