ЕХ-ны зарим гишүүн орнуудын эсэргүүцэл, өөр эх үүсвэрээс хий нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийгдээгүйн улмаас тус холбооны албаны ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийг (LNG) импортлохыг хориглох тухай шинэ хориг арга хэмжээний багцад оруулах санаагаа орхижээ.
Энэхүү импортын худалдааг ЕХ АНУ-тай хэлэлцээр хийхдээ байр сууриа бэхжүүлэхийн тулд ашиглахыг хүсч байгаа аж. Энэ тухай Европын холбооны төлөөлөгчдөөс иш татан Reuters мэдээлэв.
2024 онд Европын LNG импортын 45% нь АНУ-аас орж ирсэн бол ОХУ 22 орчим хувийг эзэлжээ. Вашингтон Европын холбоонд үүнээс ч их хэмжээний шатахуун худалдах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан бөгөөд үүнийг Брюссель худалдааны шинэ тарифыг хөнгөвчлөх тухай хэлэлцүүлэгт ашиглах бодолтой байгаа.
Өнөөг хүртэл Брюссель Оросын хийг өөрийн боомтуудад шилжүүлэн ачихыг хориглосон ч худалдан авалт, хэрэглэгээгээ үргэлжлүүлсээр байгаа. Одоогийн байдлаар эрчим хүчний нөөцийг худалдааны дайны гадна орхисон нь хэлэлцээр хийхэд наймаалцах бодит боломжийг олгох юм.
Гэхдээ ямар ч байсан европчууд энэ бүх импортын татвараа хэрэгжүүлвэл өөрсдөндөө цохилт өгч байгаа хэрэг. Европын эдийн засаг нэлээд түгшүүртэй байгаа тул үнэ өсөх эрсдэлтэйгээс гадна мэдээжийн хэрэг, Америкийн LNG-ийн хамаарал нэмэгдэх аюултай.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Европыг 2027 он гэхэд Оросын эрчим хүчний нөөцөөс хараат байдлаас ангижруулах төлөвлөгөөг Европын комисс 5-р сарын эхээр танилцуулахаар төлөвлөж байгаа ч энэ ажлын явц удаашралтай байгаа аж.