Азийн 3х3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн манай улсад эхэллээ. Монголын шатрын холбоо Азийн шатрын холбоотой хамтран эх орондоо зургаан жилийн дараа зохион байгуулж буй эл тэмцээнд Ази тивийн долоон орны шилдэг тамирчид оюунаа сорьж байна. Тавдугаар сарын 2-нд өндөрлөх тус тэмцээний нээлттэй ангилалд эхний хоёр байрт, эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн шатарчид “Дэлхийн цом”-д оролцох эрх авах нь. Тэмцээнд 2009 оноос хойш Индонез улсын парламентын гишүүнээр ажиллаж буй Азийн шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн 3х3 бүсийн ерөнхийлөгч, их мастер Адианто Утут хүндэт зочноор оролцох аж. Тэмцээний ерөнхий шүүгчээр Хонконгийн олон улсын шүүгч Кк Чан, оноолт хариуцсан шүүгчээр Филиппиний Майкл Жосеф Пагаран, тоглолтын шүүгчээр Малайзын Генкисваран Муниан, Монголоос олон улсын болон улсын 10 шүүгч тоглолтыг дэнсэлнэ.