Чингис хааны Их Монгол Улсаас гадаадад номын сан бэлэглэсний 710 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Тэгвэл энэ жилманай улсын соёлын онцгой мөртэй, тодруулбал, гадаадаас оюутан ирж суралцсаны 1030 жилийн ой тохиож буй. Энэ талаар Б.Ринчен багшийн “тамгатай шавь” хэмээгддэг эрдэмтэн Б.Сумъяабаатараас тодрууллаа. Хэл зүйн ухааны доктор, профессор түүний судалгааны гол сэдвүүдийн нэг нь “Монголын нууц товчоо” бөгөөд “Их засаг” хуулийг солонгос сурвалжаас анх олж, монгол хэлээр хөрвүүлэн тайлбар нийтлүүлсэн судлаач билээ.
-Өнөө цагийн монголчууд гадаадад суралцах нь түгээмэл болсон. Харин Монголыг энэ зорилгоор зорих гадаад хүн тун цөөхөн. Гэтэл түүхэн сурвалжид тэмдэглэснээр 1030 жилийн тэртээд Монголд гадаадаас оюутан ирж суралцаж байжээ. Эл түүхэн үйл явдлын тэгш ой энэ онд тохионо. Та энэ талаар тодруулна уу?
-Юуны өмнө нэг зүйлийгхэлэхэд, өнгөрсөн жил тохиосон, Чингис хааны Их Монгол Улсаас гадаадад номын сан бэлэглэсний 710 жилийн ойн талаар манайхан дуугүй өнгөрчихсөн нь тун харамсалтай. “Өнөөдөр” сонинд л нэг нийтлэл гарсан. Дундад зууны үед гадаадад номын сан бэлэглэнэ гэдэг бол Монгол төдийгүй дэлхийн соёлын харилцааны түүхэнд онцгой явдал, оюуны асар том хөрөнгө оруулалт, соёлын үр бөгөөд бидний бахархваас зохих үйлс бус уу.
Энэ оны хувьд бас нэгэн чухал үйл явдал тохиож байгаа. Тодруулбал, Хятанд оюутан ирж суралцсаны 1030 жилийн ой. Хятанчуудыг Монголын нэгэн өвөг дээдэс, тэдний хэл бичиг нь монгол хэлнийхтэй адил залгамал байсан, үгийн санд нь монгол олон үг хадгалагдан үлдсэнийг дэлхий дахинд нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Хятанчууд 990 онд “Их бичиг”-ээ, 995 онд “Бага бичиг”-ээ зохиосон түүхтэй. Хятан хэл, бичиг суралцахаар тэр үеийн Гуулин улс буюу одоогийн Солонгосоос 10 эрэгтэй хүүхэд ирсэн тухай солонгос сурвалжид тодорхой тэмдэглэсэн байна. Үүний талаартанай сонинд товч мэдээ гарсан санагдана. Энэ үйл явдал бол Монгол, Төв Азиар зогсохгүй дэлхийн соёлын түүхэнд алтан хуудас юм. 1995 онд 1000 жилийнх нь ойг Монгол, Солонгост зэрэг тэмдэглэж, ойд зориулсан өгүүллийн эмхэтгэл хүртэл гаргасан юм. Харин 1010,1020 жилийнх нь ойг чимээгүй өнгөрөөчихсөн. Одоо 1030 жилийнх нь ойг хэрхэхийг харж л сууна. Миний бие “Чингис хааны Их Монгол Улс, Солонгос түүхийн сурвалжид” гэсэн бүтээлээ энэхүү түүхэн ойд зориулж хэвлүүллээ.
Өдгөө дотоод, гадаадын түүхчид, хэл судлаачид Өрнөдөд илгээсэн Монголын гадаад харилцааны цөөн тооны сурвалж бичгүүдийн тухай судалж, ярьж, бичиж байна. Энэ удаа Чингис хааны Монгол Улс (1206-1368)-аас Гуулин улсад илгээсэн 266 жуубичиг, Солонгосоос Монголд ирүүлсэн 383 өргөх бичиг, нийт 649 захидал харилцааны бичгийн ойллого, жагсаалт, он, сар, өдрийг тодруулан, дэлхийн монгол судлал, солонгос судлалын гүйлгээнд орууллаа.
-266 жуубичгийн талаар мөн л солонгос сурвалжаас олсон уу. Номынхоо агуулгын талаар товчхон танилцуулаач?
-Чингис хааны Их Монгол Улсын гадаад харилцааны 266 бичиг солонгос эх сурвалжаас олдсон. Номын минь агуулга өргөн. Монгол төрийн гадаад бодлого, бусдын соёл зан заншлыг хэрхэн хүндэтгэж ирснийг соёл, бичиг үсэг, зан заншил, дуу хуур, бүжиг наадам, хоол хүнс, зан араншин гээд солонгос сурвалжид юу л байна тэр бүхнийг эхийнх нь хамт, орчуулга, тайлбартайгаар багтаасан. Түүхэн үнэнийг их бага, сайн муу гэж үнэлж цэгнэдэггүй юм. Солонгос сурвалж нь Вангийн өдрийн тэмдэглэл учраас эргэлзэх зүйл огт үгүй. Энэ номд орсон зүйлс бүхэлдээ Чингис хааны Монгол Улс яагаад, юугаараа аугаа юм бэ, тухайлбал, Чингис хааны Монгол Улсын “эрхэмсэг оршихуйг” сударчлан өгүүлнэ.
Жишээлбэл, үүнд
-Эзэн Чингис нь адуучинтайгаа адил хоол идэж, хоньчинтойгоо ижил хувцас өмсөж, ард олноо хүүхэд шигээ хайрлаж, цэрэг эрсээ ахан дүү шигээ санадаг, тэнгэр, газар, хүн буюу “Гурван их оршил”-ын эрдэмд нэвтэрсэн Богд.
-Түмэн олон нь нэг жолоонд, Чингис Богдын айлдсанаар “Их төрийг сэтгэж” зүтгэж, амьдардаг. Түшмэл түшээд нь үнэнч шударга, харь газарт үхэхдээ ч улс гүрний найрамдлыг бодож, өгсөн эм танг уулгүй дэргэдээ тавьж үхэж чаддаг. Жанжид нь ухаалаг, бодлого гүн, цэрэг-улс төрийн зүтгэтнүүд. Эмс охид нь эрдэм төгс, бэр болж очсон бүсгүй гэртээ монгол үсгээр захидал илгээж байсан, энэрэнгүй, эвсэг дипломатч байсан. Элчис нь эрдэм боловсролтой, яруу найрагч, хувьд өгсөн бэлгийг авдаггүй, авлигаас ангид, өмссөн хувцсаа өөрөө угаадаг байсан зэрэг өөдлөх төрийн өнгө болсон бүх үйл “Эрхэмсэг оршихуйд” цогцоор хамаарна.
-Монгол өөрөө боолгүй, харь орны боолын тогтолцоог буруушаан, халах оролдлого хийж байсан.
-Цус ойртож бие бөлгөн, ухаан мунхаг хойч үетэй болохоос дэлхийг аварсан, харь орны нэгэн овог дотроо гэрлэдэг ёсыг буруушааж байсан.
-Улс орон, иргэдийг удирдах урлагийг дэлгэр тайлбарлаж, түшмэл түшээд хэрхэн төрийн албанаа санаа зовниж, эцэст хариуцлага үүрдэг тухай зөвлөдөг байсан.
-Чингис хааны Монгол Улс гадаадад Хүнз, Мэнзийн сургааль номын хэлтэс байгуулж, “Дөрвөн ном, Таван бичиг”-ийг заалгаж байсан ба Хүнзийн арван шавийн эш хөргийг илгээсэн.
-Хүслэн хаан Чингис хааны мэлмий гийсний 132 жил, Тулуй ноёны мэндэлсний 115 жилийн ойг тохиолдуулан өвгөстөө “эрхэм хүндэт цол” нэхэн олгож байсан тухай, төрийн багш Пагва ламын гавьяаг Хүнзийнхтэй адилтган, тахилын сүм байгуулах учиртай гэх зэрэг урьд хожид түүх сударт гараагүй, сонсогдоогүй ховор чухаг олон зуун мэдээ, түүний эх хувийг уншигч, судлаач нар энэ номоос нэхэн үзэж болно.
-Үүнээс гадна та өөр нэгэн бүтээл “төрүүлжээ”. Энэ номынхоо тухай товч ярина уу?
-“Гучин зургаат тайлбар толь” гэхээр сэхээтэн бүхэн мэднэ. Эл толийг үүний өмнө найман ботиор, шинэ үсгээр хэвлүүлсэн. Зүйл хуваасан толь тул орчин үеийн хүмүүс хайсан үгээ олоход баахан төвөгтэй байж магадгүй. Харин энэ удаа үгсийг цагаан толгойн дэсэд оруулж, монгол худам ба шинэ үсгээр, өнгөтөөр хэвлүүлсэн. Хайсан үгээ олох одоо маш хялбар байх болно.
Д.Хана