Дэлхий дахинд сүүлийн 50 жилийн хугацаанд товлолт вакцины ачаар 154 сая хүний амийг аварсан байна. Энэ нь минут тутамд зургаан хүнийг үхлээс хамгаалсан гэсэн үг. Тийм ч учраас жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлчийн долоо хоногт дэлхий нийтээр дархлаажуулалтын кампанит ажлууд өрнүүлдэг уламжлалтай. ДЭМБ-аас “Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног”-ийг олон улсад ийнхүү тэмдэглэх санаачилгыг анх гаргасан байдаг. Үүний үр дүнд улс орнууд эл өдрүүдэд вакцины давуу тал, сэргийлэх боломжтой халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах, дархлаажуулалтад хоцрохгүй хамрагдахын ач холбогдол зэргийг олон нийтэд таниулан сурталчилсаар ирэв.
Манай улс ч жил бүр уг өдрийн хүрээнд вакцины талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх олон ажлыг зохион байгуулдаг. Өнөө жил ЭМЯ, ХӨСҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ынхан хамтран энэхүү тэмдэглэлт өдрийг “Дархлаажуулалтыг хүн бүрд” уриан дор, умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг эрчимжүүлэх нөлөөллийн ажлууд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, албаны эх сурвалжууд иргэд, олон нийтэд умайн хүзүүний хавдрын өнөөгийн нөхцөл байдал, үүсгэгчийн тухай, товлолын дархлаажуулалтад хамрагдахын давуу тал зэрэг мэдээллийг өгөх бөгөөд мөн ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийнхан вакцины талаарх үйл ажиллагааг танилцуулах аж.
О.Оргилох