Улсын нийслэл гэж хэлэхэд ч ичмээр өнгө гандуу хотдоо харц гундуухан хүмүүс өрнөөс өрний хооронд өдөр хоногийг аргацааж, баярлах шалтгаангүй амьдарч байна. Амьсгалах цэвэр агааргүй, алхах зам талбайгүй, утаа, түгжрэлээс илүү гарахгүй, авлига, хээл хахуульд идэгдсэн нийгэм, өвдөж зовсон хүмүүс эмнэлэг дүүргэж, хорт хавдар, амиа хорлолтын тоогоор дэлхийд толгой цохих нь холгүй байгаа Монгол Улсад аз жаргалын тухай ярих нь алдас болж мэднэ.
3.5 сая монголчууд ердөө л амар тайван амьдралыг хүсэж байна. Цэвэр агаар, ногоон байгууламжтай, түгжрэл, стрессгүй хотод эрүүл саруул, үр хүүхдээ аюулгүй өсгөж чадвал л аз жаргал тэр биз. Түүнээс бүх зүйлд төр хуруу дүрж, хошуу нэмэрлэж, төв талбайдаа үнэгүй хоол тарааж, үзвэр, үйлчилгээг хүртэл өөрийн нэр дээрээ өмчлөхийг иргэд хүсээгүй нь лав. Залуус нь сурч боловсорч, юм үзэж, нүд тайлахын оронд яаж орон сууц, автомашинтай болох вэ гэж толгойгоо гашилгадаг манайх шиг улс бий болов уу. Амьдралын чанар, аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, тээвэр зэрэг олон шалгуур үзүүлэлтээр амьдрахад таатай хотыг нэрлэдэг. Өнгөрсөн оны байдлаар амьдрахад хамгийн таатай хотыг Австрийн Вена тэргүүлж, Швейцарын Цюрих, Данийн Копенхаген, Канадын Ванкувер, Австралийн Мельбурн удаалсан байна. Харин Азид Японы Токио, БНСУ-ын Сөүлийг нэрлэжээ. Мэдээж эдгээр хот цэвэр агаар, аюулгүй байдал, соёл, нийтийн тээвэр, технологийн хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлын жишгээр аз жаргалынхаа хэмжүүрийг тогтоосон юм. Мөн Дэлхийн аз жаргалын тайланд Монгол Улс аз жаргалын түвшин дундаас бага буюу 143 орноос 77 дугаарт бичигдсэн. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 16-гаар ухарсан үзүүлэлт. Аз жаргалаас улам л алсарсаар байна. Иргэд хоорондын итгэлцэл, өгөөмөр сэтгэл нь аз жаргалын үнэлэмжид илүү нөлөөлдөг болсныг эл тайланд онцолжээ. Өөрөөр хэлбэл, “Таны гээсэн хэтэвчийг хэн нэгэн олоод буцаан өгнө гэдэгт итгэх нь хүн амын ерөнхий аз жаргалыг илэрхийлэх том хүчин зүйл болдог” хэмээн дурдсан байх юм. Харин манайд энэ бүхэн урвуу хамааралтай. Хүний гээж үрэгдүүлсэн зүйлийг буцааж өгөх нь бүү хэл, хэлэхгүй авчихдаг нь цөөнгүй. Хулгай, гэмт хэрэг, зөрчил, аюул осол багатай газарт хүн амар тайван, аз жаргалтай амьдрах нь ойлгомжтой. Жишээлбэл, Австралийн Сиднейд гэхэд цагдаа маш цөөн бөгөөд хэн нэгнээр шахаж, шаардуулахгүйгээр иргэд нь дүрэм, журмаа ягштал биелүүлдэг байна. Нийтийн эрх ашигт маш хүндэтгэлтэй ханддаг аж. Хүний амь, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьдаг учраас золгүй байдлаар хэн нэгэн амиа алдсан бол хэвлэл мэдээллээр нь бөөн шуугиан дэгдээдэг гэнэ. Гэтэл манай улсад авто тээврийн болон ахуйн осол, нийгмээс шалтгаалсан олон хүчин зүйлийн нөлөө, урьдчилан сэргийлж болох өвчин, эмгэгээр хүмүүс амиа алдах нь хэвийн үзэгдэл болтлоо гажуудсан. Хүний амь үнэгүйдсэн хотод аз жаргал ч үгүй юм. Олон нийтийн төлөөлөл энэ тухайд ямар бодолтой байна вэ. Тэдний байр суурийг хүргэе.
Б.НАРАНБААТАР: УЛААНБААТАР ЯГ Л СУМЫН ТӨВ ШИГ
(“Пуск Дро” ХХК -ийн захирал, инженер, архитектор)
-Хот төлөвлөлт байхгүй, замбараагүй барьсан байшин барилгууд нийслэлчүүдийг бухимдуулах үндсэн шалтгаан болсон. 1990 оноос хойш хүмүүс дураараа барилга барьж эхэлсэн. Нэгдсэн төлөвлөлтгүй барьсан эдгээр барилга эцэстээ бетонон ширэнгэ болсныг хэн хүнгүй л ярьж байна. Эхэнд хотын газар ашиглалтын төлөвлөгөө чухал. Гэтэл манайд газар ашиглалтын төлөвлөгөө, хотын бүсчлэл гэж ер байхгүй. Бизнес эрхлэгчид авсан газраа барилгаар “дүүргэж”, улам өндөр барьж, ашиг олохыг хүснэ. Хотын хаана нь үйлдвэр, аль хэсэгт нь орон сууц барихыг төлөвлөж, бүсчилж зааж өгөөгүй. Тухайлбал, Улаанбаатар хотын төвийн бүсэд 70 хувьд нь ногоон байгууламж, 30 хувьд нь барилга барина гэдэг ч юм уу, тодорхой зааж өгөх хэрэгтэй. Хэдийгээр барилгын норм, дүрэм гэж бий ч холбогдох газар нь хэрэгжүүлэхгүй болохоор асуудал үүсэж байна. Зохицуулалт байхгүй учраас дур зоргоороо авирладаг. Хотыг дээрээс харвал асгасан шагай шиг л үзэгдэнэ. Мөн нийслэлийн удирдлага дахин төлөвлөлтийг ч олигтой зохион байгуулж чадахгүй байна. Нэг ижил концепцтой зүйл алга. Энд тэнд хотхон нэртэй шавааралдсан барилгууд. Явган
хүний зам, талбайг орхигдуулсан нь хүмүүсийг бухимдуулж байна. Нийслэл хот нь сумын төв шиг бүтэц, зохион байгуулалттай. Бүх асуудлыг нэг газар очиж шийдвэрлүүлдэг. Гэтэл бусад улс орон төвлөрлийг сааруулж, хотоо “задалсан”. Япон гэхэд 23 дүүрэгтэй. Дүүргүүд нь хотын статусаар ажилладаг. Хүн амьдарч буй газартаа засаг захиргааны үйлчилгээ авчихдаг бол шилжилт хөдөлгөөн багасаж, түгжрэл буурна шүү дээ. Түүнчлэн төрийн албаныхан ажлаа мэддэггүй. Шийдвэр гаргах хүнийг нь хайж, өрөө өрөөний хаалга тогшсоор иргэд, хувийн бизнес эрхлэгчид туйлдаж гүйцлээ.
Х.БАДАМЛЯНХУА: ХҮНИЙ АМЬ, ЭРҮҮЛ МЭНД, ЭРХ ЧӨЛӨӨГ ТЭРГҮҮНД ТАВИАСАЙ
(Австралид амьдарч буй монгол иргэн, “Нью Саут Уэлс” их сургуульд байгаль орчны менежментийн магистр хамгаалсан)
Иргэнээ бодсон, хүн төвтэй хотыг аз жаргалтай гэж нэрлэх байх. Улаанбаатар хотод шийдвэрлэх асуудал маш их харагддаг. Бид Австралид амьдраад долоон жил болж байна. Энд хүний амь, эрх чөлөө, эрүүл мэнд, хөдөлмөрийн үнэлэмжийг нэн тэргүүнд тавьдаг юм. Бусдыг хүндлэх, хууль, журмыг зөр¬ чихгүй байх, аюулгүй байдлын стандартыг ягштал мөрддөг нь эргээд хүний амь, эрүүл мэндтэй холбогддог. Жишээлбэл, авто замын тэмдэг, тэмдэглэгээгээр Австрали дэлхийд тэргүүлдэг. Хүний амь, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьдаг учраас бүх зүйлийг иргэндээ ээлтэй байдлаар шийдвэрлэжээ. Монгол Улс ч хүний амь, эрүүл мэнд, эрх чөлөөг тэргүүнд авч үзвэл асуудлыг эхнээс нь цэгцэлж чадна. Энэ бүхнийг зөвхөн мөнгөөр, эсвэл төр засаг шийднэ гэж бодохгүй байна. Аз жаргалыг зөвхөн хөгжил дэвшил, тансаг байдал, өндөр барилгаар биш, жирийн иргэдийн өдөр тутмын амьдралын ая тухаар хэмжих болов уу. Эрүүл байх нь аз жаргалын үндэс гэж боддог. Харин эрүүл мэнд цэвэр агаараар, усаар, гудамж, талбайн цэвэрлэгээгээр баталгааждаг. Улаанбаатар хотын агаар, хөрс, ус, орчны бохирдол эрүүл амьдрах аргагүйд хүргэж байна. Эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүй цагт утаа, түгжрэлээс салахгүй. Ядаж л авто оношилгооны чанар, тээврийн хэрэгслийн стандартыг сайжруулбал автомашины утааг хязгаарлах боломжтой. Австралид бол “хэт бохирдолтой” автомашиныг хөдөлгөөнд оролцуулдаггүй. Мөн хог хаягдлын менежментийг нэн яаралтай өөрчлөөсэй. Хогийг сайтар ялгаж, цаг хугацаандаа ачдаг систем хэрэгтэй. Хогийн машин, контейнер, дахин боловсруулалт бүгдийг шинэчлэх шаардлагатай. Үүнд мэдээж иргэдийн оролцоо маш чухал. Мөн иргэдийн алхах гудамж, амрах цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн бие засах газар бол хотын “амь” юм. Сэтгэлийн амар амгалан, дасгал хөдөлгөөн, нийгмийн харилцаа, тайван орчин бүгд аз жаргалын хэмжүүр болов уу. Сидней хотод бүх дүүрэг, хороо номын сантай, ариун цэврийн байгууламжтай. Ногоон байгууламж хангалттай учраас өндөр настнууд тэндээ дасгал хийж, залуус гүйж, дугуй унаж, хүүхдүүд чөлөөтэй тоглодог. Мод, ус, өнгө, нам гүм орчин хотын уур амьсгалыг амьд байлгадаг. Эргэн тойронд ногоон байгууламжтай, модтой, шувуу, жиргэж, ус урсах чимээ сонсох боломжтой орчинд хүн сэтгэлийн амар тайвныг мэдэрдэг шүү дээ. Хот гэж нэрлэгдэж байгаа л бол ийм орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
Б.ЭНХБАЯР: ЦЭВЭР, АЮУЛГҮЙ ОРЧИН ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛДЭГ
(“Отгонтэнгэр” их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал, сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор)
-Зөвхөн эдийн засгийн хөгжил, барилга, байгууламжийн тоо аз жаргалтай хотыг бий болгохгүй. Тухайн хотод амьдарч буй иргэдийн сэтгэл ханамж, аюулгүй байдал, сэтгэл зүй, нийгмийн харилцаа, орчны тав тух зэрэг олон үзүүлэлт нөлөөлдөг. ДЭМБ болон Эерэг сэтгэл судлалын төвийн судалгаагаар байгальд ойрхон, цэвэр, аюулгүй орчинд амьдардаг хү¬ мүүсийн сэтгэл ханамж 20-30 хувь илүү байдгийг тогтоожээ. Тухайлбал аюулгүй байдлыг хангасан, гэмт хэрэг багатай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам, усан сантай орчин бүрдүүлсэн, сэтгэл зүйн амгалан тайвныг мэдрүүлсэн хотыг аз жаргалтайд тооцдог. Мөн эерэг харилцаа, замын түгжрэл бага, эрүүл мэнд, боловсролын байгууллагууд ойр, хүртээмжтэй, соёл урлаг, оюуны хөгжлийг дэмжсэн театр, музей, номын сан, сургалтын төвүүд нь хүний сэтгэл ханамж, бүтээлч байдлыг дэмждэг билээ. Түүнчлэн нийгмийн анги, давхарга хоорондын ялгаа багасах тусам аз жаргал нэмэгддэг. Эдгээр хүчин зүйлсийг бүрдүүлж байж аз жаргалтай хотын тухай ярих нь зүйтэй. Канадын судлаач Чарьлз Монтгомер “Хот гэдэг бол зөвхөн барилга биш. Харин хүний сэтгэл зүйн тусгал юм” гэж хэлжээ. Түүний алдартай туршилт судалгаа байдаг юм. Ванкувер хотод хийсэн түүний “Happy сity” бол өнөө цагийн хот тө¬лөвлөлт, эерэг сэтгэл судлал хоёрын огтлолцол дахь хамгийн бодит, ухаалаг, хүн төвтэй туршилт гэж тооцогддог. Энэхүү туршилтаар явган хүний зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн орон зай, сommunity lunch буюу хөршүүдийн танилцах арга хэмжээ гэх мэт зүйлсийг бий болгосноор иргэдийн сэтгэл ханамж 2040, гэр бүлийн харилцааны чанар 15, олон нийтийн оролцоо хоёр дахин нэмэгдсэн бол стрессийн түвшин 25 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Нөгөө талдаа сэтгэл зүйн хувьд эерэг, хариуцлагатай, хотын ариун цэвэр, нийтийн өмчийг хайрладаг, сайн хөршийн харилцаа холбоотой, иргэд нь санаачилгатай, шийдвэр гаргалтад оролцдог байх нь аз жаргалтай амьдрахад нөлөө үзүүлнэ. Эерэг сэтгэл судлалын зарим онолд таагүй орчинд ч аз жаргалтай байж болох тухай өгүүлдэг. Гэхдээ тэр нь хувь хүний онцлог, хандлага зэргээс хамаардаг юм.
Т.ЗОЛЗАЯА: ЗАЛУУСЫН МӨРӨӨДӨЛГҮЙ ХОТ
(МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн магистрант)
-Улаанбаатар бол шуудхандаа залуусын мөрөөдлийг үгүйсгэсэн хот юм. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй. Гэтэл Улаанбаатарын залуучууд мөрөөдлөө хойш тавьж, анхдагч хэрэгцээгээ хангахын төлөө амьдарч байна. Миний мөрөөдөл байрны урьдчилгаанд дарагдаж, цалингийн зээлд “бохирдож”, түгжрэл дунд замхарсан. Энэ бол өнөөгийн залуусын бодит дүр төрх. Боловсрол эзэмших, өөрийгөө хөгжүүлэх, сонирхсон зүйлдээ цаг гаргах, шинэ санаагаа хэрэгжүүлэх боломж үнэхээр хомс. Учир нь бид хамгийн энгийн хэрэгцээ болох хоол, орон байр, аюулгүй орчин, эрүүл мэндээ хамгаалж, хангахын төлөө бүх хүчээ зориулж байна. Улс төрчид, эрх баригчид залуусыг том мөрөөд гэж уриалдаг ч бодит амьдралд түүнийгээ биелүүлэх боломж олгодоггүй. Нийгмийн энэ тогтолцоо, авлига хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил нь залуусыг шударгаар хөдөлмөрлөх боломжийг хязгаарлаж байна шүү дээ. Гэхдээ би бүх зүйлд гутранги хандахыг хүсдэггүй. Залуусын дуу хоолойг сонсдог, боловсрол, соёл, гарааны бизнес, урлаг, технологийн орон зайг бий болгодог, мөрөөдлөө биелүүлэх боломжийг бодитоор олгодог хотод амьдарна гэж итгэдэг. Төр засаг хоногийн хоолоор хуурах биш, холын мөрөөдлийнхөө төлөө зориход нь дэмждэг, иргэдээ буланд шахдаг бус, сонсдог болсон цагт л жинхэнэ утгаараа аз жаргалтай хотыг бий болгох биз.