Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан галд өртөж олон хүн амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, орох оронгүй болсон хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт шүүгдэгч нарын өмгөөлөгчид гаргасны дагуу өчигдөр нээлттэй явууллаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү удирдан, “Дашваанжил” ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав, тус компанийн жолооч Ч.Рэнцэндорж, тэдний өмгөөлөгч нар, улсын яллагч НПГ-ын хяналтын прокурор Н.Өнөрбаяр, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Сайнхүү, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон хүмүүс, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нарыг оролцуулан уг хурлыг хийсэн юм. Энэ үеэр шүүгдэгч хоёр хүний өмгөөлөгч нар автомашинууд мөргөлдсөн осол гарсан шалтгаан, нөхцөлийг дүгнэсэн шинжээчдийн дүгнэлт эргэлзээтэй, түүнийг гаргасан нэг жолооч болох БХЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга, хошууч Э.Мөнхнарангийн хууль, дүрэм зөрчсөн үйлдлүүдийг шалгалгүй, яллагдагчаар татаагүй нь буруу хэмээснээс гадна шатсан 207 дугаар байрны галд тэсвэрлэх чадварын талаар дүгнэлт гаргаагүй зэргийг голлон хөндөж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах санал гаргав. Харин улсын яллагч нар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжтой, 207 дугаар байрыг Улсын комисст хүлээн авсан албан тушаалтнуудад тусдаа хэрэг нээн АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэмээсэн.
Тэгвэл шүүгч Д.Шинэхүү хэргийг прокурорт буцаах захирамж гаргалаа. Шийдвэрийнхээ талаар тэрбээр тайлбарлахдаа “шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж байгаа учраас зам, тээврийн осолд дахин шинжээч томилуулах нь зүйтэй. Түүнчлэн иргэний нэхэмжлэгч бус этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь оролцогчдын эрхийг хязгаарласан байна. Гал түймрийн аюултай бодис тээвэрлэж байгаа этгээд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас галын аюулгүй байдлын дүгнэлт авах шаардлагатай байдаг. Энэ дүгнэлтийг “Дашваанжил” ХХК-ийнхан авсан гэдэг болов ч хэрэгт байхгүй. 207 дугаар байр галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй байсан гэх дүгнэлт тодорхойгүй байдлаар тусгагдсан. Үүнийг тодруулах шаардлагатай байна” хэмээсэн юм.
Уг нь прокуророос “Дашваанжил” ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав, тус компанийн жолооч Ч.Рэнцэндорж нарт Эрүүгийн хуулийн 10.6-2 дугаар зүйлийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёроос дээш хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 11.3-2-ын болгоомжгүйгээр хоёроос дээш хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 11.5-1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэсэн заалтыг үндэслэн яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн билээ. Дээрх гал түймрийн улмаас онцгой байдлын албаны гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн хүн нас барж, 40 гаруй иргэн хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогод нэрвэгдсэн. Мөн тээврийн 36 хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсныг шинжээчид дүгнэсэн билээ.