Хөгжлийн хөдөлгөгч хүч болсон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гол зорилгоосоо хазайж, хадуурч явсаар үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх аргагүйд хүртлээ доголдож, “мухардсан” Хөгжлийн банкны эргэн тойронд хөл үймээн, дуулиан шуугиан ихтэй байна. Нэг талд нь нам, улс төрийн шахаа, албан тушаалын томилгоотой холбоотой элдэв хардлага, шүүмжлэл өрнөж ахуйд нөгөө хэсэгт нь хууль, эрх зүйн орчны шинэчлэл тойрсон яриа хэлэлцүүлэг ид үргэлжилсээр.
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэрс, санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр ил болсон 2022 оноос хойш эл байгууллагыг татан буулгах, бодлого, бүцийг нь шинэчлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, ер ийм банк байх хэрэгтэй юү гэдэг асуудал нийгэмд хурцаар хөндөгдсөн. Үүнтэй зэрэгцээд Хөгжлийн банканд цогц шинэчлэл хийж, Эксим буюу экспорт, импортын банк болгох талаар ч идэвхтэй ярьж эхэлсэн. Тэгвэл өдгөө дахин шинэчлэн найруулж, өргөн барихад бэлэн болоод буй Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд тус банкийг Эксим банкны зарчмаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдүүлэх бодлогын томоохон гэж хэлж болохуйц өөрчлөлт, зохицуулалтууд тусгасныг төсөл боловсруулагчид нь онцолж байна.
Эксим (Экспорт-импорт гэх үгийн товчлол) банкны онцлог нь экспорт, импортын санхүүжилт, баталгаа, даатгал зэрэг үйлчилгээгээр дамжуулан тухайн улсын гадаад худалдааг дэмждэг. Өөрөөр хэлбэл, экспорт, импортын үйл ажиллагааг ашигтай байдлаар дэмждэг гэсэн үг. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай, нийт экспортынх нь 90 гаруй хувь нэг салбарт ногддог манай орны хувьд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар экспортыг дэмжих хэрэгцээ шаардлага хоолойд тулаад буй. Хөгжлийн банк цаашид энэ чиглэлд түлхүү анхааран ажиллаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээ зарласан. Хэлэх амархан, хэрэгжүүлэх онхи ондоо. Нийгэм, эдийн засагт өндөр үр ашигтай, хөгжлийн түүчээ болсон төслүүдийг дэмжих зорилгоосоо “халтирсан” шигээ экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бодлогоосоо хазайх вий гэх болгоомжлол ч байна.
Тус банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа “Ямар төсөл, хөтөлбөрт зээл олгохыг өнгөрсөн хугацаанд Засгийн газар шийддэг, ТУЗ-ийн гишүүд улс төрийн томилгоогоор ирдэг байсан. Хуульд өөрчлөлт оруулснаар Засгийн газар ямар салбар, чиглэлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх бодлогыг тодорхойлж, ТУЗ хяналтаа тавьж, гүйцэтгэх удирдлага санхүүжилтийн бодлогод үндэслэн зээл олгох шийдвэр гаргаж, хяналтаа хэрэгжүүлж, хариуцлагаа хүлээнэ. ТУЗ-ийн есөн гишүүний хоёрыг нь бодлогоор буюу Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас томилж, бусдыг нь нээлттэйгээр сонгон шалгаруулна. Мөн аливаа төсөлд 100 хувийн бус, 80 хүртэлх хувийн санхүүжилт олгож, үе шат бүрд хатуу хяналт тавина” гэж ярьжээ.
Хөгжлийн банкийг Эксим банкны зарчмаар ажиллуулах нь хэр оновчтой шийдэл болох, ийм шинэчлэл хийхдээ юунд онцгойлон анхаарах ёстой талаар эдийн засагч, судлаачдын байр суурийг сонирхлоо.
Н.ЭНХБАЯР: ЭНЭ БАНКИЙГ ЯМАР ЦАР ХҮРЭЭНД, ЯМАР ЗОРИЛГООР АЖИЛЛУУЛАХ ВЭ ГЭДЭГТ НЭГДСЭН ОЙЛГОЛЦОЛД ХҮРЭХ ЁСТОЙ
(Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр)
Хөгжлийн банкны тухай хуулийг анх эдийн засгийн өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилготойгоор, гадаадын менежментийн баг удирдахаар бүтцийг нь баталж, мөрдөж эхэлсэн юм. Гэвч явцын дунд Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулан ТУЗ-ийнх нь бүрэлдэхүүнийг өөрчилж, улс төрөөс хамааралтай хүмүүсээр бүрдүүлэн, эдийн засагт ач холбогдол багатай хэт олон, жижиг төсөлд зээл олгох болсноор үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн. Тус банкны хуулийг авч үзвэл олон улсын жишигт нийцсэн, хөгжингүй орнуудын түвшинд хүрсэн зохицуулалт бүхий гэж ойлгогддог. Гэвч манай орны өнөөгийн улс төр, эдийн засгийн тогтолцооны нөхцөлд үндсэндээ арай хүрэх болоогүй, ахадсан эрх үүрэг бүхий банкийг хөгжүүлнэ гэж бид зорьж байна. Тухайлбал, тус банканд батлан даалт, үнэт цаас гаргах, санхүүгийн хэрэгсэл худалдан авах зэрэг эрх олгосон нь өнөөгийн нөхцөлд ачаалал нэмсэн байж болзошгүй юм.
Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэхээс гадна тус банкийг чухам ямар цар хүрээнд, ямар зорилгоор ажиллуулах вэ гэдэгт УИХ, Засгийн газар, Монголбанк нэгдсэн ойлголттой болох шаардлагатай. Үүнийг тус банкны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд ч тусган мөрдөх ёстой. Тухайлбал, Хөгжлийн банк өөрийн татан төвлөрүүлсэн хөрөнгөөр улс орны хөгжилд нэн чухал нөлөөтэй, цөөн тооны, урьдчилсан судалгааг нь бүрэн хийсэн, цаашид үр ашиг өгөхүйц төслийг гүйцэд санхүүжүүлж, удирдан хэрэгжүүлж эхний үр дүнгээ үзэх нь чухал. Ийнхүү үйл ажиллагаа нь жигдэрч, зүгширсний дараа санхүүжүүлэх төслийн тоо, цар хүрээгээ аажмаар өргөжүүлэх нь зүйтэй болов уу.
Манай улсад холимог санхүүжилтийн тогтолцоог төдийлөн ашиглахгүй байна. Үүнийг олон улсын түвшинд “Blend financing” гэж нэрлэдэг. Тухайлбал, газрын тос боловсруулах, ган хайлуулах үйлдвэр байгуулах гэх мэт ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө олон улсын банкны болон гадаад орны зээл, Хөгжлийн банкны зээл, улсын төсвийн санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоо тус тус ямар орц, хувь хэмжээтэй байх, төслийн аль үе шатыг хаанахын эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ гэдгийг судалж, сонгож, тогтсон байх шаардлагатай. Манай улсын хувьд аль ч банкны хөрөнгийн эх үүсвэр хязгаарлагдмал, хүүгийн түвшин, зээл олгох хугацаа өөр тул эдгээрээс хамаарч төслийн үе шатуудыг тохиромжтой эх үүсвэрээр санхүүжүүлэх нь чухал байдаг. Иймд тодорхой төслийн эрсдэлийг Хөгжлийн банк, гадаадын зээл, улсын төсөв, хувийн хэвшлийн санхүүжилт гэсэн байдлаар хуваалцах нь хэрэгжилтийн явц дахь эрсдэлийг бууруулахад маш чухал алхам болно. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк дангаараа нэг төслийг санхүүжүүлэх гэж оролдож, эрсдэл үүрэх бус, харин холимог, олон талт санхүүжилтийн эх үүсвэртэй, төслийн удирдлагын маш сайн багтай байж гэмээнэ амжилттай хэрэгжүүлэх, санхүүжилтийг эрсдэл багатай удирдах боломж бүрдэнэ.
Хөгжлийн банкны тухай хуульд маш олон эрх, үүргийг олгосон байлаа ч цаашид амжилттай санхүүжилт хийх тогтолцоогоо зөв бүрдүүлэхийн тулд дээр дурдсан санхүүжилтийн аргыг сонгох, үүнийг УИХ, Засгийн газар, холбогдох яамдын түвшинд бүрэн ойлголцох, ач холбогдол бага, эрсдэл өндөртэй аливаа төсөлд Хөгжлийн банкийг татан оролцуулахаас сэргийлэх, хамгаалах шаардлагатай.
Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ШИНЭЧЛЭЛИЙГ АГУУЛГЫН ХУВЬД ДЭМЖИЖ БУЙ Ч ХӨРСӨН ДЭЭР БУУХ, ЭСЭХЭД НЬ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА
(СЭЗИС-ийнбагш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан)
Хөгжлийн банкны хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй. Эрх зүйн орчны шинэчлэлээр тус банкны хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зарчмын түвшинд томоохон өөрчлөлт оруулахаар зорьж байгаа нь чухал алхам юм. Юуны түрүүнд хуулийн нэр томьёоны хувьд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гол ойлголтуудыг агуулгын түвшинд тодорхой болгосон нь тухайн банкны үйл ажиллагааны чиглэлийг олгож өгсөн. Үүний дараа үйл ажиллагааны зарчимд улс төрөөс ангид гэсэн агуулгыг нэмж өгсөн зэрэг нь эерэг дэвшил яах аргагүй мөн. Эдгээр шинэчлэлийг хийснээр банкны үйл ажиллагааг экспорт, импортод чиглэсэн жинхэнэ хөгжлийн банк болгох боломжтой хэмээн хууль санаачлагчид үзсэн бололтой. Хэрэгжих ч боломжтой бөгөөд хэрэгжүүлэх нь энэ байгууллагын, цаашлаад улс орны хөгжлийн орших үндсэн утга учир юм. Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй нь ч бас үнэн. Тиймээс энэ удаагийн эрх зүйн орчны шинэчлэлээр тухайн байгууллагын үйл ажиллагаа, үр дүнд томоохон бодит өөрчлөлт авчрах нэн шаардлагатай. Үндсэндээ агуулгын хувьд ийм шинэчлэл хийж болох ч түүнийгээ бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд анхаарах хэд хэдэн зүйл байна. Хөгжлийн банкны хуулийг 2017 онд шинэчлэн найруулж, батлахдаа үйл ажиллагааны үндсэн чиглэлийг нь экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох гэж тодорхойлсон боловч үүнийг хэрэгжүүлээгүй. Яагаад өнөө хүртэл хэрэгжүүлж чадаагүй вэ гэдэг асуудлыг авч үзэх ёстой. Дахиад ийм нөхцөл үүсэх вий. Түүнчлэн тус банкны эх үүсвэрээр эдийн засгийн үр ашигтайгаас гадна нийгмийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр заах нь улстөржсөн төсөл, хөтөлбөрийг түлхүү дэмжих, мөн тухайн банкны үндсэн зорилттой харшлах нөхцөл бүрдүүлэх вий гэдэгт анхаарах шаардлагатай. Төр хувьцааг нь эзэмшиж буй байгууллагыг улс төрөөс ангид байлгах зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх, засаглалын хувьд яаж шийдэх вэ гэдэг нь Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх гол үндэс юм. Үүнд онцгой анхаарах шаардлагатай. Маш товчоор дүгнэвэл Хөгжлийн банканд шинэчлэл хэрэгтэй. Хуулиар бий болгохыг зорьж буй зарим өөрчлөлт нь үнэхээр чухал мэт. Харин өмнөх хууль болон одоогийн шинэчилсэн найруулгыг харьцуулахаар бодит амьдралд хэрэгжих итгэл үнэмшил тод бууж өгөхгүй байна.
Д.ОЮУНБИЛЭГ: ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА ХАМГИЙН ИХ
(“Экспорт олон улсын худалдааны төв”- ийн захирал Д.Оюунбилэг)
Хөгжлийн банкны тухай хууль, эрх зүйн орчныг шинэчилж, холбогдох салбарынхнаар хэлэлцүүлж буй нь зүйтэй гэж харж байна.
Ялангуяа экспортыг дэмжих чиглэлд тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж, энэ чиглэлийн үйл ажиллагаанд шат шатандаа анхаарч хамтарч ажиллахаар болж байгаа нь сайшаалтай. Өмнө нь дэд бүтэц, бүтээн байгуулалтын хэт том төслүүдийг л санхүүжүүлдэг байсан. Харин цаашид экспортыг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд анхаарч, энэ чиглэлийн нэгж бий болгохоор тусгажээ. Гол нь үүнийгээ зөв зүйтэй байгуулж, үйл ажиллагаа явуулаасай.
Уул уурхайн бус салбарын экспортын 70 орчим хувийг жижиг, дунд бизнесүүд бүрдүүлдэг гэсэн тоо баримт бий. Харин өнөөх дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд юу экспортолсон бэ гээд харахаар баялгаа л зарж ирсэн байдаг. Тиймээс хуучны энэ тогтолцоог бодлогоор шинэчилж, уул уурхайн бус салбаруудаа дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үнэ цэн шингээж худалдах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах цаг болсон. Энэ сувгуудад санхүүгийн хэрэгцээ шаардлага асар их бий.
Монгол түүхий эдийн асар их нөөцтэй ч үйлдвэрлэлийг ер хөгжүүлж чадаагүй. Арьс, шир гэхэд жилдээ 15-17 сая ширхгийг бэлтгэдэг ч ихэнхийг нь хог болгож хаядаг. Малчид дунджаар 8000-10 000 тонн ноолуур самнадаг ч түүнийгээ ченжүүдэд хямдхан тушаадаг, өнөөдүүл нь Хятадын үйлдвэрүүдэд дамлан зарж, түүхий эдээр хангаж байна. Манайд цогцолбор үйлдвэр нэг ч алга. Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хууль, эрх зүйн орчныг өөрчлөх, түүхий эд боловсруулалтын үе шатыг ахиулах ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Одоо үүн дээр Хөгжлийн банк хүч нэмж, томоохон үйлдвэрүүд байгуулах тал дээр илүү дэмжих, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.
Америк, Хятадын худалдааны асуудал нэлээд урт хугацаанд үргэлжилнэ гэж төсөөлье. Жишээлбэл, үүнтэй холбоотойгоор Америкийн худалдаачид Монголд ноолууран бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлье, захиалъя гэж санал тавилаа гэж бодъё. Хятадууд Америкт жилдээ гурван сая тонн сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлдэг юм байна. Гэтэл манайх түүхий эдийн асар баялаг нөөцтэй гэдэг боловч энэ орон зайг нөхөх хэмжээнд хамтарч ажиллах бэлэн үйлдвэр, ийм хэмжээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх потенциаль алга. Бид нэг тонн нүүрсийг 300 ам.доллароор худалддаг. Үүний тулд дэд бүтцээ шийдэхээс эхлээд асар их ажил болдог, байгалиа сүйтгэдэг. Харин нэг тонн ноолуурт үнэ цэн шингээж, эцсийн бүтээгдэхүүн болговол хамгийн багадаа 180 мянган ам.доллароор худалдана. Нэгэнт ийм боломж байгаа тул Хөгжлийн банк бодлогын зоригтой шийдвэр гаргаж, цементийн үйлдвэрт хөрөнгө оруулсан шигээ, нүүрсээ зөөх дэд бүтцүүд бий болгосонтой адил хөнгөн үйлдвэрийн салбар, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд суурилсан үйлдвэрүүдийг дэмжиж, экспортыг өргөжүүлэх боломжоор хангах хэрэгтэй. Яриад, хэлэлцээд хугацаа алдах биш, хурдан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэж чадвал их гүрнүүдийн худалдааны дайнаас ч ашиг хүртэх боломж бидэнд бий.
Н.Мишээл