Оюутны хөгжлийн цогц бодлого, асуудал, шийдэл хэмээх үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд өдгөө 65 их, дээд сургууль, коллежид нийт 150 282 оюутан сурч байна. Үүний 54.3 хувь нь төрийн, 40 хувь нь хувийн өмчийн, 5.7 хувь нь олон нийтийн болон шашны сургуульд суралцдаг аж. Хэлэлцүүлэгт МУИС, ШУТИС, АШУҮИС, СЭЗИС зэрэг их, дээд сургуулийн төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм. Тухайлбал, АШУҮИС-ийнхан танилцуулгынхаа үеэр оюутнуудын эрүүл мэндэд анхаарах нэн шаардлагатай байгааг дурдсан юм. Тодруулбал, тус сургуулийнхан 14 их, дээд сургуулийн 1-6 дугаар дамжааны 3400 гаруй оюутны эрүүл мэндийн байдал, өвчлөлийн зэргийг үнэлж судалсан байна. Судалгаанд оролцсон залуусын эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлоход 31 хувь нь л эрүүл байжээ. Оюутнуудын 31.4 хувь нь зохистой хооллодог, 53.4 хөдөлгөөний идэвхтэй, 23 хувь нь чанартай нойр авч чаддаг гэж хариулсан байна. Харамсалтай нь, тэмбүүгийн найм, ДОХ-ын сэжигтэй нэг тохиолдол илэрсэн гэнэ. Харин тэдний 39 хувь нь өвчлөх өндөр эрсдэлтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн эрсдэлийн 3-4 хүчин зүйл илэрсэн байна. Ялангуяа 20-24 насны залуусын хувьд эрсдэлт хүчин зүйл илүү өндөр гарчээ. Дамжаа ахих тусам эрсдэлт хүчин зүйлийн эзлэх хувь нэмэгджээ. Тиймээс оюутнуудын эрүүл мэндэд анхаарах нэн шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. Оролцогчид дээд боловсролын сургалтын байгууллагын оюутны хөгжил, үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгох, хамтын ажиллагааны суурийг тавихаар зорьж буй аж.
Ч.Туяа