Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилтын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Эдийн засаг, хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг холбогдох байгууллагууд хамтран Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах тухай хуулийн төсөл боловсруулж, салбар салбарын судлаач, мэргэжилтнүүдийн хүрээнд хэлэлцүүлэхэд бэлэн болжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, аюулт үзэгдлийн давтамж, хор хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж буй. Харин үүний нөгөө талд иргэд энэ төрлийн эрсдэлд хэр бэлтгэлтэй, даван туулах чадвартай байна вэ гэдэг асуудал тулгамдах болсон. Тэгвэл энэхүү хууль нь мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, иргэд, олон нийт, ялангуяа малчдын даван туулах чадварыг сайжруулахад чиглэсэн аж.
Ийм хуультай болсноор Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох чиглэлээр олон улсад хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг бодитой үнэлж дүгнэх нөхцөл бүрдэх нь. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хуулийн төсөл олон улсын бодлого, жишигт нийцсэн, эсэх асуудлыг хөндөж, судлаачдын санал, зөвлөм-жийг нэгдсэн байдлаар хүлээж авах гэнэ.
Ж.Наран