“Хавар болоод хаа газаргүй оюун сэтгэлийн гэгээ татаад сайхан чиг өдрүүд ар араасаа хөтлөлцөж байна. Өвс, цэцгийн үндэс хөрсний үзүүртээ оодгоноод ирэхээр өр цээж цаанаа л нэг нялхамсуу болчих юм. Арга ч үгүй дээ” хэмээн гэгэлзсэн яруу найрагчтай ийм гэгэлгэн цагаар хөөрөлдөх юутай завшаан билээ. МЗЭ-ийн Яруу найргийн төвийн дарга, яруу найрагч Н.Минжинсайхан байнга л зүг зүг тийш явж байдаг завгүй нэгэн бөгөөд алд биеэ хэд хуваан амжуулдаг юм бол гэмээр гүйцэгдэхгүй олон “явдал суудлын” цаана утга зохиолын төлөөх элэг, сэтгэл буй нь илэрхий.
-Саяхан Говь-Алтай яваад ирсэн байх аа. Тэнд хаваржаа тавлаг байна уу?
-Уран зохиолын зөөлөн дулаан салхи зүг зүгээс сэвэлзээд сайхан хавар болж байна. Бид¬ний хэдэн яруу найрагч Алтайг зорих үеэр тэнд хаврын цас нэвсийтэл ороод утга бэл¬гэшээл төгөлдөр байлаа. МЗЭ-ийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийнхөн маань их соён гэ¬гээрүүлэгч, нэрт яруу найрагч, дуун хөрвүүлэгч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит “Хуурын эгшиг” яруу найргийн наадмыг энэ сарын 18-нд дэлгэр сайхан зохион байгуулсан. Нутаг уснаасаа төрсөн зохиолч, найрагчдадаа сум сумын дарга нар нь ирж хүндэтгэл үзүүлсэн нь онцгой байлаа. Мөдхөн Өмнөговь руу бас явна. Өмнөговийн Утга зохиолын нэгдлийнхэн аймгийнхаа Нийтийн номын сангийн шинэ байрны нээлтийн үеэр хамтарсан номын баяраа нээх гэж байгаа юм.
-Үндэстэй бүхэн сэргэдэг энэ улиралд яруу найрагчид хайрын шүлэг олныг бичдэг байх. Та хайрын олон шүлэгтэй хүн шүү дээ. Өөрийн тань хувьд яадаг вэ?
-Энэ хорвоогийн хамгийн хүчтэй зүйл бол хайр шүү дээ. Бие биенээ хайрлаж буй тэр их хайраар л энэ хорвоо оршин тогтож байгаа хойно. Хүн гэдэг амьтан зуурдынхаа аж төрлийг хайран дунд өлгийтэй байж байгаад л дүүргэдэг учраас хайрын шүлэг олныг бичсэн бичсэн. Дунд сургуульд байхад үе тэнгийнхэн, ангийн хүүхдүүд надаар хайрын захиа их бичүүлдэг байв. Хайрын захиануудыг шүлэглээд л явчихна (инээв). Эхэндээ нөгөөдүүл маань миний бичсэнээр шууд л таалагдсан охиндоо өгдөг байсан чинь сүүлдээ бичгийн хэвийг минь таниад “Минжээгээр бичүүлчихсэн байна шүү дээ” гэхээр нь өөрсдөө хуулж бичдэг болсон доо. Үеийнхээ нэг охинд сэтгэл алдарчхаад л түүнийхээ зургийг энгэртээ үнгэгдтэл, дүрийг нь арилтал нь өвөртөлж явсан тэр өдрүүд бол яах аргагүй тунгалаг байлгүй яах вэ. Хаврын энэ урин дэлгэр цагт Улаанбаатарын залуус маань хоорондоо сайхан хөтлөлцөөд явдаг, бие биенээ тэвэрч, эрхлүүлж байгаа тийм дүр зураг энэ хотын хаана ч элбэг байгаасай гэж боддог. Хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд түрүүлж байсан. Тав, зургаан номын маань шүлгүүдийн дийлэнх хувийг хайрын тухай шүлгүүд эзэлнэ. Тэр бол маргашгүй үнэн. Гэвчиг яг нэг тийм хүний сэтгэлд торчих хайрын шүлэг юу бичсэн юм бол оо л гэж өөрөөсөө асууж явна.
-Уншигчийн хувьд бол надад Минжинсайханы хайрын шүлгүүдээс “Эрххэн минь дээ” гэдэг шүлэг сэтгэлд тордог. Тэр шүлгээ уншигчдад сонордуулаач?
-Эрххэн минь дээ эрххэн минь Энэ олон жилүүдэд чи хаана байсан болоод Олс нь хуучирсан савлуурт модон гүүрэн дээгүүр Одоо намайг ийм зоригтой алхуулж байгаа юм бэ Дүүжлүүрт гүүрэн дээгүүр, бас гүн харанхуйн дээгүүр Дөнгөж сая л би алхахаас айдаг байсан биш үү Гэтэл одоо гэгэлзэн савлах ээмэг шиг Салхи хэчнээн исгэрч Гүүр хэчнээн савлавч Цөмрөхөөс үл эмээн улам цааш алхаж байна Эрххэн минь дээ Эрххэн минь Энэ олон жилүүдэд чи хаана байсан болоод Он цагийг дааж ядсан модон гүүрэн дээгүүр Одоо намайг ийм зоригтой алхуулж байгаа юм бэ Нэг хайрын шүлэг өөрөөсөө “тастахад” нэг их сайхан цээж хөнгөн болдог санагддаг. Хайр сэтгэлийн энэ сэдэв дээр бодолхийлдэг зүйл маань нэг тийм нандин зүйлийг нь л илүү их олж харахыг хичээдэг. Ер нь ч тэгээд аливаа хүнээс, аливаа бүтээл туурвилаас, найз нөхөд эргэн тойрныхоо улсаасаа ч нандин зүйлийг л олж харж, эерэг зөв талаас нь бодож нандигнаж явахыг хичээдэг юм.
-Хайрын олон талын өнгө бий. Нандигнаж чадвал...
-Тэгэлгүй яах вэ. Зохиолч Дарамын Батбаяр гуайн “Цахилж яваа гөрөөс”-ийг манайхан андахгүй мэднэ дээ. Тэнд Дамбын ирж байгаа бараанаар Дэжид нэг ор луугаа үнэртэн гоо цацдаг шүү дээ. Тэр бол эрэгтэй зохиолчоос гарах мэдрэмж гэхэд бас л хэтийдсэн мэдрэмж шиг санагддаг. Би тэрийг уншчихаад Дарамын Бат¬баяр гуай урьд насандаа магад бүсгүй хүн байсан байх бодож байсан. Нөгөө Д.Намдаг гуайг “Хөгшин чоно ульсан нь” туужийг бичихэд “Энэ Намдаг урьд насандаа чоно байсан юм биш үү” гэсэн гэдэг шиг (инээв). Нөгөө талаар Чингиз Айтматовын “Жамиль” тууж байна. Энэ бол үнэхээр нэг тийм нандин ном шүү дээ. Тэр нимгэн номд тийм зузаан хайр багтахдаа яах вэ дээ гэж бодогддог. Унших бүрд шинэхнээрээ байдаг. “Зурсан зураг болгонд минь Даниярын дуу шингэг, Зурах зураг бүхэнд миньЖамилийн зүрх цохилог” гэсэн төгсгөлийн хоёр мөр ямар төгс билээ. Дэлхийн хамгийн сайхан хайрын түүх гэж байгаа шүү дээ.
-Горькийн сургуулийн дипломын ажил нь “Жамиль” гэхээр Айтматов ямар агуу амьтан байсан нь тодорхой. “Авьяастай хүмүүсийг л хайрла, бусад нь бол аргаа олчихно” гэдэг хатуу ч гэсэн ортой санагддаг.
-Бид чинь өдөр тутмынхаа аж амьдралд толгой, сүүл холбон ярьдаг, зүйр цэцэн, хэлц үгээр харилцдаг ард түмэн учраас шүлэг бичдэггүй монгол хүн ховор биз. Гэхдээ “шүлэг бичих, шүлэглэж бичих хоёр огт өөр юм байдаг” гэж Долгорын Нямаа ах маань хэлж байсан. Тэр бол их ончтой тодорхойлсон санагддаг. Тиймээс би үүнийг байнга санаж явдаг. Толгой холбоод хэлчихсэн зүйлээ шүлэг гэж эндүүрдэг хүмүүс бий. Гэтэл тэр бол шүлэг биш, яруу найргийн туурвил зүйгээс зээлдсэн л төдий зүйл байхгүй юү. Цаас дэмий үрээд л байна гэсэн үг. “Яруу найраг бол тогтмол хэмжигдэхүүн” гэж Блок хэлсэн байдаг. Тэгэхээр яруу найраг тодорхой хэмжээний өндөрлөгт байдаг, оюун санааны болон сэтгэл зүрхний мэдрэмжийн хамгийн дээд цэг дээр хөгжимддөг зүйл байх нь.
-Таныг хаана ч явсан олон сайхан яруу найрагчийн шүлэг бүтээлийг цээжээр уншдаг, ая дуу баривал зохиолчийг нь овог нэр, нутаг устай нь хэлж, үүх түүхийг нь ярьдаг тухай нөхдөөс сонссон. Бид ер нь нэгнээсээ сайн сайхан, гэрэл гэгээтэй талыг нь түрүүлж олж хардаг, хэлдэг байвал хэчнээн сайхан билээ дээ.
-Сайхан зүйлийн тухай цаг харамгүй айвуу тайван ярьдаг, бие биенийхээ алив сайхныг түрүүлж хардаг, сайн ном, бүтээлийн тухай ярьдаг, оюун сэтгэлийн хүчний талаар, байгаль дэлхий, уул ус, эх орныхоо тухай, Улаанбаатар хотынхоо тухай нэг ийм элгэн халуунаар хөөрөл¬дөж, дурсаж чаддаг ийм л ард түмэн байсан шүү дээ. Ийм л баймаар санагддаг. Одоо ингээд харж байх нь ээ, өнгөн дээрээ бид болж бүтээд л байгаа юм шиг хэрнээ улс амьтны ярьж буй зүйл үнэндээ янжуур, талх хоёроосоо арай дөнгүүр байж чадахгүй л юм. Аль ч хүнтэй үнэн нөхөрлөнө гэж нэг сайхан чанар байна. Худлаа нөхөрлөл угаасаа мэдэгддэг шүү дээ. Одоо манайхан дөнгөж танилцсан нэгнээ “Анд аа, анд аа” гэдэг болж. Анд бололцоно гэдэг чинь шал өөр биз дээ. Үүнийг би үгэнд хайртай хандахгүй байна л гэж хардаг. Эхлээд танилцана, танилууд болно, тэгээд найз нөхөд болно. Уран зохиолд би ер нь олонтой хүн гэж өөрийгөө боддог. Хол, ойрынхоо улсыг бүгдийг нь л сэтгэлдээ багтааж явахыг хичээдэг. Гэхдээ А.ЭрдэнэОчир ахын маань хэлдэг шиг элэг, сэтгэлээ “авалцсан” тийм нөхөд, тийм ах нар бол тун цөөхөн юм даа. Тэр цөөхөн улсаас маань дэндүү эрт тэнгэрт одсоныг нь бодохоор даагдахгүй нулимстай өдрүүд бий бий. Наанадаж, А.ЭрдэнэОчир ахынхаа талаар ярихаар нарны тухай ярьж байгаа юм шиг тийм их гэгээн, сайхан санагддаг. Г.Баяр найзынхаа тухай ярихаар хөндүүр төрнө. Тэднийхээ хайрын шүлгүүдийг энд тэнд уншиж явмаар, дуу хуурыг нь аялж баймаар санагддаг. Би энд тэнд явахдаа ЭрдэнэОчир ахынхаа “Голын тохой дээр”, “Хичээлдээ биш, чамд яарч” зэрэг шүлгийг их уншдаг. Мөн Дорждамбын Баттогтох гэж тунгалаг сайхан яруу найрагчийн “Танайх нүүж байна” гэдэг шүлгийг унших дуртай. Сайн шүлгэн дотор нэг тийм хүчтэй эрчим байдаг. Цээжлэх гэж ядаж зүдэх юмгүй, аяндаа өөрөө ой тойнд “үсрээд” орчихдог шүлэг байдаг шүү дээ.
-Ганболдын Баяр гэж нэг суутай авьяастай яруу найрагч байлаа. Нөхрийнхөө дурсгалд зориулж ном бүтээн, цомгийг нь хэвлүүлснийг тань мэдэх юм.
-Ер нь уран зохиолын үзэгдэл байсан шүү. Баяр маань “Би Данзангийн Нямсүрэн найрагийн үндэс суурьтай. Гэхдээ Нямсүрэн гуайн мо¬рин дээр мордож яваад би өөрийнхөө морийг бугуйлдсан” гэж хэлдэг байсан. Ганц нэг бүтээл нь төсөрхүү мөртлөө хөгжмөөр бол нэг ноотны шугаман дээр зохиосон юм уу даа гэмээр байдаг. Миний нандин залуу найз даа. Бурхан болохынхоо өмнөхөн надад “Миний энэ болсон, болоогүй юмнуудтай чи ноцолдож таарах байх. Би цомгоо гаргаж чадсангүй. Тааруу юмнууд байвал бүгдийг нь хасаарай. Тэрэнд унтууцах юм найзад нь байхгүй” гэж захисан юм. Гэхдээ би аль ч бүтээлийг нь хасаагүй. Цомгийнх нь ажил дээр Мо (яруу найрагч Г.Мөнхбаатар) найзтайгаа суусан. Баярынхаа 20 гаруй шүл¬гийг Ардын жүжигчин Г.Равдан, Соё¬лын гавьяат зүтгэлтэн Г.Чулуунбат, Ж.Бям-баа зэрэг нэвтрүүлэгчээр уншуулж, дуунуудынх нь хамт хамгийн их багтаамжтай хувилбараар нь цомог гаргаж, нээлт хийсэн. Мөн дууны үг, шүлэг найргийг нь нөхдийнхөө дурсамжуудтай хамтатгаад “Бугын толгойтын гарам” гэж ном хэвлүүлсэн. Энэ номд үнэхээр нэг жинхэнэ яруу найргийн тунгалаг бадгууд нэвт бий дээ. Анд нөхөртөө хэлсэн амлалтаа биелүүлж, хэзээ нэгэн өдөр араас нь очиход нүүр бардам байх тийм нэг тасалбарыг авсан гэх юм уу даа.
-Минжинсайхан яруу найрагч өөрөө олон сайхан дууны уран бүтээлтэй хүн шүү дээ. Тэндээс онцгойлон “Сэтгэл чамайг таньсан бил үү” дуу хэрхэн бүтсэн тухай ярихгүй юу?
-“Сэтгэл чамайг таньсан бил үү” шүлгийг би 25 настайдаа бичсэн. Дууны шүлгүүдээ нэгтгэн хэвлүүлсэн “Шувуудын ай” номд маань бий. Номоо ая зохиогч Пүрэвсүрэн ахад аваачиж өгөөд, ойр зуурын юм яриад сууж байсан чинь энэ шүлгийг харснаа хөгжим рүүгээ очоод шууд л “Уртын урт замыг чамтай...” гээд эхний мөрөөс тоглоод эхэлдэг юм. Тэгэхээр нь би “Үгүй ээ, ахаа. Та наад шүлгээ ингэж болохгүй. “Сэтгэл чамайг таньсан бил үү” чинь тогтож харж байж ая хийх шүлэг шүү дээ” гэтэл ах “Юу гэсэн үг юм бэ. Ая нь ингээд ороод ирлээ шүү дээ” гэсэн. Тэгээд би түр гарчхаад ороод иртэл Пүүжээ ах бүр дуучныг нь олчихсон “Саяны гардаг бүсгүй энэ дууг дуулна шүү” гэж байна. Тэ¬гэ¬хээр нь “Өө, үгүй үгүй. Наадахыг чинь эмэг¬тэй хүн дуулахгүй” гээд бас зөрөв (инээв). Аялгууг нь бүтнээр нь сонсоход харин бол¬чихсон санагдсан. Гэтэл нэг өдөр Чинбаяр дүү, Пүүжээ ах хоёр гитартай өнөө дууг маань дуулаад фэйсбүүкт бичлэг оруулчихсан байсан. Сонсоод үзтэл Чинбаярын хоолойд үнэхээр зохиж байсан тул зөвшөөрсөн. Ингэж л бүтсэн түүхтэй дуу юм. Студид хоолойг нь бичүүлсний дараа Пүүжээ ах над руу явуулахад дуугаа машиндаа хэд дахин сонссоноо мартдаггүй. Төрүүлсэн бүтээлээ “Надтай адилхан байна уу, үгүй юү” гэж шинжээд байгаа хэрэг шүү дээ.
-Яруу найрагч хүн нэг шүлэг, нэг дууны үг ч байсан ингэж зүрх сэтгэлээ шингээж, тархи оюун, бүхий л мэдрэмжээ нэрж бүтээдэг. Гэтэл зарим дууны шүлгийг зохиогчийн хэлэх гэсэн санаа, утгаас нь огт өөрөөр хэлээд, дуулаад байдагт эмзэглэнэ биз?
-Эвгүйцнэ шүү. Үг байтугай, нэг үсэг өөрчлөгдөхөд л хүч нь сулардаг. Жишээ нь, л, ч зэрэг үсэг бол хүч нэмэгдүүлдэг чухал үүрэгтэй шүү дээ. Хайрын энгэрт гэдгийг дураараа энгээр ч гэдэг юм уу, эсвэл тэнгэр болгоод байж болох¬гүй. Дууны шүлэг гэдэг бол эгшгийн зөв хөтлөлцөөг хэлдэг шиг санагддаг. Тэр гурван бадаг дотор өгүүллэг, тууж, романы дайтай санааг багтаах гээд байдаг. Тэгээд түүгээрээ хүний сэтгэлийг хөдөлгөж, хурааж чадах уу, эс чадах уу гэдэг нь тусдаа асуудал. Дууны шүл¬гийн тухайд марзан марзан юм байдаг. “Зулзаган моддын найган бүжих зуны өглөөг зүүдлэн сэрлээ” гэж байгаа юм. Тэгээд зүүдлэн сэрснийхээ дараа “Мөрөөдлөөс салахгүй чинийхээ дүрийг мөнгөн шүүдрээс эрж хайж гүйлээ” гэж байгаа юм. Уг нь хоёр мөрийг нь солиод “Мөрөөдрөөс салахгүй чинийхээ дүрийг мөнгөн шүүдрээс эрж хайж гүйсээр Зулзаган моддын найган бүжих зуны өглөөг зүүдэлж сэрлээ” гэвэл утга зүйн хувьд логик алдаагүй болж байгаа юм. Тэр битгий хэл, “Унаган хайр” дууг ч бадгийн уналттай гэдэг. Хоёрдугаар бадагт “Дэгдээхэй насандаа дэрвэж өсчхөөд” гэж эхэлдэг шүү дээ. Уг нь энэ хэсэг нэгдүгээр бадагт ороод, хоёр¬дугаар бадаг нь “Уулзахын заяанд өглөө нар шиг” гээд эхэлбэл логик алдаагүй байх байсан гэдэг. Энэ бол өөлж шүүмжлээд байгаа хэрэг биш шүү. Сайхан юмаа хайрлахдаа бүр илүү л сайхан болгох гээд байгаа юм. Сайхан юмыг дотроо нандигнаж, тархи оюундаа үлгэж зүлгэж явах шиг таатай ажил байхгүй дээ.
-Монголчууд бид амны бэлгээрээ гэдэг. Өглөө анх ямар дуу сонсоно, аялагдана, тэр өдөржингөө өнөөх давтамж нь үлдсэн байдаг. Магадгүй тухайн өдрийн сэтгэл зүйн байдал ямар байх нь тэр дууны өнгө аяс, хэмнэлээс шалтгаалдаг талтай. Тэгэхээр сайн сайхан үгтэй дуу дуулж, сонсож байх нь нэг төрлийн бясалгал болдог, тийм ээ?
-Тэгэлгүй яах вэ. Ерөөсөө л энэ юм. Үгийн эрчим энерги гэдэг ийм чухал тухай л яриад байна. Мэдээж дуу бол хамтын бүтээл. Яруу найрагчийн бодож, бясалгаж байж эвийг нь олоод өрчихсөн бүтээлээс нэг үгийг авна, өөрчилнө гэдэг наанадаж бүдүүлэг явдал. Шүлэг чинь өөрийн гэсэн тодорхой энергитэй зүйл шүү дээ. Дээрээс нь хөгжмийн зохиолч тэрийг харж байгаад эгшиг аялгуу гаргаж ирээд, эвийн мод шиг зохирч сүлэлдсэн дууг дуучин хүний авьяас, ур ухаан, мэдрэмж нийлж байж урлаж байгаа юм. Ингээд гурван хүч нийлээд ирэхээр тэнд бүр л хүчтэй энергийн урсгал бий болж таарна. Тиймээс сайхан дууг дуулаад ирэхээр хүн өөрийн мэдэлгүйгээр дотоод, гадаад энергийнхээ урсгалыг зөврүүлдэг байх нь. Дуун бясалгалаар эмчилдэг арга техник гэж сүүлийн үед нэлээд ярих болсон шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Ганчимэг