Бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүд, багш нарын шандсыг чамгүй шавхдаг “Эдүтэн” системийг интернэтгүй орчинд ажиллуулахаар шинэчлэл хийж буйг Боловсролын яамнаас мэдээллээ. Финландын Туркугийн их сургуулийн эрдэмтдийн хөгжүүлсэн “Эдүтэн” хэмээх хиймэл оюун ухаан, тоглоомын арга зүйд суурилсан математикийн энэхүү цахим платформыг улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд туршиж, 2023-2024 онд III-IV ангийнхны сургалтад нэвтрүүлсэн билээ. Харин энэ хичээлийн жилээс бага ангийнхныг тус сургалтад бүрэн хамруулаад буй. Гэвч “Эдүтэн” нь заавал интернэттэй орчинд ажилладаг нь сурагчдын тэгш хамрагдах боломжийг хязгаарлах болсон тул шинэчлэл хийж буйгаа систем хөгжүүлэгчид хэлсэн.
Цахим системийн мобайл аппликейшн, багшид зориулсан арга зүйн удирдамжийг дахин шинэчлэн боловсруулахаар “Эдүтэн”-ий олон улсын хамтын ажиллагаа хариуцсан албаны дарга Макке Леппанен, программист Тээмү Ражала нар манай улсад ажиллаж байна. Тэд платформыг ашиглах явцад тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх, тэр дундаа интернэтгүй орчинд ажиллуулах тохиргоо хийх, мөн багш нарыг математикийн олон улсын сургалтын арга зүйгээс суралцуулах, түүнийг хэрэгжүүлэх боломжоор хангаж байгаа аж.
Н.Гэгээ