Засгийн газрын богино, дунд хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлснээ Монголын хөрөнгийн биржээс уржигдар мэдээлсэн. Тодруулбал, Засгийн газар найман жилийн дараа анх удаа дотоодын зах зээлд бонд гаргасан юм. Тэгвэл Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Бонд форум-2025” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Гол зорилго нь бондын зах зээлийн ач холбогдлыг сурталчлах, иргэд, олон нийт болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд энэ зах зээлд эрх чөлөө, боломж олгох замаар санхүүжилт татах нөхцөл бүрдүүлэх аж. Одоогоор биржийн болон биржийн бус зах зээлд давхардсан тоогоор 181 компани 8.8 их наяд төгрөгийг бондын эх үүсвэрээс татан төвлөрүүлээд буй гэнэ. Тодруулбал, 27 аж ахуйн нэгж биржээр дамжуулан бонд арилжиж 4.5, 154 аж ахуйн нэгж биржийн бус зах заалд үнэт цаас гаргаж 4.3 их наяд төгрөгийн санхүүжилт татсан байна. Цаашид бондын зах зээлийг өргөжүүлэх, дэмжих, нээлттэй, уян хатан бодлого хэрэгжүүлэхэд анхаарч буйг холбогдох албаны хүмүүс энэ үеэр дурдлаа. Санхүүгийн зохицуулах хороо уур амьсгалын, нийгмийн, жендерийн, тогтвортой хөгжлийн гэхчлэн бондын нэр, төрлийг олшруулж, зах зээлийг нь тэлэх бодлого баримталж буй аж.
Тус хорооны дарга Т.Жамбаажамц “Бондын зах зээлээр дамжуулж эх үүсвэр татах нь эдийн засагт ач холбогдолтойгоос гадна урт хугацаандаа компанид олон давуу тал олгодог” гэж онцоллоо. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон бондын зах зээлд “Топ-100” аж ахуйн нэгжүүдийг түлхүү дэмжиж, санхүүгийн эх үүсвэр татах таатай боломж нөхцөлөөр хангахаа мэдэгдэв. Үүний эхлэл болгож, эдгээр байгууллагын төлөөлөл “Топ-100” аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд нийтэд санал болгон үнэт цаас гаргахад хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т өчигдөр гарын үсэг зурсан юм.
Н.Наран