Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, Яармагийг “ДЦС-4”-тэй холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, тухайн байршилд үерийн хамгаалалтын далан барихаар ажиллаж эхэлснийг “Геодез, усны барилга, байгууламжийн газар”-аас мэдээлсэн. Тодруулбал, Дунд гол Баруун уулын сувагтай нийлдэг хэсэгт 180 метрийн урттай далан байгуулж, 100 метр газарт нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байгаа. Тэгвэл төрийн байгууллагынхан уг ажлыг ямар ч тооцоо, судалгаа, төлөвлөлтгүй хийж буйг мэргэжлийн хүмүүс шүүмжилж байна. “Геодез, усны барилга, байгууламжийн газар”-аас бариулж байгаа далангийн байршил, тооцоолол илт алдаатай, үерийн барилга, байгууламжийн шаардлагад нийцэхгүй төлөвлөлт¬тэй, ус гаргах, өнгөрүүлэх шийдэлгүйг тэд “илрүүлжээ”. ШУТИСийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, усны инженер, доктор Б.Аюурзана энэхүү байгууламж иргэдийг үерээс хамгаалах бус, их хэмжээний эрсдэл дагуулж болзошгүй хэмээн анхааруулав.
Н.Ган