Манчестер хот дахь Кевин де Бройны сүүлийн өдрүүд улам ойртсоор. Харамсалтай нь, тэрбээр энэ улирлыг ганзага бараг хоосон өнгөрүүлээд Английг орхих нь. Улирал бүр цом хүртдэг хүчирхэг “Сити” сүүлийн 14 жилд анх удаагаа “Аваргуудын лиг”-т орох эрхийн төлөө өрсөлдөх ёстой болоод байна. Магадгүй Английн цом де Бройны хувьд Англи дахь сүүлийн шагнал нь байж болох юм. “Сити” тус тэмцээний хагас шигшээд “Ноттингем” багтай тоглох билээ. Гэхдээ энэ бол “Сити” шиг хүчирхэг баг болоод де Бройн шиг авьяаслаг тоглогчийн хэмжүүрээр дэндүү чамлалттай амжилт. Бельги тоглогч Англид 10 жил тоглохдоо хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг дамжуулагч, Премьер лигт зургаан удаа түрүүлсэн “Сити”-гийн ноёрхлын нэг ноён нуруу нь болсон юм. Гэвч сүүлийн жилүүдэд гэмтэл бэртэл түүнд садаа болсноор тоглох цаг болон тоглолтын форм нь ихэд буурсан. Кевин энэ улирлыг дуусгаад багаа орхих нь тодорхой болсны дараа дасгалжуулагч Х.Гвардьола түүнийг магтаалын үгээр булсан ч энэ бүхэн багийн удирдлагын шийдвэр байсныг дуулгасан билээ. Нэг жилийн өмнө түүнийг багаас явуулах боломжгүй мэт санагдаж байсан бол өдгөө багийн гол тоглогчоо үдэхээс өөр сонголт “Сити”-д үлдсэнгүй.
АРВАН ЖИЛИЙН НОЁРХОЛ
К.де Бройн ямар супер тоглогч болохыг дараах статистик харуулж байна. Тэрбээр зөвхөн дамжуулалт өгдөг бус, гоол бүтээдэг тоглогч юм. Эл жагсаалтаас харахад К.де Бройн нийт гоолын дамжуулалтын тоогоор А.Ди Мариатай хамт гуравдугаар байрт бичигдэж байна. Түүний өмнө зөвхөн Л.Месси, Т.Мюллер бий. Гэхдээ тэд бельги тоглогчоос тус бүр 300 болон 200-гаар олон тоглолтод оролцсоныг дурдах ёстой. Харин гоолын дамжуулалтын дунджаар Л.Месси ч бельги тоглогчийн энд хүрэхгүй байгаа юм. Бусад од тоглогчийг харьцуулбал Неймарын дамжуулалтын дундаж 0,42 боловч тэрбээр ердөө 235 тоглолтод оролцож, 99 гоолын дамжуулалт өгсөн. Энэ бол Кевиний гайхалтай амжилтын зөвхөн нэг хэсэг. Түүний талбайд үүсгэж буй гоолын боломж нь 87,5 хувь бөгөөд энэ бол Кевинийг бусдаас хавьгүй дээд түвшний тоглогч гэдгийг харуулж байгаа юм. Түүний дараа бичигдэж буй Т.Мюллерийн үзүүлэлт ердөө 76.1 билээ. Эдгээр тоон үзүүлэлтээс гадна түүний ур чадварын цуглуулга дэндүү баялаг. Хамгаалалтын шугамыг давуулж хаядаг удирдлагатай мэт дамжуулалт, оновчтой, хүчтэй цохилт, хөндлөн дамжуулалт гээд тэрбээр бүхнийг чаддаг. Кевиний талаар “Арсенал”- ын дасгалжуулагч М.Артета “Ийм оновчтой бөгөөд хурдан тоглож чаддаг тоглогчийг би огт хараагүй. Тэр цагт 33, эсвэл 35 км хурдтай талбайд гүйж байгаа хэрнээ хоёр хамгаалагчийг давуулаад 30 метрийн зайд байгаа тоглогчид бөмбөг дамжуулж чаддаг. Миний хувьд тэр бол Премьер лигийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг” гэж өгүүлжээ. Үнэхээр ч хурд, хүч, оновч, сэтгэлгээний гайхамшгийг де Бройн хэдэн мильсекундын дотор үзүүлдэг билээ.
Түүний гайхалтай тоглолтод 2018-2019 оны улирлаас эхлэн гэмтэл саад болж эхэлсэн юм. Тэрхүү улиралд Кевин ердөө 975 минутыг талбайд өнгөрүүлж, 36 тоглолтыг гэмтлийн улмаас өнжив. Дараагийн улиралд гэмтлээ эдгээгээд эргэн ирсэн ч удаах таван улиралд байнга 8-20 тоглолт өнжих болсон билээ. Өнгөрсөн улиралд дэндүү олон буюу 36 тоглолтод оролцоогүй. Гэхдээ л тэрбээр 2024 оны нэгдүгээр сард талбайдаа эргэн ирж 17 тоглолтод оролцохдоо дөрвөн гоол оруулж, 10 гоолын дамжуулалт өгснөөр багаа Премьер лигт дөрөв дараалж түрүүлсэн анхны баг болоход ихээхэн тус хүргэсэн.
Харин энэ улиралд Кевин гэмтлийн улмаас сар гаруй талбайн гадна байсан ч тоглох цаг нь багасав. Дасгалжуулагч Х.Гвардьола түүнийг чухал тоглолтуудад бага тоглуулах болсон. Жишээлбэл, “Аваргуудын лиг”-т “Реал”- тай хийсэн тулааныг К.де Бройн сэлгээний суудлаас үзсээр дуусгажээ. Улмаар Премьер лигт зургаа, “Аваргуудын лиг”-т ердөө ганцхан тоглолтод л талбайд бүтэн тогложээ. Талбайд 90 минут тоглодог түүний үе ийн дуусав. Чухам ийн дүгнэж буй хүн бол Х.Гвардьола. Түүний шийдвэртэй маргах хүн хөлбөмбөгийн ертөнцөд бараг үгүй билээ. Ийнхүү “Бельги шидтэн”-ий ид шидийн цаг Англид өндөрлөж байна. Түүнийг ирэх улиралд аль улсын ямар лигт ид шидээ харуулахыг хүлээх л үлдлээ.
Н.Энх