“Дөчин мянгат”-ын уугуул соёлоор төлөвшсөн Хотын захирагчтай байх үед европ рестораных шиг тансаг орчин бүрдүүлсэн Сүхбаатарын талбайдаа бид сонгодог хөгжмийн аялгуунд “Венийн вальс” бүжиглэдэг байлаа. Австрийн удирдаач Маттиас Флецбергер болон УДБЭТ-ын удирдаач Н.Туулайхүү нарын дохиураар Улсын филармонийн симфони оркестр, австри хийлч Лида Баечийн хоршил дор нийслэлчүүд Э.Бат-Үүл мээртэйгээ төв талбайд вальс эргэж асан романтик хаврыг санана уу.
Сонгинохайрхны сонгогчдоос өөр хүмүүсээр ажилдаа дүнтавиулж үзээгүй Х.Нямбаатар шиг Хотын захирагчтай болчхоор улсынхаа нийслэл, төв талбайгаа ямархуу дүр төрхтэй байгааг одоо нэг хар даа. Нийслэлийг удирдахаар ирэнгүүтээ түүний гаргасан“мэргэн” шийдвэрүүдийн нэг нь Сүхбаатарын талбайн урд автобусны буудал, зогсоол бий болгож, хавь орчноо хог, тоос шороогоор булах байв. Төв талбай маань энэхавар эгээтэй л “хар зах” шиг ундуй сундуй, Сонгинохайрхны захын хорооллын гудамж талбайгаас ч долоон дор болоотохлоо.
“UB food festival” гэж цагтаа орон орны хоолны соёлыг танилцуулдаг сонирхолтой өдөрлөг энэ талбайд зохиогддог байсан бол Нямбаатарын тооллын үед чимх будаатай хуурга, халбага гурилтай шөлний төлөөх оочер болгож утгыг нь алдуулсан. Талбайн энд тэндгүй элдэв янзын асар, шовгор босгож, худалдаа наймаа, хоол хүнс, циркийн үзүүлбэр нэртэй нүд хуурсан “халтуур”, хажуугаар нь бичил жагсаал цуглаан, мөндугуй, скүүтэр, суррон, мопед түрээсийн үйлчилгээ битүү. Удахгүй ширээний теннис, шатрын тэмцээн хүртэл зохиогдох юм гэсэн.
Хаврын улс төржилт, жагсаал цуглаанаас эмээсэндээ манай Хотын захирагч төв талбайдаа зогсоо чөлөөгүй ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулах үүрэг өгснөөс зайлахгүй дэг.
Дэргэдээ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёлын төв өргөөтэй Сүхбаатарын талбайд дутуу юм гэвэл дуу хөгжим, усан оргилуур, ногоон байгууламж зэрэг амарч тухлах тохитой орчин л байна. 1.6 сая хүн аж төрдөг метрополис хотын төв талбай шүү дээ. “Хотын соёл” гэж ихээхэн ярьсан өмнөх нэг дарга нь усан оргилуур хийх нэрийдлээр талбайн урд талын ногоон байгууламжийг сүйдэлсэн. Гэвч одоо усан оргилуур ч үгүй, ногоон байгууламж ч үгүй болоод, хаврын хаварт ам дөрвөлжин хиймэл зүлэг дэвсэж аргацаадаг болсон. Дэлхийн ямар ч хот төв талбайгаа ингэж санаатайгаар гутаан, бохирдуулдаггүй билээ.
Л.Аргамжин