“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага 2022 оноос хойш өрнүүлж буй “Төсвөө мэдье, төсвөө мөшгөе” цахим нөлөөллийн аяны хүрээнд “Сэлбэ сэргэлт” төслийн хөрөнгө оруулалт, төсөв, төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийснээ өчигдөр танилцууллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эл төслийн талаар илт зөрүүтэй мэдээллүүд түгээж буй бол ажлыг нь хариуцагч төрийн байгууллагынхан сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагааны зардал, үр дүнгийн тайлан зэрэг хамгийн чухал датануудыг нээлттэй мэдээллийн санд байршуулалгүй нуун дарагдуулсныг тэд илрүүлжээ.
Холбогдох албаны хүмүүс Сэлбэ, Дунд голын үерийн далантай холбоотой асуудлаар энэ сарын 8-нд мэдээлэл хийхдээ “Усны барилга, байгууламжийн зураг төслийг “Престиж инженеринг” компани гүйцэтгэсэн бол одоогийн бүтээн байгуулалтыг “Билгүүн Монгол констракшн” 20 тэрбум төгрөгөөр хийж байгаа” гэж зарласан. Үүний дагуу тус хоёр компанийн нэрээр оролцсон, шалгарсан тендерийн мэдээллийг шүүж үзэхэд “Сэлбэ сэргэлт” төсөлтэй холбоотой зүйл огт байгаагүй гэнэ. Түүнчлэн үерийн хамгаалалтын далан барих ажлын гэрээ байгуулсан, эсэх нь тодорхойгүй, ажлын даалгавар нь www.tender.gov.mn сайтаас олдоогүй аж. Төслийн нийт санхүүжилт 400 тэрбум төгрөг гэх боловч үүнийг олон хэсэг, жижиг ажилд хувааж, тодорхойгүй байдал, төөрөгдөл үүсгэж байгааг тэд онцлов. 19.5 тэрбумын санхүүжилттэй далангийн ажлаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн “Билгүүн Монгол констракшн” гэхэд эхний удаа 1.9, энэ онд 1.2, нийт 3.1 тэрбум төгрөгийг тус тус аваад буйг тэд баримттайгаар мэдээлэв.
Ж.Сувд