Хэнтий аймгийн малчин залуу энэ сарын эхээр хэдэн ямаагаа самначхаад ноолуурын үнэ өсөхийг хэсэг харзнасан гэнэ. Гэтэл үнэ өсөх нь бүү хэл, авах ч хүн олдохоо байж. Сарын эхэнд нэг кг ноолуурыг 150 мянга орчим төгрөгөөр авч байсан ченж одоо болохоор “авахгүй” гээд гэдийчхэж. “Ноолуур авна” гэх зарын дагуу ярихаар 140 мянга гэх боловч яваад очихоор кг-ыг нь 100-105 мянган төгрөгөөр л үнэлж буйг малчин залуу ярьсан юм. Харин салбарын яамныхан нь зүүн аймгийн малчдаас ноолуурыг нь бүрэн авч дууссан. Төв болон баруун аймгаас ноолуур авч эхэлсэн хэмээн мэдэгдэж буй. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Дэлхий нийтэд худал¬дааны томоохон зөрчил, маргаан өрнөж байна. Улс орон бүр тарифын бодлогоор хязгаарлалт хийж буйтай холбоотойгоор тогтвортой байсан, уламжлалт зах зээл доголдож эхэллээ. Ийм үед үндэсний үйлдвэрүүдтэй орнууд хожиж байна. Манай улс ноолуураа дотооддоо 100 хувь угаадаг бол . Дараагийн түвшинд буюу самнасан ноолуурыг л экспортлох бодлого баримталж байгаа. Ноолуурыг угааж, самнахын хооронд багаар бодоход 500-700 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээж чадна. Дэлхийн оёдлын материалын зах зээлийн 1.6 хувийг мал аж ахуйн гаралтай түүхий эд эзэлдэг. Үлдсэн нь хөвөн, синтетик, нано материал.
Мал аж ахуйн гаралтай түүхий эд үнэт бүтээгдэхүүнд тооцогддог. Монгол Улс дэлхийн ноолуурын 46 орчим хувийг дангаараа хангаж байгаа. Мөн жилд 30 мянган тн ноос бэлтгэх хүчин чадалтайгаар дэлхийд 14 дүгээрт бичигддэг. Арьс, шир, ноос, ноолуур, сарлагийн хөөвөр зэрэг таван гол бүтээгдэхүүний боловсруулалтыг сайжруулах ажлыг манай яам хийж байна. Дэлхийд ноолуурын зах зээлд 2.7 тэрбум ам.доллар эргэлдэж буй. Манай улс 404 сая ам.долларын экспорт хи鬬дэг. Ноолуурын эх уурхай хэрнээ энэ зах зээлд боломжоосоо бага орон зайд тоглолт хийж байгааг өөрчлөх хэрэгтэй” хэмээн ярьжээ.
САМНАХ 54 ҮЙЛДВЭРИЙН 17 НЬ ХЯТАД ЭЗЭНТЭЙ
Гаалийн ерөнхий газрын мэдээнээс харахад энэ оны эхний улирлын байдлаар манай улс 72.3 тн самнасан ноолуурыг 8.5 сая ам.доллароор экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 55 хувиар буурсан дүн юм. Мөн үнийн дүнгийн хувьд 45.3 хувиар буурчээ. Ноолуурын дундаж үнэ кг нь 133 мянган төгрөг байсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.3 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн билээ. Үүнд нөлөөлсөн гол шалтгааны нэг нь энэ оны хоёрдугаар сарын 1-нээс манай улс зөвхөн самнасан ноолуур экспортолж эхэлсэнтэй холбоотой гэж үйлдвэрлэгчид болон малчид үзэж буй юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2022 онд ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын талаар тогтоол баталсан билээ. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг хоёр ч удаа хойшлуулсны эцэст өнгөрсөн сарын 1-нээс мөрдөж буй. Ноолуурын гол тоглогч Хятад улс манайхаас угаасан ноолуурыг хямд өртгөөр авдаг байсан бол нэмүү өртөг шингээснийх нь дараа яаран хөдлөхөөс болгоомжлох болжээ. Тодруулбал, БНХАУ-д нүүр¬лэсэн эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас дотооддоо ч ноолуураа хэдэн төгрөгөөр авахаа мэдэхгүйд хүрсэн гэнэ. Нэг ёсондоо сүүлийн 30 жилд байгаагүй “үзэгдэл” буюу Монголын ноолуур Хятадынхаас илүү өртөг өндөртэй болсныг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс тэд өөрсдийн ноолуурыг хямд үнээр авахыг илүүд үзэх нь ойлгомжтой. Гэхдээ тэд манай ноолуурт огт гар хүрэхгүй байгаа гэсэн үг биш ээ. Манай улсад хятад эзэнтэй, ноолуур самнах 17 үйлдвэр бий аж. Аль 2022 оноос л хятадууд Монголд самнах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулаад эхэлжээ. Эдгээр үйлдвэрийнхэн монголчуудаас ноолуур авч, самнан, шат ахиулаад Итали руу гаргах төлөвлөгөөтэй ажиллаж буй гэнэ. Харин дотоодын хөрөнгө оруулалттай, ноолуур самнах 37 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэр нийт 13 мянган тн самнасан ноолуур бэлдэх хүчин чадалтай. Харин манай улс энэ онд 8000 гаруй тн ноолуур бэлдэхээр төлөвлөжээ. Үүнээс үзэхэд үйлдвэрүүдийн ноолуур самнах хүчин чадал хангалттай ч экспорт буурч, орлого багасчихлаа. Ноолуурын техникийн зохицуулалтыг баталсантай холбоотойгоор самнах үйлдвэрүүд ийнхүү борооны дараах мөөг шиг олширсон байна. Харин тэд ашигтай ажиллах, эсэх нь эргэлзээтэй. Энэ тухайд салбарын сайд нь “Ийм “гал”-ыг хүлээж авах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Харин ч манай улс дотоодын үйлдвэрүүдтэй тулдаа ноолуурын үнийг 40-50 мянга болтол нь бууруулалгүй барьж байна” хэмээсэн.
“ҮНЭТЭЙ ГЭЭД УРД ХӨРШ АВАХГҮЙ БАЙГАА”
“Сор кашемир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Очгарьдаас нөхцөл байдлын талаар тодруулахад “Манайх Булган, Хөвсгөл, Архангайгаас ноолуур авч байна. Хөвсгөлд 140, Булганд 135, Архангайд 138 мянган төгрөгөөр тус тус худалдан авч байгаа. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгаас ноолуураа авчихсан. Зүүн аймгуудаас нэг кг ноолуурыг 158-164 мянган төгрөгөөр авсан. Одоогийн байдлаар зүүн дөрвөн аймгаас 40 тн ноолуур бэлдлээ. Мөн Төв, Дундговиос ноолуур авлаа. Манай компани нийтдээ 80 орчим тн ноолуур авч¬ хаад байна. Гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15 хүртэлх хугацаанд ноолуураа хувааж авдаг юм. Энэ жилийн хувьд ноолуур оройтож гарсан. Үнэ нь өнгөрсөн оныхоос буурсан. Ноолуур зах зээлд хувьцаа шиг л арилжигддаг. Италид самнасан кг ноолуур 85 ам.долларын ханштай байна. Өнгөрсөн онд 95-105 ам.долларт хүрч байв. АНУ, БНХАУ-ын худалдааны дайн үргэлжилж, өмнөд хөр¬шид тодорхойгүй нөхцөл үүссэн. Хятадад ноолуурын үнэ Монголынхоос хямд болсон. Хятадууд өөрсдөө ямар үнээр худалдаж авахаа мэдэхгүйд хүрснээ ярьж байна. Манай компани угааж, самнасан ноолуураа Хятад, Итали руу гаргадаг. Ээрмэлийн утсаа дотоодын 160 гаруй компани болон гадаадын зах зээлд нийлүүлдэг. Самнасан ноолуурыг маань урд хөршийнхөн үнэтэй гээд авахгүй байгаа учраас барууны түншүүдээ түшнэ дээ” хэмээн ярьсан юм. Мөн тэрбээр ноолуурыг самнах үйл явц бүтэн жилийн хөдөлмөр тул гадаадын зах зээлд ядаж кг-ыг нь 85 ам.доллароор борлуулж чадвал болох нь тэр гэв.
Манай улс 23 сая ямаатай. Нэг ямаанаас дунджаар 350 гр ноолуур авдаг гэж тооцвол энэ онд 8000 тн ноолуур авах гэнэ. Дэлхийд тансаг хэрэглээ, үнэт эрдэнэ болсон цагаан алтаа бид 20 жилийн өмнө тэр чигт нь Хятад руу явуулчихдаг байв. Шороо, чулуу, хог, зунгагтай нь хямд үнээр экспортолж байлаа. Харин тус улсаас хог, шороотой, хаягдал ихтэй ноолуурыг хилээрээ оруулахыг хориглосны “ачаар”, залхуу монголчуудын нүд нээгдэн, ноолуураа дотооддоо 100 хувь угаадаг болсон билээ. Одоо самнах, цаашлаад утас, бэлэн бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд борлуулахыг зорьж буй. Үүний хүрээнд “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, ноос, ноолуур, арьс, ширний салбарт 800 орчим тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Хоёр сарын хугацаанд 83 аж ахуйн нэгжид 300.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Гэвч зээлсэн мөнгөөрөө ноолуур аваад бараг шавхагдаж буй учраас улсаас дахин “харж үзэх” шаардлагатай байгааг зарим үйлдвэрлэгч хэлсэн юм. Тухайлбал, зүүн аймгуудгаас авсан өртгөөс нэг их дордуулахгүйгээр багадаа гэхэд кг ноолуурыг 110 мянган төгрөгөөр авахаар зорьж буйгаа ярив.
НИЙТ 1977 ТН НООЛУУР БЭЛТГЭЖЭЭ
Ноолуурын улирал үргэлжилж буй энэ цагт Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эл асуудлыг ч хөндсөн юм. Тодруулбал, Засгийн газраас малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргахаар шийдвэрлэснээ танилцуулав. “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд энэ онд ноолуур худалдан авахад зориулж 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компанид олгосон байна. Одооогоор нийт 1977 тн ноолуур бэлтгэжээ. Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тн самнасан ноолуур эскпортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1.8 их наядад хүргэж, борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж буйг хуралдааны үеэр онцоллоо. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулах түвшнийг ахиулж, нэмүү өртөг шингээж, экспортын орлогоо нэмэгдүүлэх зорилгод хүрэх алхмыг вексель гаргаснаас ойртуулна хэмээн эрх баригчид үзэж байна. Харин малчид нэг кг ноолуурын үнийг 200 мянгад хүргэх боломжтой хэмээж буй ч бодит байдалд өртөг нь 100-150 мянгын хооронд хэлбэлзэж байгаа юм. Тухайлбал, өчигдрийн байдлаар үндэсний үйлдвэрүүд Хөвсгөлийн Төмөрбулаг сумд 139-140, Архангайн Тариат, Цахир, Хангай, Чулуут, Өндөр-Улаанд 135-140, Дундговьд 108-115, Өмнөговьд 105, Өвөрхангайд 120 мянган төгрөгөөр тус тус авч буйг Монголын ноос, ноолуурын холбооныхон цахим хуудсандаа байршуулжээ.
Ноолуурын үнэ худалдан авагчаас шууд шалтгаалдаг гэдэг ч улсаас бодлогоор зохицуулахгүй бол малчид хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага мэт байдалтай үлдэх нь. Нэг ёсондоо хятадууд гэдийж, малчид гонсойж байна. Ядаж дотоодын үйлдвэрүүд үнэ унагаахгүй байхад Засгийн газрын шийдвэрүүд тусаа өгнө гэж найдъя.