Иргэний зориулалттай дэд бүтцэд цохилт өгөхөөс харилцан татгалзах асуудлаар хоёр талын хэлэлцээр хийхэд бэлэн байгаа гэж ойлгогдохоор үг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэллээ. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский түүний үгэнд хариу өгөөгүй ч энгийн иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулсан аливаа яриа хөөрөөнд манай улс бэлэн гэж мэдэгдэв. Украин ч, Орос ч иргэний дэд бүтцийн объектыг буудахад хориг тавья гэж саяхан Зеленскийн хэлсэн саналд Путин даваа гарагт тайлбар хийжээ. Саудын Арабад АНУ-тай тус тусдаа хэлэлцээр хийж, Украин, Орос улсууд аль алиныхаа эрчим хүчний объектуудад цохилт өгөхөөс 30 хоногийн хугацаанд түдгэлзэхээр тохиролцсоны дараа Киев ийм санаачилга гаргасан юм.
“Эрчим хүчний хориг” гээч уг нь гуравдугаар сарын 18-нд эхэлж хугацаа нь дууссан ч түүнийг сунгасан талаар талууд мэдэгдэл хийгээгүй. Түүний зэрэгцээ уг зөвшилцөл хүчин төгөлдөр байх хугацаанд ч тохиролцоогоо зөрчлөө хэмээн өдөр бүр шахам Москва, Киев хоёр биенээ буруутгаж байсан билээ. Энэ зэмлэл чухам юун дээр үндэслэж байв?
Гуравдугаар сарын хэлэлцээрийн явцад Украин 30 хоног бүрэн эвлэрэл тогтоохыг санал болгосон ч Киев хийгээд түүний Өрнөдийн холбоотнууд нь хүлээж авах боломжгүй гэж үзсэн хэд хэдэн болзол Орос тавьсан байдаг. Путин сая мэдэгдэхдээ “Орос улс энхийн аливаа санаачилгад ямагт нааштай хандаж ирсэн. Киевийн дэглэмийн төлөөний хүмүүс ч ийн хандана гэдэгт найдаж байна” гэлээ. Дараа нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тодруулга өгч, “Путиний тайлбар Украинтай шууд хэлэлцээр хийхэд, тухайлбал, иргэний зориулалттай объектуудад цохилт өгөхөөс татгалзахад тэр бэлэн байгааг нотоллоо. Хоёр талын иргэний объектуудад цохилт өгөхгүй байх тухай сэдвийг Ерөнхийлөгч хөндсөн нь чухам Украины талтай хэлэлцээр хийхийг сэдсэн хэрэг” гэж хэлсэн байна
Урьд нь Оросын албан ёсны хүмүүс, түүний дотор Путин Украинтай шууд хэлэлцээр хийхээс татгалзаж байсан юм. Зеленскийн бүрэн эрхийн хугацаа дууссан ч ээлжит сонгууль хийгээгүй тул түүний эрх хэмжээнд эргэлзэж буйгаа Кремль нэг бус удаа хэлж байсан. Гэхдээ энэ мэдэгдэл нь дайн байлдаантай цагт сонгууль хийхийг шууд хориглосон Украины Үндсэн хууль болон эрхийн бусад баримт бичгийн заалтад харшилж буй. Дэлхийн нэг ч улс, олон улсын байгууллага Украины төрийн институтийн бүрэн эрхэд эргэлзэхгүй байгаа юм
Оростой Украин шууд хэлэлцээр хийхийн тулд хүсэл байвал холбоо тогтоох замд тээг болж буй энэ мэт саадыг “хууль эрхийн хувьд цэвэрлэх ёстой” гэж Дмитрий Песков тайлбартаа өгүүлсэн байна. Оростой хэлэлцээр хийхээс Украин зориуд татгалзаад байгаа юм биш үү гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэрбээр ингэж хэлжээ. Үнэн хэрэгтээ ийм хорио саад байхгүй, харин Владимир Путинтэй хэлэлцээр хийх боломжгүй гэсэн агуулгатай Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн шийдвэрийг батламжилсан зарлигт Зеленский 2022 оны аравдугаар сард гарын үсэг зурсан байдаг. Тэгвэл Путин Украинтай холбоо тогтооход бэлэн, гэхдээ “Украины дэглэмийн одоогийн удирдагч бүрэн эрхтэй байхдаа хэлэлцээр хийхийг хориглох тухай тунхаг гаргачихсан юм билээ” хэмээн энэ оны нэгдүгээр сард хэлсэн юм. Ийм нөхцөлд хэлэлцээр нь шулуухан хэлэхэд хүчингүй, тодруулбал, хэлэлцээрийн үр дүнг хүчин төгөлдөр бус гэж зарлах хэрэгтэй болно гэж Оросын Ерөнхийлөгч үзэж байна.
Хэрэв Украинд энх амгалан тогтоох юм бол Путинтэй шууд хэлэлцээр хийхэд бэлэн гэж Зеленский хоёрдугаар сарын эхээр мэдэгдсэн юм. Тэгэхдээ “Энэ алуурчинтай яриа хөөрөө хийх нь бууж өгсөнтэй адил” гэж хэлж байсан Зеленский Путинтэй хэлэлцээр хийхэд бэлэн гэснийг юу гэж ойлговол зохилтой вэ.
Зеленский энэ сарын 21-нд мэдэгдэхдээ “Ядаж иргэний зориулалттай дэд бүтцэд цохилт өгөхгүй байх Украины санал хэвээр байгаа. Москва тодорхой хариу өгөхийг хүлээж байна. Бид аливаа яриа хөөрөө хийхэд бэлэн, харин яаж хийх вэ” гэж мэдэгджээ.
Путиний санал болгосон “Улаан өндөгний баярын түр эвлэрэл” гээчийн үр дүнг Зеленский тайлбарлахдаа “Үнэхээр энэ баяраар агаарын түгшүүр зарлаагүй, фронтын зарим хэсэгт нам гүм байсан. Орос аллагаа багасгах алхам хийвэл энэ боломжтой гэсэн үг” гэж хэлж байв. Фронтод 30 цагийн түр эвлэрэл тогтоохыг дээр өгүүлсэн баярын өмнө Путин санал болгож, Украин ч түүнийг хүлээж авч байлаа. Гэлээ ч түр эвлэрэл зөрчсөн гэж Киев, Москва хоёул түүний туршид мөн л биенээ буруутгаж байсан.
“Гучаас доошгүй өдөр нисгэгчгүй төхөөрөмж, холын тусгалтай пуужингаар иргэний зориулалттай дэд бүтцэд аливаа цохилт өгөхийг зогсоох” шинэ тохиролцоог Зеленский саяхан санал болгов. Энэ байр суурийг нь судалъя гэж Путин хариуллаа. “Үүнийг авч үзэх хэрэгтэй, тэгэхдээ нарийн нягт судалгааг хоёр тал хийх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна. Үүний зэрэгцээ иргэний зориулалттай объект дээр цэргийнхэн байсан тохиолдолд түүнд цохилт өгснийг буруутгахгүй гэж Путин мэдэгджээ. Сумы хотод сая Орос пуужингаар цохилт өгснийг Путин тайлбарлахдаа түүнд өртсөн их сургуульд цэргийн алба хаагчдыг шагнах ёслол болж байсан гэсэн байна
Гэвч ийм мэдэгдэл олон улсын эрхийг яалт ч үгүй зөрчиж байгаа аж. Женевийн конвенцод зааснаар иргэний объект дээр байгаа цэргүүд тухайн үед байлдааны ажиллагаанд идэвхтэй оролцож буй тохиолдолд л тэр объектод цохилт өгөхийг зөвшөөрсөн байдаг аж.
Орос бүрэн хэмжээгээр довтолгооноо эхлүүлсний дараа Орос, Украины шууд хэлэлцээр Туркийн Истанбул хотод болж байсныг бид мэднэ. Хэрэв даруйхан үр дүн гарахгүй бол дайныг зохицуулах зуучийн үүрэг гүйцэтгэхээр чармайлт гаргахаа зогсооход бэлэн гэдгээ АНУ илэрхийлээд байгаа үед хэлэлцээр хийхэд бэлэн гэж Путин мэдэгдлээ.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ч дэвшлийн ямарваа шинж тэмдэг ойрын өдрүүдэд мэдрэгдэхгүй бол энх амгалан тогтоох хүч чармайлтаасаа Вашингтон татгалзана гэж АНУ, Украин, Европын орнууд оролцон Парист хийсэн хэлэлцээрийн дараа мэдэгдсэнс юм. Түүний хэлснээс үзвэл энхийн хэлэлцээрийг дахиад хэдэн өдөр үргэлжлүүлэхэд АНУ бэлэн байгаа бөгөөд дараа нь өөр асуудалд анхаарлаа төвлөрүүлэх юм байна. Хожим нь Ерөнхийлөгч Дональд Трамп ч энэ тухай хэлж байв. Хэлэлцээр мухардалд орвол Украинд энх амгалан байдал тогтоох оролдлогоо зогсооно гэж тэрбээр хэлдэг болоод байна. Крымийг Орост хүчээр нэгтгэснийг АНУ хүлээн зөвшөөрч, НАТО-д элсэхээс Украин татгалзах талаар тусгасан дайн зогсоох төлөвлөгөөг Киевт АНУ санал болгосон гэж “Wall street journal” сонинд бичжээ. Энэ сарын 23-нд Лондонд болсон АНУ, Украин, Европын төлөөлөгчдийн хэлэлцээрийн үеэр уг төлөвлөгөөг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэрэв талууд тохиролцоонд хүрвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф Москвад ээлжит айлчлалаа хийх нь мэдээж дараагийн алхам байх юм гэж тус сонины нийтлэлд өгүүлжээ. Энх амгалан байдал тогтоосны хариуд Крымийг Оросынх хэмээн АНУ хүлээн зөвшөөрч ч болзошгүй бололтой.
Р.Жаргалант