Монгол оронд орчин цагийн гэрэл зургийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд Улаанбаатар хот, 21 аймгийн төвд долоо хоногийн турш гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна. Монголын уран зургийн галерейд “Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Уг үзэсгэлэнг “Гэрэл зургийн долоо хоног” цогц арга хэмжээний хүрээнд түүх, байгаль, орчин үе сэдвээр олон нийтийн хүртээл болгож буй юм. Тодруулбал, Монгол Улсад1845 оноос өнөөг хүртэл гэрэл зургийн салбар хэрхэн хөгжсөн, Манжийн болон Богдхаант засгийн үе, монгол хүн анх сансарт ниссэн, атар газар эзэмшсэн, бичиг үсэг тайлагдсан зэрэг түүхэн үйл явдлыг харуулсан ховор, нандин зургуудыг дэлгэжээ.
Энэ талаар Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Ц.Батбаатар “Дэлхийд 1830-аад оны дунд үед гэрэл зураг үүсэж хөгжсөнөөс хойш тун удалгүй монголчууд гэрэл зурагт анх дүрсээ үлдээсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, 1845 ондбуюу 180 жилийн өмнө монголчууд анх гэрэл зургаа авхуулж байжээ. Францын Шинжлэх ухааны академи 1839 оны IX хурлаараа гэрэл зургийг шинжлэх ухааны бүтээл хэмээж, 1839 оны нэгдүгээр сарын 7-ныг гэрэл зураг буй болсон өдөр гэж үздэг юм. Энэ өдрөөс ердөө зургаан жилийн дараа буюу 1845 онд франц худалдаачин Жан Пьер Алибер хэмээх хүн 25 настайдаа монголчуудын дүрсийг гэрэл зурагт анх удаа буулгасан байна. Зурагт одоогийн Хөвсгөл аймгийн Ханх сумаас хойд зүгт, 20 орчим километр зайд байрлах Ботогол хэмээх газар нутгийн уугуул иргэд Түнхэний буриадууд, манж ноён болон европ хүмүүс тодорхой гарсан байдаг.
Энэ бүхнийг монголчууддаа сурталчлан таниулах, гэрэл зургаар мэлмийг нь баясгах боломж олдсонд баяртай байна. Үзэсгэлэнгийн өдрүүдөөр өөрийн онцлогтой өрнөх юм. Тухайлбал, өнөөдөр (өчигдөр) түүх, маргааш (өнөөдөр) байгалийн гэрэл зурагчид бүтээлээ толилуулна. Харин дараагийн өдөр нь хэвлэлийн салбарын гэрэл зурагчдын бүтээлийн үзэсгэлэн, өдөрлөг зохион байгуулна” гэв.
Мөн залуу гэрэл зурагчдын уран бүтээлийн болон баримтат гэрэл зураг сонирхогчдын өдөрлөгийг зохион байгуулах гэнэ. Түүнчлэн энэ сарын 27-нд залуу гэрэл зурагчдын улсын анх дугаар уралдааны шалгаруулалт болох юм байна.
Ч.Болор