Төв аймгийн Жаргалант сумд бага насны гурван хүүхэд галд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Байшин шатаж, хажуугийнхаа айл руу тархлаа гэх дуудлага уржигдар 15.25 цагт онцгой байдлын газарт ирсний дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид газар дээр нь очиход иргэн Б-гийн 7x8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсан бөгөөд галд таван настай Э, дөрвөн настай Б, хоёр настай Г нар өртөж, нас баржээ.
Гал гарсан өдөр буюу энэ сарын 21-нд Жаргалант сумынхан их цэвэрлэгээнд гарсан байжээ. Тодруулбал, тус сумын Засаг даргын захирамжаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан бөгөөд иргэд, аж ажуйн нэгж, тэр ч бүү хэл, 6-12 дугаар ангийн сурагчдыг ч хүртэл хамруулахаар захирамжид дурдсан байна. Талийгаач охидынээж нь цэцэрлэгт ажилладаг бөгөөд гал гардаг өдөр их цэвэрлэгээнд дайчлагдсан талаар цахим орчинд мэдээлэл цацагдсан. Мөн зургаадугаар ангийн эгчийг нь сургуулиас нь дуудсан байна. Охиныг цэвэрлэгээнд гарсны дараа гэрт нь гал гарсан аж. Энэ талаар Жаргалант сумын Засаг дарга Б.Гомбодоржоос сэтгүүлчид тодруулахад “Гурван хүүхэд амиа алдсанд маш их харамсаж байна. Ээж нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, аав нь төрийн байгууллагад ажилладаг. Гэхдээ тухайн өдөр цэвэрлэгээнд гарсан, эсэхийг мэдэхгүй байна. Бид “Айл шатлаа” гэж мэдээ аваад очсон. Байшин дотор хүүхдүүд байгааг мэдсэн ч орох ямар ч боломж олдоогүй. Иргэд ус зөөж, галыг унтрааж дууссаны дараа Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумаас аврах ангийнхан ирсэн. Манай сум 2020 онд гал унтраах автомашинтай болсон. Гэвч ганцхан удаа л ажилласан. Машиныг асаах гээд чадахгүй байна. Жаргалант сум хүн ам олонтой. Гал унтраах, аврах анги зайлшгүй шаардлагатай” гэж ярьжээ.
Төрийн болон төрийн бус байгууллагынхан аливаа олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахдаа бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг чөлөөлөх, сурагчдыг хамруулахгүй байхад анхаарах шаардлагатай байна. Хэдэн жилийн өмнө Дархан-Уул аймагт цэцэрлэгт ажилладаг эмэгтэйг урлагийн тоглолтоо бэлд хэмээн эрхлэгч нь дуудсаны улмаас 1-5 насны гурван охиноо гэрт нь харгалзах хүнгүй үлдээснээс золгүй явдал тохиолдсоныг мартах учиргүй баймаар.
Ч.Туяа