Шар металлын ханш энэ он гарснаас хойш тасралтгүй өсөж, түүхэн дээд түвшнээ хэдэнтээ шинэчилсээр өнгөрсөн сарын сүүлчээр унцынх нь үнэ 3100 ам.доллароос анх удаа давсныг олон улсын биржүүд мэдээлж байв. 2025 оны 1-3 дугаар сард алтны ханш 16 удаа шинэ “дээд амжилт” тогтоосныг эдийн засагчид тухайн үед онцолж байсан юм. Тэгвэл үүнээс хойших хагас сар гаруйн хугацаанд алтны үнэ дахин 200 орчим ам.доллароор өсөж, түүхэн түвшинд хүрлээ. Өнгөрөгч даваа гарагт унц алт 3258 ам.доллартой тэнцэж байсан бол үүнээс нэг хоногийн дараа 3324 ам.долларт хүрч өсөв. Энэ нь өнгөрөгч хоёрдугаар сарынхаас 15.4, гуравдугаар сарын сүүлчийнхээс 7.2 хувиар өссөн дүн болж байна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд гэхэд алтны ханш түүхэн дээд түвшнээ хоёр удаа шинэчилжээ.
“Goldman sachs”, UBS зэрэг томоохон банкны шинжээч, мэргэжилтнүүд шар металлын ханш оны эцэст 3300 ам.доллароос давна хэмээн тооцоолсон нь ийнхүү жилийн эхний хагас ч хүрээгүй байхад биеллээ олов. Алтны ханш тасралтгүй “цойлж” буй нь дэлхийн худалдааны хурцадмал байдал, томоохон гүрнүүдийн экспортын хязгаарлалттай холбоотой хэмээн үзэж буй. Олон улсын зах зээл “бужигнаантай”, тогтворгүй байгаа энэ үед хөрөнгө оруулагчид алт руу “хошуурч” эхэлсэнтэй холбоотойгоор шар металл олборлогч компаниудын хувьцааны ханш ч эрчимтэй өссөөр байна.
Н.Мишээл