Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 17 хувиар буюу 1.1 их наядаар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Уул уурхай, олборлох үйлдвэрийн орлого 857.6, цахилгаан хий, уур агааржуулалтынх 169.5 тэрбум төгрөгөөр өссөн нь үүнд голлон нөлөөлсөн байна. Харин уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл өмнөх жилийнхээс 18.6 хувиар өсөн 5.5 их наяд төгрөгт хүрэхэд хүдрийн олборлолт 27.2, чулуун болон хүрэн нүүрснийх 11.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Боловсруулах салбарт ус, ундаа, шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өнөө жил 2024 оны эхний улирлынхаас 6.4-54 хувиар өссөн бол металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, гурил, цементийнх 2.3-28.9 хувиар буурчээ.
Н.Мишээл