Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлуулахаар иргэн Э.Батбаярын гаргасан цахим өргөдөлд найм хоногт 33.2 мянган хүн гарын үсэг зуржээ. Үүний дагуу УИХ-аас тухайн асуудлыг судлах, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, хуралдсан ч “татвар нэмсэн шийдвэрийг цуцлах эрх зүйн үндэслэл байхгүй” гэдэг хариулт өгөөд буй гэнэ.
Нийслэлийн ИТХ Улаанбаатар хотын 2025 оны төсвийг батлахдаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан. Ингэснээр нийслэлчүүд энэ оноос эхлэн тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашиласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн дүнгээр төлөх болсон. Өөрөөр хэлбэл, дээрх иргэн татварын эдгээр нэмэгдлийг цуцлуулах хүсэлт гаргасан юм. Нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг эсэргүүцэж, парламентад хандсан гэсэн үг. Гэтэл тус ажлын хэсгийг ахалж буй, УИХ-ын гишүүн Т.Аубакир “Нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг цуцлах, хүчингүй болгох эрх парламентад байхгүй. Хууль, эрх зүйн хувьд боломжгүй. Хууль бусаар татвар нэмсэн, эсвэл тогтоолын төсөл батлах явцад процессын алдаа гарсан гэж үзвэл л холбогдох хуульд өөрчлөлт оруулах боломжтой. Тээврийн хэрэгслийн татварыг нэмсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш” гэж мэдэгджээ. Түүний энэ мэдэгдлээс харахад тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцсэн 33 мянга гаруй иргэний санал үнэгүйдэж, парламент нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг “хамгаалж” үлдэх бололтой.
“D-parliament” системийг ашиглалтад оруулсан нь иргэд, олон нийтийн өргөдөл, гомдлыг цахимаар хүлээн авч, хууль тогтоогчдод уламжлан, шийдвэрлүүлэх зорилготой. Гэтэл энэ системээр дамжуулан олон мянган хүний санал авчхаад “Нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг цуцлах эрх бидэнд байхгүй” хэмээн бэрхшээл тоочиж буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Хэрэв үнэхээр хууль тогтоогчид нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрт нөлөөлөх боломжгүй бол үүнтэй холбоотой өргөдөл, гомдлыг ч хүлээн авахгүй байх шаардлагатай гэж олон нийт үзэж буй юм.
Ж.Сувд