Гучин найман настай Даниэль Нобоа Эквадор улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллахаар сонгогдов. Тэрбээр энэ албыг ердөө бүтэн хагас жил хашаад дахин сонгогдож байгаа юм. 2023 оны намар ээлжит бус сонгуульд ялж, тус улсын түүхэнд хамгийн залуу удирдагч нь болж байв. Түүнд халаагаа өгсөн өмнөх Ерөнхийлөгч Гильермо Лассо хийх гэсэн реформыг нь зогсоолоо хэмээн парламентын гишүүдээ буруутгаж, хууль тогтоох байгууллагаа тарааснаас хагас жил болоод огцорч ээлжит бус сонгууль явуулахад хүрсэн байдаг. Ийнхүү энэ сарын 13-нд болсон сонгууль сүүлийн дөрвөн жилд хийсэн гурав дахь удаагийнх боллоо.
Нобоа нь Эквадорын хамгийн баян хүмүүсийн нэг, Ерөнхийлөгчийн сонгуульд нэг бус удаа нэрээ дэвшүүлсэн ч ялж ер чадаагүй Альваро Нобоагийн хүү юм. Даниэль Нобоа Майамид төрж, Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх бизнесийн сургууль, Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгсжээ. 2021 онд Үндэсний ассамблейн гишүүн болж, Орос, Эквадорын найрамдлын бүлгийг тэргүүлж байжээ.
“Universe” сонинд мэдээлснээр 2022 оны есдүгээр сард долоон хүний бүрэлдэхүүнтэй парламентын гишүүдийн төлөөлөгчдийн Москвад очих зардлыг Нобоа хувиасаа гаргаж байсан аж. 2023 онд сонгуульд нэрээ дэвшүүлэхэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд зохих байр суурьтай, АНУ, Оростой худалдааны харилцаатай Эквадор улсаа ОХУ, Украины хооронд энх тайван байдал тогтоох гүүр болох ёстой хэмээн Нобоа мэдэгдэж байжээ. Сонгогдсон Ерөнхийлөгчийг тун амаргүй дөрвөн жил хүлээж байна. Эквадор улс Латин Америкийн хамгийн аюултай улс болж, аллагын хэргээр толгой цохих болжээ. Тус бүс нутгийн аюулгүй байдлыг судалж, дүгнэдэг “InSight сrime” гэдэг байгууллагаас мөрдөн шалгасан ажлын баримтаар Эквадорын мафиудын олон толгойлогч, тэдний гол туслахууд нь шоронд байдаг ч эрүүгийн гэмт хэргийн байгууллагуудын тус улсын доторх сүлжээ, үйл ажиллагааг нь удирдаж байдаг аж. Тэд авлигын өргөн хүрээтэй сүлжээтэй холбоо сүлбээтэй, тэдгээр нь өөрийн хүмүүсийг хууль сахиулах байгууллага, шүүхийн тогтолцоонд төдийгүй төрийн удирдлага, хувийн секторт ч нэвтрүүлсэн байдаг гэнэ. Хотуудын гудамжинд цэргийнхнийг харуулд гаргаж, онц аюултай гэмт хэрэгтнүүдэд зориулж томоохон шоронгууд байгуулж, гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог хүчтэй болгохоор урьд нь өөрийн зохиосон “Феникс” гэдэг төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Нобоа төлөвлөж байгаа аж. Түүнээс гадна улсынхаа нутаг дэвсгэрт гадаадын цэргийн баазуудыг байрлуулах юм байна. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх төрийн боломжийг бэхжүүлэхийн тулд цэргийн хувийн компани байгуулсан Эрик Принс гэгчтэй “стратегийн холбоо” байгуулснаа Нобоа саяхан мэдэгджээ.
Тэгэхдээ аюулгүй байдлыг хангах нь түүний ганц зорилго бас биш юм. 2024 онд Эквадор улс эрчим хүчний гүнзгий хямралтай нүүр тулгарсан байна. Хүчин чадал нь хүрэлцэхгүй, усан сангийн усны түвшин доогуур байснаас өдөр бүр хэдэн цагаар тус улс гэрэл, цахилгаангүй болдог байв. Оросын “Тяжмаш” компани тусалсны хүчинд, Эквадорын эрх баригчид ч хамтран ажилласны эцэст “Тоачи Пилатон” гэдэг усан цахилгаан станцыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан нь эрчим хүчний системд их тус нэмэр болжээ. Одоо тус улсын эрх баригчид Оростой хамтран эрчим хүчний шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байна. Үүгээр нарны хөвөгч станц байгуулж, хуучин усан станцуудаа засаж сайжруулах юм. Бас бага хүчин чадалтай атомын цахилгаан станц ч байгуулах бодол бий гэнэ. Хоёр талын харилцааг хөгжүүлэхээр Эквадорын шинэ Засгийн газартай ОХУ цаашдаа хамтран ажиллана, Москвагийн эрх баригчдад практик санал бий гэж Оросын Элчин сайд Владимир Спринчан “РИА Новости” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна. Даниэль Нобоа эх орондоо онцгой байдлын дэглэм нэг бус удаа тогтоож, мансууруулах бодис наймаалагчидтай хатуу тэмцэх, гадаадын цэргийнхнийг улсдаа байрлуулахаар амлаж байжээ. Саяны сонгуульд түүнтэй өрсөлдсөн хатагтай Луиса Гонсалес сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, саналын хуудсыг дахин тоолохыг шаардаж байгаа ч 92.6 хувийг нь тоолсны эцэст Нобоа 55.85, Гонсалес 44.15 хувийн санал авсан байв. Сонгуулийн дүнг зарласны дараа Нобоа “Энэ залуу Ерөнхийлөгчид ямагт итгэж байсан бүх эквадор хүнийг чанга тэвэрье” гэж хэлсэн гэж “Associated press” агентлаг мэдээлжээ. Дэлхийн бараг бүх хар тамхи Эквадороор дамждаг гэхэд хилс болохгүй. Дамын наймаа хийх маршрутад хяналт тогтоохын төлөө Эквадорын энэ салбарынхны хооронд харгис ширүүн тэмцэл дэгдэх, аллагын гэмт хэргийн түвшин нэмэгдэх гол шалтгаан болж байдаг нь хар тамхи аж. Дээр дурдсан судалгааны төвийн баримтаас үзвэл өнгөрсөн онд Эквадор дахь аллагын гэмт хэргийн түвшин Латин Америкт хамгийн өндөр байж, уг үзүүлэлтээр Венесуэл, Колумб, Гондурас, Бразилыг ардаа орхисон байна. Гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хийх “дайн”-д Америк, Европ, Бразилын цэргийнхэн нэгдээсэй гэж хүсэж буйгаа Нобоа өнгөрсөн сард ВВС-гийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн байдаг. Түүнчлэн Мексик, Венесуэлийн хар тамхины үйлдвэрлэл, наймаа эрхлэгчидтэй хамт Эквадорын бүлэглэлүүдийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп алан хядагч байгууллагад тооцоосой хэмээн хүсдэгээ тэрбээр мөн илэрхийлсэн. “Дэлхийн хар тамхины 70 хувь нь Эквадороор дамжин гадагш гарч байна. Олон улсын хүчний тусламж бидэнд хэрэгтэй” гэж Нобоа хэлсэн нь бий. Түүний хэлснээр “гэмт хэргийн бүлэглэлүүд” одоо “олон улсын хар тамхины алан хядагч бүлгүүд” болж хувираад буй бөгөөд тэдгээрт зэвсэглэсэн 14 мянган хүн багтаж байгаа аж. 2023-2024 онд Эквадорт хүн амины гэмт хэргийн түвшин барагцаалбал 16 хувиар доошилжээ. 2023 онд 100 мянган хүнд 46.18 ийм хэрэг ногдож байсан бол 2024 онд 38.76 болсон байна. Гэхдээ энэ нь 100 мянган хүний 6.85 хувь нь аллагад өртөж байсан 2019 оны үзүүлэлтээс хол зөрүүтэй. 2025 оны нэгдүгээр сард 781 хүн алагдсан нь тооны хувьд харьцуулах юмгүй дээд үзүүлэлт аж. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, гадаадын цэргийн баазыг газар нутагтаа байрлуулахын тулд парламентын дэмжлэг авахыг Нобоа хичээж байна. 2009 он хүртэл Эквадорын нутаг дэвсгэрт мансууруулах бодисоор бизнес эрхлэгчидтэй тэмцэх зориулалттай АНУ-ын цэргийн бааз Эквадорт байрлаж байжээ. Ерөнхийлөгчасан Рафаэль Корреа гадаадын цэргийн баазыг улсдаа байрлуулахыг хориглосон байна. Ерөнхийлөгч байсан өнгөрсөн хугацаандаа Трамптай нөхөрсөг харилцаатай болохыг Нобоа ихээхэн хичээжээ. Тус бүс нутгийн асуудлаар мэргэшсэн, Британийн Колумбын их сургуулийн профессор Анд Грейс Харамильогийн үзэж буйгаар сонгогчид Нобоад санал өгөхөд түүний энэ байр суурь чухал үүрэг гүйцэтгэсэн байна. “Трампад ойртох нь олон гэр бүлд их чухал байсан” гэж энэ профессор үздэг аж.
Трампын тангараг өргөх ёслолд Нобоа гэргийн хамт оролцсон бөгөөд Эквадорын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрын даваанаас хагас сарын өмнө Америкийн Ерөнхийлөгчийн Мар-а-Лаго дахь өргөөнд нь түүнтэй уулзаж байжээ. Нобоа Мексикийн бараанд 27 хувийн гаалийн татвар ногдуулж буйгаа хоёрдугаар сард зарлав. Эквадорт нууцаар орж ирж буй Венесуэлийн цагаачдад уучлалт үзүүлэх шийдвэрээ цуцалж буйгаа ч бас мэдэгдэв. 2021 онд Үндэсний хурлын депутат болж Эдийн засгийн хөгжлийн комиссыг нь толгойлсноор Даниэль Нобоа улс төрийн шатаар өгсөж эхэлжээ.
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй хийсэн түүний тэмцэл дотоодод ч, гадаадад ч шүүмжлэл хүлээж байлаа. Энэ тэмцэлд Ерөнхийлөгчийн баримталсан арга барил зөв, эсэхэд эргэлзээ төрүүлсэн хамгийн нэрд гарсан ажиллагаа нь “Гуаякилийн дөрвөл” гэгч байв. 2024 оны эцсээр Эквадорын хамгийн том хот Гуаякилд цэргийнхэн өсвөр насны дөрвөн хүүхдийг хүчээр машинд суулгаснаас хойш тэдсураггүй болжээ. Хоёр долоо хоногийн дараа тэдний шатааж, үе мөчөөр нь жиргэсэн цогцсыг цэргийн баазын ойролцоогоос олсон байна. Хүүхдүүдийн үхэлд оролцоотой гэдгээ цэргийнхэн үгүйсгэж байснаа тэднийг дээрмийн хэрэгт уруу татсанаа хүлээжээ. 16 цэргийг баривчилж, энэ хэрэгт буруутган мөрдөн шалгаж байна. 2024 оны нэгдүгээр сард тус улсад “дотоодын зэвсэгт зөрчил” эхэлснээс хойш Эквадорт цэргийнхэн их үүрэг гүйцэтгэх болсон. “Лос Чонерос” гэх гэмт бүлэглэлийн толгойлогч Адольфо Масияс Вильямар шоронгоос оргосноор Нобоа улс орондоо онцгой байдал зарлажээ. Хариуд нь хар тамхины гэмт бүлэглэлүүд орон даяар үймээн дэгдээж, дэг журам сэргээн тогтоохыг Ерөнхийлөгч цэргийнхэнд тушаав. Эквадорын Дэд ерөнхийлөгч байсан Хорхе Глас орогнож буй нийслэл Кито хотод байгаа Мексикийн ЭСЯ-нд тусгай ажиллагаа явуулахыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Нобоа зөвТүүнийг тун амаргүй дөрвөн жил хүлээж байна шөөрөв. Авлига, хээл хахуулийн хэрэгт орооцолдсон Глас уг тусгай ажиллагаа явуулахаас хэдэн цагийн өмнө Мексикийн эрх баригчдаас улс төрийн хувьд орогнох эрх авсан байжээ. Дэлхийн улс орнуудын удирдагчид энэ тусгай ажиллагааг шүүмжилж, Эквадортой тогтоосон дипломат харилцаагаа Мексик таслав.
Эцэст нь 2007 онд Иракт энгийн иргэдийн амийг хөнөөсөн хэргийн гол оролцогч, хамгаалалтын хувийн “Black water” компанийг үндэслэгч Эрик Принстэй “стратегийн холбоо” тогтоосноо 2025 оны гуравдугаар сард Нобоа зарлажээ. Тэмдэглэхэд, Луиса Гансалес нь 2007-2017 онд Ерөнхийлөгч байсан Рафаэль Корреагийн залгамжлагч юм. Санал хураахын өмнөх өдөр Нобоа 24 мужийн долоод онцгой байдал зарласан нь сонгуулийн дүнд нөлөөлсөн, эсэх нь одоо тодорхойгүй байгаа. Олон улсын ажиглагчид Нобоагийн ялалт байгуулсан сонгуулийг “тун хэвийн болсон” гэж урьдчилан дүгнээд байгаа юм.
Р.Жаргалант