Сүүлийн үед орон нутагт уулын спорт эрчимтэй хөгжиж, сонирхох залуус олон болсон. Баруун аймгийн таван сум өндөр уулстай тул ороннутагтаатэмцээн зохион байгуулж, сайн тамирчдыг бэлтгэж буй. Тэднээс Увс аймгийн Улаангом сумын харьяат, ОУХМ Н.Лувсаншарав 2016 оноос хөнгөн атлетикт хөл тавьж, тэр жилээ оргил булаалдах тэмцээнд түрүүлж, уулын спортоор хичээллэх урам авсан гэдэг. Хэдий хүсэл тэмүүлэл байвч эр зориг, мэдрэмж, ухаан шаарддаг эрсдэл ихтэй спортод хүмүүс сэтгэл татагдан дурлах нь цөөн. Сайн дасгалжуулагчийн удирдлагад тэрбээрбэлтгэл хийж, ур чадвараа богино хугацаанд ахиулан олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож эхэлсэн юм. Гэхдээ түүнд амжилт амархан ирээгүй. Тамирчдад тулгардаг бэрхшээлүүдтэй тэр ч бас нүүр тулсан. Олон зүйлээр унаж, босохыг нь шалгаж, сорьдог өрсөлдөөн, тэмцлийн талбар болих уу, үргэлжлэх үү гэх сонголтыг тамирчин хүнд өөрт нь оногдуулдаг. Тэрбээр үлдэх шийдвэрийг гарган, өөрийн хичээл зүтгэлээр саадыг даван туулж, зорилгодоо хүрэхээр тэмүүлсэн. Өрсөлдөгчөөсөө илүү өөрийгөө ялан дийлсэн үед амжилт ирдгийг тэрбээр бэлтгэл сургуулилалтаараа харуулж, медалийн тавцанд зогссон юм. Тухайлбал, Итали Улсад 2023 онд болсон Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах скайраннингийн долоо дахь удаагийн тэмцээнд тэрбээр 23 хүртэлх насны ангилалд өрсөлдөж түрүүлсэн билээ. Тус тэмцээний дараа Японыг зорьж, Осакад зохион байгуулсан шатаар авиралтын (69 давхар) ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, хүчтэй өрсөлдөгч болохоо мэдрүүлсэн. Тэгвэл Японд энэ сарын эхээр болсон цастай өндөр уулсын Ази-Номхон далайн бүсийн цастай уулын гүйлтийн тэмцээндтэргүүлэн хошой алтан медаль гардан тивийн шилдгүүдэд шинэхэн танил биш гэдгээ зарлан тунхагласан түүнийг зочноор урилаа.
-Уулын спортоос цастай уулын гүйлт манай улсад хөгжиж буй залуу төрөл. Эл спортод тивийн аваргаар шалгарч, спорт сонирхогчдыг баярлуулсан танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Тэргүүн байрын төлөө тантай өрсөлдсөн тамирчдаас хамгийн хүчтэй нь эзэн орных байлаа.
-Баярлалаа. Японд зохион байгуулсан цастай ууланд гүйх тивийн тэмцээнд улсаа төлөөлөн анх удаа оролцон хоёр төрөлд түрүүлж, нийлбэр дүнгээр Азийн аварга болсондоо сэтгэл өндөр байна. Ази номхон далайн орнуудын 400 гаруй тамирчнаас хамгийн хүчирхэг нь Японых. Эхний өдөр салхи, шуургатай, маргааш нь бороотойд уралдсан. Тэндхийн цаг агаар, уур амьсгал, орчин нөхцөлд хурдан дасан зохицсон тул хоол хүнс нь ч надад сайн таарсан. Амжилт гаргахын тулд Говь-Алтай аймгийн Хантайшир уулыг зорьж, далайн түвшнээс дээш 2800 метрийн өндөрт 21 хоног бэлтгэл базаасан. Би өндөр уултай газар амьдардаг. Увс аймгийн Наранбулаг сум аавын минь төрсөн нутаг. Хүүхэд байхдаа уул, ус, адуу малтай ойр өссөн нь хэрэг болсон. Энэ спортод дуртай болохоор амьдралаа зориулж явна. 2016 онд хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин А.Гантулга багшийн шавь болж, удирдлагад нь бэлтгэл хийж эхэлсэн. Тэр жилээ оргил булаалдах тэмцээнд түрүүлж, уулын спортоор хичээллэх урам авч билээ. Түүнээс дөрвөнжилийн дараа Улаанбаатарт ирж, ҮБТДС-д суралцаж төгссөн. Цар тахлын хөл хорио тавигдсаны дараа, 2022 оноос бэлтгэл шаргуу хийж, уулын спортын тэмцээнүүдэд оролцож амжилтын гараагаа эхлүүлж байв.Намайг тэмцээнд оролцох бүрд нутгийн минь уулс ивээж, түшдэг гэж боддог.
-Тамирчид амжилтын гараагаа өөдрөг эхлүүлэхдээ их бэлгэшээдэг юм билээ. Танд ч гэсэн таатай бодол төрүүлсэн нь лавтай.
-Хүнд өөрийгөө мэдрэх зөн совин бий. Залуучуудын ДАШТ-д өрсөлдөхөөр Италийг 2023 онд зориход түрүүлэх мэдрэмж төрөөд байлаа. Тус улсад “Mongolia skyrunning” холбоог үүсгэн байгуулсан Л.Золбаяр ахтай хамт хөл тавихдаа vertical (уулын оргил өөд гүйх) төрөлд түрүүлж, skyrace (уулаар 24 км гүйх)-д V байрт шалгаран нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон юм. Тамирчид уралдааны замд саадтай тохиолдох энүүхэнд. Skyrace төрөлд 16 км-т тэргүүлж явтал уруудах замд пүүзэнд асуудал үүсэж, араас нэхсэн тамирчдад гүйцэгдэн байр хойшилсон. Цастай ууланд гүйлтийн классик төрөл нь бартаат замд уралддаг марафонтой төстэй. Өгсүүр, уруу замд тус бүр таван км хурд сорьдог тул шаардлагатай үед таяг хэрэглэдэг.
-Японы тамирчдыг эхний гурван байрт шалгарахыг хараад энэ тэмцээнд эртнээс бэлджээ гэх бодол төрсөн шүү.
-Залуучуудын ДАШТ-д оролцохдоо гадаадын тамирчидтай танилцаж, мэдээлэл хуваалцдаг болсон юм. Цахим хуудас, инстаграмаас нь тэдний бэлтгэл хэрхэн хийж буйг хардаг байв. Японы скайраннингийн холбооны ерөнхийлөгч дээрх тэмцээнд намайг түрүүлэхийг, мөн Осака хотод болсон шатаар авиралтынДАШТ-ээс хүрэл медаль хүртэхийг харсан юм билээ. Тухайн үед 69 давхар шатыг есөн минутадтуулж, тэргүүн байрт шалгарах амар байгаагүй л дээ. Тэмцээн зохион байгуулах улс мэдүүлгээ явуулсан тамирчдад линк илгээдэг. Нээж үзээд ямар орны оролцогчид надтай ана мана өрсөлдөх магадлалтайг харж судалдаг. Энэ удаа Японы тамирчдыг түлхүү судалж, тактик боловсруулсан. Азийн АШТ эхлэхийн өмнө багш “Чи гараанаас гараад урагшаа л зүтгэ. Уралдах явцад бүх зүйл аяндаа шийдэгдэнэ дээ. Шавьдаа амжилт хүсье. Хошой алтан медальтай ирээрэй” гэж зөвлөсөн. Японд очиход скайраннингийн холбооны ерөнхийлөгч нь “Чамайг энэ тэмцээнд түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Ингэж хэлсний учир нь тэрбээр гадаад, дотоодын тэмцээнд миний хэрхэн амжилт гаргасныг нэгбүрчлэн судалж, тамирчдаа бэлтгэлээ хийлгэн цастай уулын гүйлтийн гурван том цуврал тэмцээнийг улсдаа зохион байгуулсан байлаа. Тэднийг эн тэнцүүхэн өрсөлдөж, эхний гурван байрт багтахад миний өмнөх амжилтууд багагүй нөлөөлсөн болов уу. Би багшийнхаа хүслийг биелүүлж, амлалтдаа хүрч аварга боллоо.
-Цас ордоггүй, халуун уур амьсгалтай орны тамирчдад уул өөд өгсөж гүйх амаргүй санагдсан байх.
-Тэдний заримаас цасан дээр гишгэх нь байтугай бэлтгэл ч хийж үзээгүй нь уралдааны үед анзаарагдсан. Японы Цумагой ууланд тэмцээн болсон. Цанын баазтай, модтой байгалийн үзэсгэлэнтгазар болохоор жуулчид их ирдэг юм билээ. Монголд орсон цас удахаараа хатуурдаг. Тэгвэл тэнд уулынх нь цас манайхаас өөр. Хөвсгөр зөөлөн гишгэхээр хөл шигдэж ороод гүйхэд амаргүй байв.Монголчуудын хувьд цастай ууланд гүйх байдаг л нэг энгийн зүйл. Манай нутагт цас их унадаг, өвдөг давна. Тийм их цаснаар малын хойноос явах хэцүү. Нүүдлийн амьдрал хүнийг ажилсаг, гярхай, хэр баргийн зүйлд халшрахааргүй хатуужилд сургадаг. Тэр дундаа мал маллах нь хүний ухааныг тэлж, хөгжүүлнэ. Таван хошуу малаас ямаа өвсний сорыг идэж, усны тунгалгийг ууж, хад асгатай, өөд газар тэмүүлдэг тун хэрсүү амьтан. Уулын оройд гарсан ямааны араас өдрийн хэд гүйх надад нэг талаар бэлтгэл болдог сон. Цастай уулын гүйлт экстрим спортын төрөлд багтдаг. Зорилго тавиад хичээллэхэд зориг, тэвчээрээс гадна сэтгэлийн хат их шаардана. Намайг тив, дэлхийн тэмцээнд оролцоход холбооны маань удирдлага, дасгалжуулагч багш, гэр бүл, ах дүүс, найз нөхөд их дэмжсэн.
-Тивийн тэмцээний зам бартаа ихтэй, уруудаж гүйхэд амаргүй болов уу гэмээр харагдсан. Тийм үед төлөвлөсөн тактикаа өөрчилж уралдав уу?
-Уруудаж уралдахад зам нь тун эвгүй, бэртэж болзошгүй саад ихтэй санагдсан. Зөөлөн цасанд гутал гулгаад, эсвэл далий гишгэж хойш савж уначих гээд амаргүй байв. Тийм үед тэнцвэрээ алдахгүйг их хичээсэн. Уулын спортод иймэрхүү адармаатай зүйлтэй байнга тулгардаг. Хичээллэх шийдвэр гаргахад нүүдлийн ахуй амьдрал, байгальтай ойр өссөн минь нөлөөлсөн. Ууланд хурга, ишигний араас хөөцөлдөж гүйхдээ өгсүүр, хад асгатай газар гар, хөлөө гэмтээхгүй явах, уруудахдаа унаж бэртэхгүйн тулд буух замаа тооцоолдог байсан хүүхэд насны минь мэдрэмж гол суурь болсон доо.
-Италид болсон ДАШТ-д Монголын тамирчин анх удаа түрүүлж, аварга болсон тэр дурсамжаар тань аялах сан гэх бодол төрөөд байна. Та ч сонирхолтой зүйл өгүүлэх биз.
-Итали улс манайхаас таван цагийн зөрүүтэй. Тэмцээн болох газрын орчин, цагийн зөрүү их нөлөөлсөн. Хэд хоногийн өмнө очиж бэлтгэл хийн, нойр, хоол, амралтаа зохицуулсан. Тэмцээний эхний өдөр 300 гаруй тамирчныг гурван минутын зайтай гаргасан. Би дундуур хавьд гарсан ч урд яваа тамирчдыг нэхэж гүйцсэн. Ямар ч үед уралдааны дүрмийг сайтар баримтлах ёстой. Бариа ойртох тусам сэтгэл хөдөлж, их догдолсон. Тэр үед төрсөн мэдрэмжийг үгээр хэлэхэд багадна. Барианд ороход Л.Золбаяр ах “Баяр хүргэе. Чи мөнгөн медалийн болзол хангалаа” гэв. Түрүүлэх зорилготой очсон надад тийм ч баярлахаар мэдээ биш байлаа. Шүүгчдийн буруу шүүснийг дахин нягталж үзсэний эцэст үнэн зөв гарч, түрүүллээ гэж зарлахад нь өөрийн эрхгүй баярын нулимс унагасан.
-Тэмцээн зохион байгуулсан орон бүрээс онцолж хардаг зүйл юу вэ. Япон улс сэтгэлийг тань юугаараа их татав?
-Японы иргэд ном их уншдаг, далайн гаралтай эрүүл хүнс түлхүү хэрэглэдэг. Хаашаа л харна, хаана ч очсон ном барьсан хүмүүсийг харах сайхан санагдсан. Галт тэрэг, метро, автобусанд явсан ч ном уншиж л сууна. Токиод аялж зугаалах зорилгоор жуулчид их очдог болох нь ажиглагдсан. Тухайн орны хөгжил иргэдийнхээ амьдрал, ахуй, боловсрол, мэдлэг, хандлагад хэрхэн нөлөөлдгийг тус хотод байх хугацаандаа мэдэрсэн. Улс нь иргэдээ тухтай орчинд сэтгэл тайван амьдруулж, ажиллуулахын ялгаа, мөн иргэдээс нь хүнийг хүндлэх соёл, хөдөлмөрч, ажилсаг, даруу төлөв зан чанарыг олж хараад бахархсан. Хүмүүсийнх нь аливаа зүйлийг хөнгөн талаас нь шийдэж, минималист хэв маягаар амьдрахыг илүүд үздэг нь их таалагдсан шүү.
-Медалийн тавцанд Төрийн дуулал эгшиглэхэд хамгийн түрүүнд бодогдсон зүйлээ хуваалцаач.
-Эх орон, ард түмэн, төрсөн нутаг, аав ээж, амжилтад хүргэсэн багш хамгийн их бодогддог. Би зөвхөн өөрийнхөө хичээл зүтгэлээр тив, дэлхийн аварга болоогүй. Намайг дэмждэг олон хүний ач тус, хөдөлмөр, итгэл, найдвар алтан медаль хүртэхэд нөлөөлснийг дурдах нь зүйтэй. Ямар ч үед дэргэд минь байж, зөв чиглүүлж урагшлуулсан багшдаа баярладаг. Түүнгүйгээр амжилтын тухай төсөөлшгүй. Төрийн далбаагаа мандуулаад баярлаж зогсох мөч тамирчин хүнд ямар их үнэ цэнтэй ирдэг болохыг ойлгосон. Эх оронтой байхын сайхныг тэр үед юу юунаас илүү мэдэрдэг.
-Гадаадын тамирчид таныг хэдийн судлаад эхэлчихсэн байх. Тиймээс дараагийн тэмцээн өмнөхөөсөө ч илүү өрсөлдөөнтэй болох нь дээ.
-Намайг гурван том тэмцээн хүлээж байна. Энэ онд зохион байгуулах тэмцээнүүдийн салхийг хагалж, тивийн АШТ-д амжилттай оролцъё гэж зорьсон. Тэр зорилгоо ч хэрэгжүүллээ. Оролцох тэмцээнүүдийн минь товлосон хугацаа дөхөж байгаа тул Японоос ирсэнийхээ маргааш бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Хамгийн эхнийх нь олон улсын тэмцээн. Малайз улсад энэ сарын 27-нд болно. Тамирчид ойрын зайн гүйлтэд хурд, тэсрэлт их гаргадаг. Хурдны бэлтгэлээ хөнгөн атлетикийн ойрын зай болох 400 метрт базааж, холын зайн гүйлтийнхийг 30-35 км-т долоо хоногт нэг удаа хийж байна. Дасгалжуулагч багш, багийнхантайгаа Богд хануул, Цэцээ гүнд өндрийн бэлтгэлээ базаадаг. Тайландад өнгөрсөн жил болсон олон улсын тэмцээний 50 км-ийн зайд уралдахдаа биеийн байдлаас болоод 19 дүгээр байр эзэлсэн. Тэндхийн бүгчим халуун цаг агаар, хоол хүнс нь тохирохгүй маш их хямарсан. Дараа очихдоо орчин нөхцөл, уур амьсгалыг ньсайтар судална.
-Амжилтын гараагаа алтан медалиар эхлүүлсэн танд аваргаа хамгаалж өрсөлдөх амаргүй санагддаг биз?
-Ямар ч уралдаанд оролцсон өөртөө түрүүлэх зорилго тавьдаг. Тамирчин хүний амьдралаар замнах санаснаас ч амар зүйл биш. Гэсэн ч хэдийн дасан зохицсон. Хилийн дээс алхаад л эх орон, аавынхаа нэрийг өндөрт өргөж, олны дунд биеэ зөв авч явах сан гэж хичээнэ. Өрсөлдөх тамирчдаа хүндэлж, найрсаг харилцана гээд олон зүйл сэтгэлдээ тээж явдаг. Медальгүй ирж, олны итгэлийг алдах вий гэж өөрийгөө хүнд бодлоор ачаалах хааяа дарамт болдог тал бий. Тавгүйтэж хямрахгүйн тулд сэтгэлээ тайван байлгахыг боддог. Би тэмцээнд оролцохын өмнө хийморь сүлдээ сэргээж, морины тухай дуу сонсох дуртай. Надад төлөвлөсөн зүйл олон. Хэцүү санагдсан бүхнийг даван туулж, ард нь гарахын тулд зарим зүйлээ хойш тавих шаардлага гардаг. Зөвхөн би бус, бусад нь ч гэсэн ийм л замаар замнаж, урагшилж байгаа болов уу.
-Тамирчин хүн удамтай л байдаг. Судлаад үзэхээр аав, ээжийнх нь аль нэг спорттой нөхөрлөсөн байх юм билээ.
-Аав Увс аймгийн Наранбулаг, ээж Тариалан сумынх. Аав залуудаа хөнгөн атлетикаар хичээллэж, баруун таван аймгийн тэмцээнд түрүүлж байсан. Би найман хүүхэдтэй, өнөр айлын ганц хүү. Гэрийнхнээсээ тамирчин болсон нь одоогоор би. Тус сумаас төрсөн спортын алдартнууд бий. Үндэсний бөхийн дэвжээнд О.Балжинням аварга уран барилдаан, дархан мэхээрээ алдаршиж, түүх болж үлдсэн. Түүний гаргасан амжилтыг уулын спортод үргэлжлүүлж, нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явна гэж боддог. Миний хувьд ДАШТ-ээс хоёр алт, нэг хүрэл, Азийн АШТ-ээс гурван алтан медаль хүртлээ. Монголын хэт холын марафон гүйлтийн зургаан цагийн дээд амжилтыг эзэмшдэг. Мөн холын зайн гүйлтийн 50 км-ийн уралдаанд түрүүлж, улсын аварга болсон. “Улаанбаатар марафон”-ы 10 км-ийн уралдаанаас хүрэл медальтай. Дотооддоо зохион байгуулсан уулын спортын 10 гаруй тэмцээнд оролцож, тэргүүн байрт шалгарчээ.