“Залуу байгаад уучлаарай”. Залуусаа хайхардаггүй төр засагтай улсад ийн хашхираад хэн ч сонсохгүй биз. Нийт хүн амынх нь 31 хувийг залуучууд буюу 15-34 насныхан эзэлдэг Монгол Улс 2019 онд дүлэгнэж, дуншиж байж арайхийн баталсан Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрөө 2021 онд хүчингүй болгочихсон гэвэл та итгэх үү. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баталсан энэхүү хөтөлбөрийг дараагийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсныхаа дараахан ор мөргүй “баллуурдсан” гэсэн үг.
Хуулиараа Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг тэргүүлдэг Ерөнхий сайд нь залуучуудаа тэгтэл заналхийлэх ямар шалтгаан байсныг энэ салбарынхан ойлгож сөхөөрөөгүй байтал удалгүй ээлжит сюрпризээ барих нь тэр. 2023 оны аравдугаар сард Засгийн газрын 378 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог өөрчилж, залуучуудын хөгжлийн асуудлыг бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнүүд, “Залуучуудын хөгжлийн төв”-тэй нь хамт тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газрын харьяанд шилжүүлэв.
Улмаар 2024 оны сонгуулийн дараа залуучуудын асуудлыг Ч.Номин сайдын яамны харьяанд шилжүүлснээр хөл, толгойгоо алдаж гүйцжээ. Улс орны хөгжлийн гол зүтгүүр болдог залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн асуудал орхигдож, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах талаар хэн, ямар ажил хийх нь тодорхойгүй, салбар эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын аль нь хариуцах нь мэдэгдэхгүй явсаар 2025 оны төсөв санхүүгээ ч батлуулаагүй өдий хүрээд байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “хатавчинд” шинээр Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэж бий болгосон ч өнөөх ганц институцийнхнээ ямар ажлыг, хэдий хугацаанд, хэрхэн хийх тухайд чиглүүлэх Үндэсний хөтөлбөргүй, бодлого зорилт, төлөвлөгөөгүй хаячихаар төсөв мөнгөө ч тавиулж чадахгүй “амьгүй албатууд” болж хувирчээ.
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ҮГҮЙ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САН Ч ҮГҮЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даргалдаг Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлөөс өнгөрсөн жил аймгууд дахь салбар зөвлөлийнхөндөө ямар нэгүүрэг чиглэл, төсөв төлөвлөгөө гаргаж өгөөгүйн дээр оны эцсээр ажлын тайлан гүйцэтгэл ч нэхэж аваагүй байна. Дээрээ нэгдсэн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтгүй болсон орон нутгийн Салбар зөвлөлийнхөн сүүлийн жил гаруйнхугацаанд залуучуудын өмнө тулгамдсан асуудлуудыг хаана, хэнд дуулгахаа мэдэхгүй, сайн дураараа өөрсдийгөө “сойн” ажиллах болжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин яамныхандаа “Хуулийн хэлтсээр хянуулахгүйгээр хэвлэлийнхэнд ганц ч мэдээлэл бүү өгөөрэй. Залуучуудын асуудлаарх мэдээллийг, ямар зорилгоор ашиглах гэж байгаа тухай хүсэлтийг нь эхлээд албан бичгээр авах ёстой шүү. Надад бас танилцуулаарай” хэмээн давхар давхар үүрэг өгөөд амжиж. Эрхэлсэн асуудлынх нь хүрээнд сэтгүүлч тодруулга авах гэхээр толгойгоо хаялан сэлбэлзэж, тоомжиргүй гэгч нь зогсож байдаг төрийн сайд хүнд ардчилсан улсын ард иргэдийн мэдэх эрхэд хориг саад тавих нь юу ч биш бололтой.
Бас болоогүй, залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор эл асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ньдэргэдээ “Залуучуудын хөгжлийг дэмжих сан”-тай байна гэсэн хуулийн заалт байдаг ч зургаан жилийн хугацаанд хэрэгжихгүй байхаар нь хасчхаж. Монголд хуулийн заалтыг авч хаях нь “Залуучуудын хөгжлийг дэмжих сан” байгуулахаас мэдээж хялбар байлгүй яах вэ. Залуучуудын ажилгүйдэл буурахгүй, эрүүл мэнд болон боловсрол гэх мэт хөгжлийн индексүүд нь хойшоо чангааж буйн шалтгаан чухам хаанаа байгааг оношилж чадахгүй явсаар эцэстээ 2017 онд баталсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиа ч орвонгоор нь өөрчлөхөөр яригдаж эхэлжээ. Залуучуудын асуудлыг нэг яамнаас нөгөө рүү шилжүүлж, үндэсний хөтөлбөр баталснаа буцаагаад үгүй хийж, бодлогын хэрэгжилтийг хангах газраа “шүдгүй арслан”, үндэсний болон салбар зөвлөлөө “амьгүй албат” болгож, хуулиараа оролдсоор байгаад сүүлдээ жоомоо шатаах гээд байшингаа түймэрдэхийн үлгэр болох вий. Тэгсэн хэрнээ “Алсын хараа-2050” зэрэг бодлогын баримт бичигтээ залуучуудын хөгжлийн асуудлыг ингэж анхаарна, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг төдөнхувиарнэмэгдүүлнэ гэх мэт хоосон уриа лоозон олныг тусгасан нь хачирхалтай. Гэтэл дэлхий дахинд бүх зүйл эсрэгээрээ, тогтвортой байдлыг чухалчилдаг байна.
ОЛОН ОРОНД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ СТРАТЕГИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ
Дийлэнх оронзалуучуудынхаа боловсрол, эрүүл мэнд, хөгжил, оролцоо, хөдөлмөр эрхлэлтэд ихээхэн ач холбогдол өгч, энэ асуудлыг бодлогын хэмжээнд хариуцан авч явах институц, бүтэц зохион байгуулалт, төсөв хөрөнгө, хүний нөөцөд анхаардаг. Учир нь залуусын хөгжил, оролцоо өндөр байх тусам тухайн орны эдийн засаг болон нийгмийн эмзэг байдал, ядуурлын түвшин буурдагаж. Тиймээс улс орнууд залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог хангах хүрээнд тусгай яам, агентлаг, зөвлөлүүд байгуулан ажиллуулж, өөр өөрсдийн бодлого, стратегийг боловсруулан хэрэгжүүлж байна. Тухайлбал, OECD (Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага)-ын орнуудаас Швед улс Боловсрол, судалгааны яамтай, бие даасан хуультай бол Шинэ Зеланд Залуучуудын хөгжлийн яам, Турк Залуучууд болон спортын яамаараа дамжуулан Залуучуудын хөгжлийн үндэсний стратегийг хэрэгжүүлдэг. Манай хөрш ОХУ-д Залуучуудын асуудал хариуцсан Холбооны агентлаг нь Залуучуудын хөгжлийн стратегийг хэрэгжүүлдэг бол БНХАУ-д Хятадын Коммунист залуучуудын холбоо ньХятадын залуучуудын бодлогыг ажил хэрэг болгодог аж.
Үүнээс гадна тэдэнд чиглэсэн стратегийн хэрэгжилтэд зориулж жил бүр тодорхой хэмжээний санхүүжилтийг улсын төсөвтөө суулгадаг байна. Монгол Улс үндэсний хэмжээнд залуучуудын хөгжлийг дэмжихэд зориулж жилддунджаар 140 сая төгрөг баталж байгаа нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хангалтгүй гэдэг нь ойлгомжтой. Нөгөөтээгүүр, залуучуудын оролцоог дэмжихэд зарцуулж буй санхүүжилтийг 2017-2021 онд жил бүр нэмэгдүүлсээр ирсэн ч ямар үр дүнд хүрсэн нь төдий л тодорхой бус байжээ. Тухайлбал, орон нутагт хэрэгжиж буй залуучуудад чиглэсэн арга хэмжээний санхүүжилтийн ихэнх хувийг элдэв нөлөөллийн аян, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, хурал, форумд зарцуулж ирсэн байх юм. Харин залуучуудын хөгжил буюу амьдрах ухааны ур чадвар эзэмшүүлэх сургалтад зарцуулж буй хөрөнгийн хэмжээ тасралтгүй буурч, гарааны бизнесийг дэмжих санхүүжилт хамгийн бага байжээ. Өөрөөр хэлбэл, нэг залуу хүнд ногдох төсвийн болон төсвийн бус санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэн ч залуучуудын хөгжил, оролцоог хангахаар хийсэн ажил, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнгийн талаар нарийвчлан авч үзэх шаардлагатай гэсэн үг юм.
САХИЛ ХҮРТЭЭХ ГЭЭД ШАЛ ДОРДУУЛАХ ВИЙ
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд 2023 онд үнэлгээ хийсэн багийнхан “Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих, нийгмийн оролцоо, эрх, үүргийг хуулиар баталгаажуулахын зэрэгцээ тэдэнд чиглэсэн бодлого, үйлчилгээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангах, хяналт үнэлгээ хийх боломжтой болсон нь ач холбогдолтой. Хуульд залуучуудын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо илэрхийлэх, оролцох үйл явцыг баталгаажуулахын зэрэгцээ, түүнийг хэрэгжүүлэх “Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл”-ийг шат шатанд байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн нь хэрэгжилт сайтай байна” хэмээн дүгнэсэн байх юм. Гэтэл үндэсний болон салбар зөвлөлийн уялдаа холбоо өдгөө алдагдаж, үйл ажиллагаа нь овоо дориун жигдэрч байсан Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд эзэнгүйдэх болов.
Мөнтөрөөс залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилт дундаж түвшинд байгааг тус багийнхан онцолжээ. Тухайлбал, залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих заалтын хэрэгжилт “заримдаг”, боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарынтухайд “дундаж”, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудалд “хангалтгүй” байсан бол эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх тал дээр “хангалттай” гэсэн үнэлгээ гарч. Мөн тус хуульд заасан насны хязгаар (15-34)-аас хамаарч хуучнаарГБХЗГ, хэлтэс дотор үл ойлголцол, бэрхшээл үүсдэгээс гадна зарим заалт нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Эрүүл мэндийн тухай хуулиудын зарим зүйл заалттай давхацдаг тухай ч дурдаж. Ийнхүү Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн оны есдүгээр сард УИХ-ын гишүүн М.Ганхүлэгээр ахлуулан байгуулжээ.
“Одоогийн байгаа бүтэц, орон тоо, зохион байгуулалт талаас нь харвалЗалуучуудын хөгжлийн хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй. Бид олон талаас нь судалж байгаа” хэмээн М.Ганхүлэг гишүүн ярилаа. Залуучуудын асуудлыг урьд нь салбарын яамны хэрэгжүүлэгч агентлагийн харьяанд нэг газрын л статусын хэмжээнд авч үздэг байсан бол өдгөө бие даасан яамтай болсон нь цаашид нөхцөл байдлыг илүү дээрдүүлнэ гэж харж буйгаа ч бас хэлсэн юм. Харин нөхцөл байдал хөрсөн дээрээ онхи ондоо байгааг орон нутаг дахь залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүд онцолж байна. Тэд ССАЖЗЯ-ны харьяанд очсон дээд газрынхаа дарга, ахлах, мэргэжилтнүүдтэй холбоо ч тогтоож чадахаа байсан тухайгаа учирлав. Техник, технологийн дэвшлийн ачаар Монгол орны хаанаас ч байсан, хэзээ л бол хэзээ бид нэг нэгэнтэйгээ утсаар ярьдаг болсон. Гэтэл залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын сайд, дарга, удирдлагууд газар дээр нь ямар асуудал үүсээд байгааг уламжлах гэсэн мэргэжилтнүүдтэйгээутсаарярихаастатгалзаж сууна гэхээр хошин шог гэлтэй. Мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохгүй байсаар шинэ хуулийн өөрчлөлт, шинэчлэлээр байдлыг шал дордуулах вий дээ.
Залуучуудын асуудал зөвхөн соёл урлаг, кино, музей, театр, спортын тэмцээн уралдаан төдийхнөөр хэмжигдэхгүй. Тиймээс адаглаад энэ цагийн монгол залуучуудын хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, тэдний нийгэм, эдийн засгийн байдал, гэр бүл, хувь хүний хөгжил, оюун санаа, ёс суртахуун, мэдлэг, боловсролын түвшин, бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэнд, үнэт зүйлийг тодорхойлох суурь судалгааг даруй хийх шаардлагатайг онцолсон байна билээ. Судалгааны багийнхныхаа гаргасан санал, зөвлөмж, үр дүнтэй ядаж танилцсан уу, Ч.Номин сайд аа.
Л.Ганчимэг