Манай улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар ажиллаж буй. Үүний хүрээнд цөөнгүй бараа, бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулж, тэглэхээр төлөвлөсний дотор утаат тамхи багтжээ. Үүнийг эсэргүүцэж УИХ-ын гишүүн О.Номинчимэг өчигдөр мэдээлэл хийв. УИХ-ын байнгын хороод чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг зөвшилцсөөр байгаа. Түүнчлэн УИХын дарга захирамж гаргаж, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд электрон болон янжуур тамхины хэрэглээг зохицуулах нэмэлт, өөрчлөлтийг тусгах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан.
Уг ажлын хэсгийг ахалж буй гишүүн О.Номинчимэг “Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрээр янжуур тамхины гаалийн албан татварыг тэглэхийг би гишүүн болон иргэн хүнийхээ хувьд эсэргүүцэж байна. Манайд янжуур тамхины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдсээр буй. Гаалийн ерөнхий газрын өгсөн мэдээллээр Монгол Улс өнгөрсөн онд 3.5 тэрбум ширхэг утаат тамхи импортолжээ. Үүнийг хүн амын тоонд хуваан тооцвол нэг хүн жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи татдаг гэсэн үг. Электрон тамхины хэрэглээ ч ялгаагүй, зохицуулалт байхгүй. Өнгөрсөн жил гэхэд л 7.8 сая ширхэг электрон тамхи импортолсон байна. Импортын тамхины 35 хувийг Евразийн түр хэлэлцээрт нэгдсэн таван улсаас оруулж ирдэг. Өөрөөр хэлбэл, манайд татваргүй тамхи нийлүүлдэг учраас янжуурын үнэ зах зээлд 3000-4000 төгрөг буюу маш хямд байдаг. Хэрэв гаалийн одоогийн 30 хувийн татварыг бүрмөсөн тэглэвэл нэг хайрцаг янжуур зайрмагаас ч хямд болно. Энэ нь төрөөс иргэдийн эрүүл мэнд, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүйд заналхийлж буйгаас ялгаагүй. Тамхины гаалийн албан татвараас жил бүр төвлөрүүлдэг 68 тэрбум төгрөг ч “салхинд хийснэ”. Мөн тамхинаас үүдэлтэй хавдрын тоо тогтмол нэмэгдэж, жилд дунджаар 4300 иргэн утаат тамхины уршгаар амиа алддаг гэсэн судалгаа бий. Тиймээс тамхины татварыг бууруулах биш, эсрэгээр нь нэмэгдүүлж, хатуу зохицуулалт хийх шаардлагатай. Эс тэгвээс манай улс оршуулгын газраа л тэлсээр байх биз” гэв.
М.Гэгээ