Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд тэмдэглэх болсон. Монгол бөхөнгийн өдөр өчигдөр тохиолоо. Бөхөнгийн тоо толгой сүүлийн 27 жилийн хугацаанд долоо дахин өсөж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн баярт мэдээг тус байгууллагынхан энэ өдөр зарлав. Судлаачид 1981 онд Шаргын говьд 1000 хүрэхтэй, үгүйтэй бөхөн үлдсэнийг тогтоож, эл амьтны популяц мөхлийн ирмэгт ойртсоныг анхааруулж байжээ. Улмаар олон улсын болон үндэсний байгууллагууд хамтран 1998 онд дахин тооллого хийж Монголын говьд 3340 бодгаль нутаглаж буйг тогтоон, энэ үеэс хамгааллын ажлуудыг эрчимжүүлсэн аж. Тэгвэл дээрх байгууллагаас хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд хийсэн судалгаагаар бөхөнгийн тоо түүхэнд байгаагүйгээр өсөж, 23 215-д хүрснийг тогтоожээ.
1998 оноос хойш бөхөнгийн сүрэг томоохон хоёр сорилттой нүүр тулжээ. 2003 оны зуднаар бөхөн хиарч, тоо толгой нь 750 хүртлээ цөөрч байж. Харин удаах нь 2017 онд баруун бүсэд дэгдсэн бог малын мялзан өвчин. 10 мянгад хүрч өсөөд байсан ховор амьтны популяц халдварт өвчний улмаас тухайн онд гурав дахин буурчээ. 2019 оны судалгаагаар манай орны говийн бүсэд 3800 орчим бөхөн бүртгэгдсэн бол үүний дараа жил 8451, 2021 онд 13 925, 2023 онд 15540 болж өссөнийг баримтжуулсан аж. Эл амьтны тоо толгой өсөхийн хэрээр тархац нь тэлж, өмнө нь идээшилж байсан түүхэн газрууддаа эргэн нутаглаж эхэлснийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан дурдав. Айраг, Хяргас нуурын хотгорт эргэн нутагшсан бөхөнгийн тоо тасралтгүй өссөөр 906 болж нэмэгджээ.