Монгол Улсад кино урлагийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Монгол кино судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн багш, доктор Ч.Отгонбаяр “Монголын уран сайхны киноны сэдвийн хувьсгал: Давтамж ба хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр “Монголын уран сайхны киноны сэдэв нь түүхэн нөхцөл, нийгэм болон хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлттэй уялдан хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Ингэхдээ 1936-1989 онд түүх, хувьсгал, ёс суртахуун, ажил хөдөлмөр, гэр бүл зэрэг нийгмийн үзэл суртлын чиг баримжаа олгох сэдвүүд давамгайлж байв. Үүнээс хойш 1990-2009 онд хувь тавилан, хөгжилтэй явдал, гэмт хэрэг, сүнс, чөтгөр зэрэг сэдэв нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, хүний амьдралын эрээн барааныг харуулсан агуулга давамгайлсан байна. Харин 2010-2024 онд хайр дурлал, гэр бүлийн зөр¬ чил, гэмт хэрэг, аллага, цус сорогч, бэлгийн чиг хандлага зэрэг хувь хүн төвтэй сэтгэл зүйн драмд суурилсан өгүүлэмж илүү давамгайлжээ” гэсэн юм.
Мөн Польшийн Лодзь хотын их сургуулийн Филологийн факультетын Кино, дуу, дүрсний мэдээллийн тэнхимийн дэд профессор Пиотр Ситарски Монголын орчин үеийн триллер киноны талаарх сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр Монголын кино урлагийн зах зээл хэдийгээр жижиг боловч дэлхийд өрсөлдөх чадвартай, эрчимтэй хөгжиж буйг онцолсон юм. Түүнчлэн БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн Кино урлагийн тэнхимийн ахлах профессор Парк Киён кино урлагийн тогтвортой хөгжилд чиглэсэн бодлогын санал, зөвлөмжийг танилцууллаа.
У.Цэцэг