Улаанбаатар дахь “Русский дом”-д 2026 оны нэгдүгээр сараас Монголын сэтгүүлчдэд зориулсан орос хэлний курс нээхээр болжээ. Оросын Россотрудничество агентлагийн дарга Евгений Александрович Примаков болон гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн хооронд хийсэн цахим хурлын үеэр дээрх шийдвэр гарсан аж. Тус цахим хуралд ТУХН-ийн орнууд /Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл/, Европ, Африк, Азийн сэтгүүлчид нэгджээ. Мөн Монгол Улсыг төлөөлж, MNB телевизийн “Voice of Mongolia” нэвтрүүлгийн редактор Г.Ариунболд, -ИТАР-ТАСС-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Туяна Зандуева, “UBS”, “AIST Global” сувгийн хөтлөгч, “Шинэ үе 2024” хөтөлбөрийн оролцогч Б.Цэрэнлхам оролцжээ. “Россотрудничество”-гийн тэргүүнтэй ярилцах үеэрээ Монголын сэтгүүлчдийн мэргэжил дээшлүүлэх, хөгжүүлэх боломжийн талаар манай сэтгүүлчид хоёр асуулт тавьж, хариулт авчээ.
Евгений Примаков Россотрудничество залуу сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдэд зориулсан “Интерновости”, “Шударга үзэл” зэрэг бусад төслүүд, солилцоо, боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагаа онцолж, Монголын сэтгүүлчдэд нээлттэй гэжээ.
Мөн Улаанбаатар дахь “Русский дом”-д бүтэн жилийн турш орос хэлний сургалт явуулдаг болсон тухай мэдээлэв. Сурагчдын хүсэл эрмэлзэл, сахилга батыг нэмэгдүүлэх зорилгоор бэлгэдлийн чанартай багахан төлбөр авдаг аж. Харин 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Оросын хэвлэлийн өдөр, Улаанбаатар хотод Оросын шинжлэх ухаан, соёлын төв нээгдсэний ойг тохиолдуулан сэтгүүлчдэд зориулсан орос хэлний тусгай сургалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. “Эхнээс нь” гэсэн бэлгэдлийн нэртэй энэхүү сургалтууд Монголын хэвлэл мэдээллийн салбарын сонирхсон бүх хүмүүст нээлттэй юм байна.